Эрүүдэн шүүлт ил болж, С.Зоригийн гэх хэрэг задарсан долоо хоног

548

Долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүдийн хурлаар эхлэв. МАН-ын бүлэг С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн  талаар хэлэлцсэн бол АН-ын бүлэг ирэх сарын 5-нд жагсаал хийх товыг хуралдаанаасаа гаргасан юм.  Ингэснээрээ тус нам энэ хаврын синдромыг эхлүүлэхээ мэдэгдэв.

Өндөр хэмжээний зочид айлчлав

Улирч буй долоо хоног улстөрийн эрчимтэй огцом өрнөлүүдээс гадна өндөр хэмжээний зочид хүлээн авсан өдрүүд байлаа. Тодруулбал,  даваа гарагт  ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан бол Мягмар гарагт БНСУ-ын Ерөнхий сайд  Ли Наг Ён Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийв.

Эрхэмсэг зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээр хийв.

Хоёр орны Засгийн газрын тэргүүн нар монгол иргэдийн Солонгост зорчих визний нөхцлийг хөнгөлөх болон  БНСУ-аас олгох 500 сая ам долларын зээлийн  зориулалт, энэ хөрөнгөөр барих “Солонго”  түрээсийн орон сууцны  хорооллын бэлтгэл жилтай танилцав.

Ерөнхий сайд Ли Наг Ён монголчуудын визний асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэхээ илэрхийлсэн нь манай иргэдийн хувьд таатай мэдээл байлаа.

Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барилаа

Мягмар гарагт  Ерөнхийлөгч Х.Баттулга  Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад дагалдах хуулиудыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан нь гэнэтийн явдал болов.  Өргөн барьсан хуулийн агуулга нь Шүүх болон Прокурор, АТГ-ын удирдлагуудыг  ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хугацаанаас нь өмнө огцруулах эрх  зүйн үндэслэлийг бүрдүүлэх тухай байв.

Ийм хуулийн төсөл санаачлах шалтгааныг  “Хууль, шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрсэн нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна” гэжээ. Тиймээс ҮАБЗ зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан гэж байгаа юм.

 Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл батлагдлаа

Энэ хуулийн төсөл өргөн баригдснаар УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг сунгах болсноо  УИХ-ын дарга  Г.Занданшатар мэдэгдсэн.  Ингээд  хуулийн төслийг  мягмар гарагт МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжснээр  ХЗБ-ын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.  Улмаар УИХ  лхагва гарагт нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж,   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар анхны өргөн барьсан хэлбэрээр нь баталлаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан “Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэсэн саналыг УИХ-ын гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн юм.

Мөн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 90 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Дээрх хуулмйэ эцсийн хэлэлцүүлгийн үеэр  эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсн бичлэгийг УИХ-ын гишүүд эд үзүүлсэн юм.

УИХ-ын ээлжит бус  чуулган өндөрлөв

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн эрх зүйн байдлын болон бусад дагалдах хуулийг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган Лхагва гарагт  хаалтаа хийв. Ээлжит бус чуулганаар нийтдээ найман асуудал хэлэлцэхээр товлосон. Тодруулбал, Татварын багц хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, тендерийн хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, АТГ-ын дарга, дэд дарга, Ерөнхий прокурорын орлогчийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч энэ удаад хууль хүчний байгууллагуудын томилгоог хийсэнгүй.

Түүнчлэн ээлжит бус чуулган Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар баталлаа. Хуулийн шинэ зохицуулалтаар төрийн тендерийг зохион байгуулах агентлагтай болох юм.

УЕП  М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг огцрууллаа.

Пүрэв гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж УЕП  М.Энх-Амгалан болон орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа.

Мөн энэ өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасан учир түүнийг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргалаа.

Харин энэ удаад АТГ-ын дарга болон дэд дарга нарыг огцруулах асуудал яригдаагүй байна. Тэднийг огцруулах чөлөөлөх асуудлыг  ирэх сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганы үеэр яригдах бололтой.

Нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхийлөгч  АТГ-ын  даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд дахин  санал оруулах шийдвэр гаргахаа мэдэгдээд байна.

Мөн Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хүргүүлсэн саналаа эгүүлэн татлаа.

Г.Хантулга


URL:

Сэтгэгдэл бичих