Н.Алтанхуяг даргыг унагах гэж тэрбум төгрөг цацсан уу

Өнөө маргаашгүй ЗТБХБ-ын сайдын ажлыг өгөхөөр буй Х.Баттулга гишүүн АН-ын дарга Н.Алтанхуягийг унагаж, оронд нь өөрийгөө залруулахын төлөө тэрбум  төгрөг цацсан тухай мэдээ баттай эх сурвалжаас сонстов.

АН-ын ҮЗХ энэ сарын 11-нд хуралдсан шүү дээ. Тэгвэл 10-ны шөнө 02 цаг хүртэл Х.Баттулга тэргүүтэй хүмүүс хуралдаж, маргааш нь болох хуралдааныг хэрхэн бусниулах, намынхаа Их хурлыг хуралдуулах шийдвэрийг яавал гаргуулах вэ гэдэг хорыг найруулж сууцгаасан байна.

АН-ын ҮЗХ-ны гишүүд намынхаа даргыг хучээр авч хаях эрхгүй учраас Их хурлыг хуралдуулж байж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан юм. Тиймээс л Их хурлыг хуралдуулах уриалга гээчийг Х.Баттулгын хүмүүс бэлдчихсэн авч ирж, бусдыгаа уриалан дуудаад байсан юм билээ. Харамсалтай нь хөдөлвөл хөлс болсон энэ цаг үед Х.Баттулга эдгээр хүн хүчийг ажиллагаанд оруулахын тулд ганцхан шөнийн дотор чамгүй хөрөнгө цацсан гэх сураг байна.

Тодруулбал хурлын үеэр Н.Алтанхуяг дарга руу илт ширүүн дориунаар дайрч давшилсан хүмүүс бүгд шахуу Х.Баттулга сайдаас «авлига» авсан гэнэ. Тэрбум орчим төгрөг тарааж, Н.Алтанхуяг сайдын нэр хүндийг унагах, цаашилбал намын даргаас нь буулгахаар зорьж, Х.Баттулга сайд намын дарга болчихвол өөртөө хүчин зүтгэсэн хүмүүст сонгуульд нэр дэвших квот олгоно хэмээсэн аж.

Тэгэхээр саяхан болоод өнгөрсөн АН-ын ҮЗХ-ны хурлын үеэр намын бусад нөхөд нь хорчингуудынхаа нөлөөнд амархан автсан бол хэдэн төгрөг халаасалсан гол дүрийн хүмүүс ирэх сонгуулиар ямар ч шалгуургүйгээр нэр дэвших эрхээ өвөртлөх ёстой байжээ. Х.Баттулга сайд тухайн үед 100 хүнийг өөртөө үйлчлүүлэхээр «хайрцагласан» байсан гэх боловч яг хурал болдог өглөө яагаад ч юм 60 гаруйхан нь ирцгээсэн гэж хүртэл сонсогдсон.

Мөн Х.Баттулгын хүн гэгдэх Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж «Энэ хурал надад таалагдахгүй байна» гэдэг шалтгаанаар хурлыг хаяж гарахдаа «Би үүргээ гүйцэтгэсэн шүү» гэдэг үгийг Х.Баттулгад хэлсэн нь бүх нийтэд дуулдсан. Энэ мэт зарим шалтгааны улмаас Х.Баттулга сайдын хорчин төлөвлөгөө ямар ч байсан бүтэлгүйтжээ. Хайран мөнгө, хайран нэр төр.

С.Ундруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих