Зоос банкны хэрэгт Ж.Чуданжий тунаж үлдэв
Зогсолтгүй эргэх хүчний бэлгэдэл “Зоос” банк дампуурлаа зарлаад гурав дахь жилийнхээ босгыг давлаа. Чанаргvй зээл их хэмжээгээр гаргаснаас ийнхүү хаалгаа барьсан гэгддэг “Зоос” банк өдгөө Төрийн банк болсон. Тусбанк төлбөр гvйцэтгэх чадваргүй болсон учраас Монголбанк хуулийн хүрээнд татан буулгаж, Төрийн банкийг байгуулсан билээ.
Томоохон зээлдэгчдээсээ болж дампуурсан гэх “Зоос” банкийг улс төрийн зорилгоор үгүй болгосон гэх яриа ч бий. Түүнчлэн 100 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг харилцагчдадаа учруулсан гэх мэдээлэл ч “Зоос”-ыг дагадаг. Удтал олны хэл амны бай болсон “Зоос”-ын удирдлагуудын хэрэг прокурорын хяналтаас шүүхэд шилжээд долоо хонож байна.
Эл хэрэгт “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий болон ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, 113 дугаар салбарын захирал асан Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга асан Н.Сэлэнгэ, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгаж байсан. Гэвч хэргийг шалгах явцад Н.Сэлэнгэ, Ж.Алтанцаг нарын хэргийг тусгаарлаж, хоёр салгасан юм.
Нөгөө хэсэг болох Ш.Чуданжий болон Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн, Л.Пүрэвдорж нарт холбогдох хэргийг саяхныг болтол шалгаж байсан. Гэтэл уг хэрэгт хяналт тавьсан хяналтын прокурор нь хэргийг шүүхэд шилжүүлэхдээ тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг нь шүүхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, Л.Пүрэвдорж, Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Чуданжийг дангаар нь яллагдагчаар татсан байна. “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт дээр дурдсан нэр бүхий хүмүүс гар бие оролцон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр нэлээд удаан хугацаанд шалгагдсан.
Он цаг хуучрах тусам эл хэрэгт нэр холбогдогсдын тоо цөөрч, хэргийг эцэслэн шийдэх сүүлийн шат буюу харьяаллын дагуу шүүхэд шилжихийн өмнө ийнхүү Л.Пүрэвдорж, Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн нар “мултарч” үлдлээ.
Ингэснээр хэргийн эзнээр тунаж үлдсэн Ж.Чуданжийд хэрхэн шийтгэл ногдуулах нь таавар хэвээр үлдэж байна. Хөшигний ард үлдсэн эрхмүүдийн “ланчигийг” үүрэх даалгавартайгаар энэ бүсгүй тунаж үлдсэн ч байж болох. Ямартаа ч хэд хэдэн залуустай зэрэгцэн шалгагдаж байсан бүсгүй “Зоос”-ын гэх томоохон дуулиан дагуулсан хэргийн асуулт дагуулсан бүхнийг үүрч үлдэхээр болж байна.
Одоогоор түүний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянаж буй. Түүнийг хэчнээн зүйл ангиар хэрхэн яллахыг шүүх эцэслэн шийднэ. Түүнчлэн нөгөө хэсэг болох “Зоос” банкны гэх тодотголтой хавтаст хэргээс тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Учир нь хэрэгт дахин шинжээч томилох, уг хэрэгт холбогдуулан өөр хүнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай эсэхийг шалгах, компанийн хөрөнгийг дансандаа байршуулсан нь зөв эсэхийг Монголбанкаар гаргуулах зэрэг асуудлыг шалгах шаардлагатай хэмээн үзсэн.
Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгө завшиж, их хэмжээний хохирол учруулсан, 233.2 буюу хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн хэрэгт буруутгаж буй. Харин Ш.Чуданжийг банкны хууль тогтоомж зөрчин, 70 тэрбум төгрөгийн найдваргүй зээл олгож, “Зоос” банкийг дампууруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150.3,156.3-т заасан үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм.
Одоогоор байгуулсан банкаа эдгээр нэр бүхий удирдлагууд нь үнэхээр дампууруулсан эсэх нь таавар хэвээр байна. Дээр дурдсанчлан эдгээр эрх мэдэл бүхий хүмүүс “Зоос”-ын дампууралд үнэхээр буруутай нь нотлогдвол торгуулиас өгсүүлээд дээд тал нь тав хүртэлх жилийн ял ногдуулах хуулийн заалт бий.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: