Ц.НЯМДОРЖ: Хэрэг хилсээр шийдэгджээ гэдэгт одоо би 150 хувийн итгэлтэй болчихоод явж байна
Эрүүдэн шүүсэн бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний ярьснаас товчлон хүргэж байна
Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хохирогчдын ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйж байна. Энэ хэргийн ар талд гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа.
Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаруй болж байна. Энэ хоёр хүн хоригдоод нийт дүнгээрээ 3,8 жил болж байна.
Хамгийн сүүлд Содномдаржаагийн ээж хүүтэйгээ уулзахаар ирэхэд нь прокурорын зөвшөөрөлгүй гээд уулзуулаагүй буцаасан. Гэтэл хууль жуоамд ийм зохицуулалт байхгүй. Дээрээс хэнтэй ч бүү уулзуул гэсэн чиглэл өгсөн байсан.
Энэ мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна.
-Тагнуулын ажилтан хоригдсон нь бичлэгтэй холбоотой юу?
-Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Энэ бичлэгийг сервер дээрээс нь сэргээсэн. Ийм бичлэгийг хэн ч хаана ч зохиох боломжгүй. Та нар нүдээрээ үзсэн учраас ойлгож байгаа байх. Ийм юм болсонд хүмүүс итгэхгүй байсан.
-Содномдаржааг хоол идээд сууж байхад нь “Чи хоолоо идэж байна уу” гэхчлэн мессеж бичдэг байсан. Тэгэхээр энэ мессежийг хаанаас бичээд байсан хэрэг вэ?
-Одоо Амгаланбаатар юу ярьдаг вэ гэхээр би гар утсыг ашиглаж чаддаггүй хүн. Би тэр мессежийг чинь бичиж чадахгүй гэдэг. Энэ хүн чинь сургуулиас гарчихсан хүн. Гэтэл тэр мессежийг дандаа крилл үсгээр нэг ч алдаагүй бичсэн байдаг.
-Хэдэн аймагт стандартын бус шорон байна вэ?
-Шоронгууд бүгд нэг стандартын. Сараалжин хаалгатай. 2000 оноос хойш шоронгийн подвалыг ашиглахыг хориглосон. Хорих байруудад ийм юм болгохгүй гэж камерийн системтэй болгосон. Энэ бүх ажиллагааг УЕП-ын орлогч Эрдэнэбат гэдэг хүн гардан хийсэн. Хуулийн байгууллага гэдэг чинь 4 давхар хяналтын шүүлтүүртэй байдаг. Гэтэл эдгээр хүмүүс үүнийг байхгүй болгосон.
-Сайд аа, Эрдэнбат прокурор болон Хурц нарыг шалгах юм байна шгэж ойлгож болох уу?
-Аль алийг нь шалгах ёстой. Гэхдээ өчигдөр халагдсан хүмүүсийн үед ийм шалгалт хийх боломжгүй байсан. Би тэр хүмүүст хэлж байсан. Энэ явдлаа шалгаа, та нар хүсэх юм бол хугас өдрийн дотор шийдэж болноо гэж хэд хэдэн удаа хэлсэн. Нэг нь ч хөдлөөгүй, асуудлыг хэлэлцээгүй.
-Энэ хэрэгт маш олон хүн хэлмэгдсэн. Зөвхөн ганц энэ хэрэг дээр Монголын цагдаа шүүх ажлаа хийж чаддаг юм уу гэсэн эргэлзээ гарч байна?
-Хэрэг гардаг орой 2 төрлийн алдаа гарсан. Нэгдүгээрт, хэргийн газарт маш олон хүн орооод гарсан. Ул мөр алдагдсан. хоёрдугаарт, хэрэг гарсны дараа хийх ёстой ажиллагаанууд хийгдээгүй. Өөрөөр хэлбэл хэрэг шалгадаг тэр алтан үеийнхээ юмыг хийж чадаагүй. Нөгөөтэйгүүр энэ хэрэгт ҮАБЗ оролцож эхэлсэн. ҮАБЗ ийм юманд ерөөсөө оролцож болдоггүй. Цаашдаа энэ хэргийг шалгахад асар их гай болох зохиомол материалууд хэрэгт их авагдсан.
-Таныг эрүүдэн шүүх сандал Хятадаас оруулж ирсэн гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ
-Энэ эрүүдэн шүүх сандал биш. 2011 оны үеийн явдал. Гар хөлийг нь чагталчихдаг. Хөдөө сумын хэлтсийн төлөөлөгчдөд хэрэгтэй. Үүнийг тухайн үеийн ЦЕГ-ын дарга Сандаг-Очир өөрөө явж авчирсан. Харин ч эрүүдэн шүүх бус согтуу хөлчүү хүмүүсийн амийг авардаг сандал.
-Эрүүдэн шүүх ажиллагаа болсоор байхад яагаад Та сайд байсан хүний хувьд арга хэмжээ аваагүй юм бэ. Д.Энхбат гэдэг хүнийг эрүүдэн тамалсан гээд байгаа ш дээ.
-Чадах чинээгээрээ арга хэмжээг авсаар ирсэн. Энхбаттай холбоотой асуудал бол надтай бус Тагнуулын байгууллагаа өөр дээрээ байлгаж байгаад нууцын журмаар хэргийг нь шийдсэн. Би энэ асуудлыг нууцаас гарга гэсэн шаардлага тавьж байгаа.
-Хэргийн захиалагчийн талаар ямар мэдүүлэг байдаг вэ?
-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд зөндөө байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.
-Эрх мэдэл авсан хүн бүр нэг сэжүүр гаргаж ирээд нэг өнцөг гаргаад ярьдаг болжээ. Хэн хэнд нь итгэхэд бэрх болжээ.
-Би ямар нэгэн оноо авах гэж ийм юм яриагүй. Миний философи ч ийм. Итгэх эсэх нь чиний асуудал. Энэ бол монгол хүний эрхийн асуудал, дахиад энэ газар шороон дээр ийм бузар булай юм гаргуулахгүйн төлөө асуудал юм шүү. Үүний төлөө энэ бүхнийг ярьж байна.
-Та олон жил Баттулга гэдэг хүнтэй таарамж муутай явж ирсэн. Харин одоо нэгдэж нийлчихээд байгаа юм шиг харагдаж байна.
-Бид хоёр нэг зүйл дээр л таардаг. Хулинд орсон асуудал Цэц дээр очоод нэг тийш болох байх. Би Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гээд дуугүй байж болох. Гэтэл систем нь ийм болчихоод байхад би дуугүй байх эрх байхгүй шүү дээ. Энэ асуудлыг сонгуультай холбож огт яриагүй шүү.
Эхлээд мэргэжлийн баримжаа байсан, дараа нь баримтууд гарт орж ирсэн. Хэргийг уншсан. Одоо хэрэг хилсээр шийдэгджээ гэдэгт 150 хувийн итгэлтэй болчихоод явж байна шүү.
-Энэ хэргийг зохиомлоор шийдсэн хүмүүс ямар харамж шагнал хүртсэн байдаг юм бол?
-Зоригийн хэргийг зохиомлоор шийдвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүс одон медаль цол, албан тушаал авсан. Хүн хилсээр хэлмэгдүүлж тамалсныхаа төлөө генерал цол авчихаад явж байна. Бүр ёстой юм шиг шагнал авсан, ёстой юм шиг ийм хэрэг шийддэг хэдэн прокурор шүүгчтэй болсон шүү дээ.
-Энэ хэргийг зохиомлоор шийдэх ямар эрх ашиг хэнд байсан юм бол. Магдагүй тэр хүмүүс чинь энэ хэргийг зохион байгуулсан юм биш үү?
-Би яг баримт нотолгоогүй учраас тэгсэн ингэсэн гэж хэлэх боломж алга. Уржигдар Элбэгдорж “Энэ хэргийн алуурчныг Нямдорж ямагт хамгаалдаг” гэж хэлсэн нь надад их сэжигтэй санагдсан шүү.
М.Нэргүй
URL: