“Эрүү шүүлтийг тэсэхгүй болтлоо бие нь муудсан Д.Энхбатыг нууц задруулсан хэмээн өмгөөлөгчтэй нь хамт ялласан”
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээс гэм буруутаад тооцож, ялын дээд хэмжээг оноож, ял эдлүүлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн юм. Эл хэрэгтэй холбогдуулан тагнуулын хоёр ажилтанг хорьж, шалгаж байна.
Улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ил болгох шийдвэрийг гаргасан.
Гэвч прокурорын байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт албан бичиг илгээж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэж болохгүй гэдгийг уламжилсан байна. Энэ дагуу ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохгүй байхаар шийдсэн юм.
Эл хэрэгтэй холбоотойгоор Хуульзүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийх үеэрээ ТЕГ дарга асан Б.Хурцыг шалгах ёстой хэмээн мэдэгдлээ.
Мөн дээрх хэрэгт сэжиглэгдэн хулгайлагдаж, хоригдсон гэгддэг Д.Энхбатын хэрэг дахин сөхөгдөх бололтой.
Тодруулбал, одоогоос 10 гаруй түүнийг Францын нутаг дэвсгэрээс манай улсын тагнуул болон холбогдох хууль, хяналтын байгууллагын ажилтнууд хулгайлж авчран улмаар эрүү шүүлтэнд орж эрүүл мэнд нь муудсанаар амиа алдсан юм.
Тухайн үед Д.Энхбат агсны үр хүүхдүүд хэргийг замхарч байгаад ихээхэн санаа зовниж, Францын Засгийн газар болон Европын холбооны хууль хяналтын байгууллагуудад удаа дараа хандсан байдаг.
Үүнтэй холбоотойгоор Франц улсаас Д.Энхбат агсны хэргийг зохион байгуулсан “эзэн”-ийг олж нэг мөр шийдэж, нэр төрийг нь сэргээлгэх талаар манайд шахалт үзүүлсэн зэрэг мэдээллүүд цацагдаж байв.
Энэ талаар болон болж өнгөрсөн үйл явцуудын тухай түүний өмгөөлөгч байсан Л.Санжаасүрэнтэй 2013 оны тавдугаар сарын 8-нд хийж байсан ярилцлагыг дахин хүргэж байна.
Тухайн үед түүнийг өмгөөллийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө өмгөөлөл үзүүлэх эрхийг нь хасаж, Монгол Улсын шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял оногдуулсан билээ. Тэрбээр ялынхаа талаас илүү хувийг өөрийн биеэр эдлээд хүний эрхийн гадны олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шоронгоос суллагдсан юм.
-Таны үйлчлүүлэгч байсан Д.Энхбат агсны хэрэг дахин сөхөгдөх боллоо.
-Тухайн үед энэ хэргийн өмгөөлөгчөөр миний бие ажиллаж байсан.
- Та энэ асуудалд хамгийн их анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлж, бүр хохирч байсан хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
- Би өмгөөлөх эрхээ хасуулаад бараг арваад жил боллоо. Энэ хэрэг гэгчийн талаар энд тэнд гарч байгаа зүйлийг сонирхохгүй байна. Ихэнх нь үнэнээс их хол. Хэрвээ үнэнийг мэдье гэвэл, Францаас хүн хулгайлсан хэрэгт холбогдох материалыг Монгол Улсын төрийн нууцын тухай хуульд заасан жагсаалт-зэрэглэлээс хасах шийдвэрийг төр засаг гаргавал үнэн тодорно.
Тэр үед болсон үйлдэл болгон цаг хугацаа, орон зай, үйлдсэн эзэд нь үнэнээрээ илчлэгдэнэ. Мэдээж Д.Энхбатыг төрийн нууц задруулсан гэж шийтгэсэн нь хилс хэрэг байсан.
-Та ихэнх мэдээллийг үнэнээс их хол гэж байна. Тэгвэл үнэн, бодит байдлын талаар тантай ярилцмаар байна?
-Одоо бол хулгайлсан гэх Б.Хурц, хэрэгтэн гэх Д.Энхбат, өмгөөлсөн Л.Санжаасүрэн л буруудаж, Франц Герман, Монгол Улс дамнаж зохион байгуулсан хүн хулгайлсан онц аюултай гэмт хэргийн хамаг булхайг үүрч, нийгэмд олон өнгөөр хэмжигдэж байна.
Үнэндээ Д.Энхбатыг Франц улсаас “хулгайлж” Монгол Улсад авч ирсэн үйл явдал нь төр засгийн их өндөр түвшинд зохион байгуулагдсан гэж би ойлгодог.
Өөрөөр хэлбэл, сэдэж, хэрэгжүүлсэн. Сэдэж, хатгаж, төлөвлөж, гүйцэтгэж, хамжиж, тусалж, ул мөрийг арилгаж, нуун далдалсан гэх мэт үйлдэл бүхнийг гүйцэтгэсэн субьект байгаа. Угаасаа ийм л асуудлыг зохион байгуулалттай үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үздэг.
Ийм зохион байгуулалттайгаар миний үйлчлүүлэгчийг олон улсын болон Монгол Улсын хуульд үл нийцсэн аргаар баривчилж авчирсныг “хулгайлж” гэсэн мэдээлэл өмгөөлөгч хиймэгц л Монгол Улсын ерөнхийлөгч “мэдээгүй” гэсэн “няцаалт” засаглалын нэг түшмэл яаруу сандруу хийгээд сүүлд нь амаа хамхисан.
ЦЕГ нь бид авчирсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр “том том” дуугарч, эцэстээ бид огт оролцоогүй гээд мөн л таг чиг болсон. Ингээд анх үгүйсгэж байсан ТЕГ нь сүүлдээ Д.Энхбатыг авч ирсэн болж таарсан. Эндээс л зохион байгуулагдсан гэх утас хөвөрдөг юм даа.
-Үүнийг хүмүүс мэддэггүй шүү дээ. Харин Д.Энхбат агсны хэргээр хэдэн жилийн өмнө одоогийн АТГ-ын дэд дарга Б.Хурц Германд саатуулагдсан. Б.Хурц ер нь энэ хэрэгт яг ямар холбоотой вэ?
-Би Б.Хурц гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй. Гардан гүйцэтгэсэн гэсэн олон хүн бий. Эдний дотроос ганцхан Б.Хурцын талаар Монгол, Англи, Германд багагүй яригдсан байгаа. Ер нь яагаад ганцхан Б.Хурц гэдэг хүнийг онцолж яриад байгаа юм бэ, энэ нь өөрөө асуудал шүү дээ.
Д.Энхбатын хэрэг гэгчид МИАТ, ТЕГ, ЦЕГ, Дипломат алба, Германд Элчин сайд байсан Д.Тэрбишдагва, хил, гааль, шүүх, прокурор гэх мэт албадын ажилтан, албан тушаалтнууд оролцож, өөрсдийн төрийн өмнө хүлээсэн эрх, үүргээ хуульд үл нийцсэн үйлд санаатай, санамсаргүй ашигласан мэт харагддаг.
Тэгэхлээр үүнийг ганцхан Б.Хурц зохион байгуулах боломжгүй, тийм эрх мэдэл тэр үед түүнд байгаагүй болов уу.
Энэ хэргийг тухайн үеийн Ерөнхийлөгч огт “мэдээгүй, мэдээлэлгүй байсан гэсэн гадаад харилцааны Монхоон гэдэг ажилтны мэдэгдэл л “эзнийг” нь заалаа гэж би ойлгосон.
-Тэгвэл цаад эзэн нь хэн байсан юм бэ?
-Та заавал нэрлүүлэх гээд байна аа даа. Би өмнө нь тэр зохион байгуулсан гэх өндөр албан тушаал ажлын байрыг олон удаа хэлсэн. 2003 онд төр засгийн эрхэнд байсан МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр зохион байгуулсан гэж би үздэг.
Францад цагаачилж, архаг хууч өвчнөө эмчлүүлж байсан Д.Энхбатыг францаас хулгайлж, Бельги, Герман дамжуулж, Монголд нууцаар авчраад өмгөөлөгчийг нь шийтгэсэн 2003 оны явдал нь Монголд төдийгүй олон улс түгшээсэн ноцтой эрүүгийн баримт юм. Ямар ч гэм зэмгүй атлаа орон шоронд ордог ёс Монгол Улсад байдгийг дэлхийд харуулсан.
Энэ хариуцлагыг тухайн үеийн Ерөнхий сайд тэргүүтэй албан тушаалтнууд хариуцах ёстой. Ерөнхий сайд гэдэг өндөр дээд албан тушаал бол дархлагдсан эрх ямба биш, алдаа завхрал гаргахгүйн баталгаа, дагасан хатуу нэхэл.
Ерөнхий сайд Н.Энхбаяр л Монгол Улсын цагдаа, тагнуул, дипломат, хил, гааль, МИАТ, бас прокурор шүүхийн нэр бүхий ажилтныг зохион байгуулж, Д.Энхбатыг хулгайлж авчирсан байж болох нь олон баримтаар нотлогддог. Эндээс л хулгайлж авчирсан юм уу, эсвэл төр засгийн албаны зохих түвшинд тохиролцож авчирсан уу. Хэрвээ тохиролцсон бол төр засаг яагаад таг чимээгүй байсан бэ гэдэг асуулт бий….
-Төрийн өндөр албан тушаалтнууд холбоотой уг хэрэгт Б.Хурц гэсэн ганцхан хүн дээр олон нийтийн анхаарлыг санаатайгаар татсан гэж ойлгож болох уу. Та нотлох баримтуудын талаар жаахан тодруулахгүй юу?
-Интерполд асуудал тавьж байсан гэсэн ЦЕГ-ын мэдээлэл сонирхол татдаг. Гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй үнэн болохыг яг нотлох баримт шаардаж, хүлээн авч, үзэж байж л сая л үйл ажлаа эхэлдэг нь интерполын ёс.
Харин нотлох баримтгүй сэжгээр шууд баривчилдаг нь монгол эрүүгийн арга барил. Ингээд л интерполд хүсэлт тавьсан ч нотлох баримт шаардахаар нь шууд л Монголчууд хулгайлсан байдаг.
Франц аваад явахыг “зөвшөөрсөн” мэт, Герман авч явахад нь “тусалсан” мэт сэжгүүд бий. Тэгээд л С.Зориг алагдсан хэрэгт Д.Энхбат огт хамаагүй болонгуут л Франц, Герман дуугаа хураасан байж болох. Учир нь, Франц улсаас Д.Энхбатыг Монгол Улс хулгайлж байгааг интерпол зүгээр хараад л сууж байсан болж байна уу.
Германы “тусгай албаны удирдлага” Монголд гэнэт нисэж ирээд Н.Энхбаяртай уулзаад буцсан нь тохиолдол уу. Германы онгоцны буудал дээр “шар царайт” Д.Энхбатыг түрдэг тэргэн дээр суулгаад л гүйгээд байсан нь тохиолдол уу.
Ер нь Франц, Герман, Монголын “учир” мэдэх ажилтнууд С.Зоригийн алчуурчинг олсон гэж улайрч, санаачлан сэдэгч, хатгагчийн зохиолд итгэж, амласан 500 сая төгрөгт нь шунаж, Д.Энхбатыг “гөрөөлсөн” чинь байдал биш болоод ирэнгүүт л арга барахдаа, эрүү шүүлтийг тэсэхгүй болтлоо бие нь муудсан түүнийг ТЕГ-ын нууц ажилтан “болгосон ч”, тохиолдсон явдлаа өмгөөлөгчдөө дэлгэж нууц “задруулсан” учраас л ярьсан сонссон хоёрыг ялласан юм даа.
Тэгээд л, овоо хараагаа Б.Хурц дээр тусгаж, олон улсын анхааралд шидэж орхиод л бусад гэмтнүүд нуугдсан гэж би боддог доо.
-Таны ярианаас надад гурван улс хэлэлцэж, хамтарсан юм шиг ойлгогдож байна?
-Д.Энхбат болон намайг цагаатгаад л энэ хэргийг дахин шалгавал болсон асуудлын үнэн олдоно гэдэгт би итгэлтэй байна. Яахав, ялтан болгон л өөрийгөө ямар ч гэмгүй гэдэг. Би ч огт гэмгүй атлаа Д.Энхбатын эсрэг зохиомол хэрэгт буруутгагдаж хилс шийтгүүлсэн. Одоо би л цагаатгуулмаар байна. Би үнэн гэмгүй байсан. Гэмээ нуусан гэмтэн би биш.
Би өөрөө, Н.Энхбаярын үед Монгол Улсад байсан тэр шударга бус ёс, тэр харгис дарангуйлал шийтгэлийг нь өөрийн биеэр амссан. Тэр гэмгүйг гэмтэн, гэмтэйг цагаан болгодог шударга бус хууль ёс тогтоомжийн хар зах, сэжүүр өнөөдөр ч үйлчилж байгаа. Үүнийг халах гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин маш идэвхтэй ажиллаж, ямар их саад бэрхшээлтэй тулж, УИХ-иар шийдүүлж эхэлж байгааг мэргэжлийн хувьд би мэдэрч байна.
Ямар аймшигт дарангуйллыг буй болгож, тогтоож барьж байснаа Н.Энхбаяр мэдэрч, ухаарч байгаа биз дээ. Энэ бол түүний барьсан байшин. Тэр үед жирийн иргэнд бол анхан шатны шүүхийн шийдвэр л вандан тас байсан.
Харин УИХ-ын гишүүн гэх юм уу, баян чинээлэг хүмүүст бол анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэр юу ч биш, дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал хүртэл заргалддаг байлаа шүү дээ.
Тэгээд л гурван шатны болон дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлын шийдвэр л гарсан тохиолдолд эрх мэдэлтэнд ногдох Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн УИХ-ын нэг зүтгэлтний “агуу” мэдэгдэл л Монгол Улсын шүүх засаглалд шударга бус ёс тогтсоныг хүлээж зөвшөөрсөн “акт” нь болсон юм даа. Харин одоо л нийгэмд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим мөрдөгдөж эхэллээ шүү дээ.
-Та Б.Хурцын асуудлаас тойроод яриад байх юм?
-Би Б.Хурцыг ярихаас эмээж, тойроод байх шалтгаан байхгүй. Зөвхөн буудсаныг нь бишээ, захиалсан эзнийг нь ол гэдэг үг монгол кинонд гардаг байх аа. Харин ч улам тодруулж, талийгчийг хордуулж, хэрэгт гүтгэж, үхэлд хүргээд ТЕГ-ын нууц “ажилтан” болгосон ТЕГ-ын хууль бус үйлдлийг Монгол Улсын төрийн нууцын жагсаалтаас хасаж өгөхийг УИХ-ын дарга, Ерөнхий прокурор, Дээд Шүүхийн дарга, ТЕГ-ын даргад тавих бодолтой байгаа.
Төр засгийн байгуулгын өндөр албан тушаалтны хуульд үл нийцсэн аливаа үйлдлийг шударгаар илчилсэн иргэнийг шийтгэж байхаар урьдчилан тооцож төрийн нууцын жагсаалтад оруулсан МАХН-ын өмнөх бодлогыг Ардчилсан нам л засгийн эрхэнд байхдаа халж, төрийн нууцын жагсаалтаас хасаж чадна гэдэгт би итгэлтэй байна. Яахыг цаг хугацаа харуулах биз ээ.
Төрийн нууцын жагсаалтаас энэ хэргийг хассан тохиолдолд л Н.Энхбаярын үүрэг даалгавар биелүүлэх тушаал гүйцэтгэж Д.Энхбатыг “хулгайлсан” үйлдлийг нотлох гэрчүүд үгээ ил тод хэлэх боломжтой. Гэвч одоо бол тэд улсын нууц задруулсан болно гэж айгаад байгаа юм.
Франц болон Тегелийн буудалд болсон гэх хоёр баримтыг энэ хэргийг гүйцэтгэгчид л гэрчлэх ёстой. Төр засгийн эрхэнд ардчилсан нам байгаа учраас “төрийн нууц” гэсэн эрх мэдэлт хүмүүсийн хуульд үл нийцсэн үйлдлийн гэрчлэх боломж байгаад би итгэж байгаа.
2004 онд шүүх хуралд, бид хоёр ямар ч хууль зөрчөөгүй, ямар ч гэм буруугүй, битгий шийтгээч, хэрвээ шийтгэвэл, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унах болно, Монгол Улсаа бодож намайг бүү шийтгээч гэж их гуйсан даа. Үүнийг хэрэгсэлгүй, “захиалгаар” шүүх намайг шийтгэсэн. Ямар үр дүн гарсан бэ гэхээр Монголын нэр олон улсын тавцанд унасан.
-Ярилцсанд баярлалаа
Г.Сүрэн
URL: