Багш нарын илүү цагийн мөнгийг олгохыг шаардлаа
Багш нарын илүү цагаар ажилласны хөлсийг хасч олгож буй талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.
Боловсролын салбарт ажиллагсад ажлын онцлогоос хамаарч илүү цагаар ажилладаг байна. Гэтэл илүү цагийн хөлсийг нь Засгийн газрын 382-р тогтоолоор хязгаарлах шийдвэр гаргасан. Уг тогтоолыг БШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хэлэлцэж, өөрчлөхийг шаардаж байгаагаа илэрхийллээ.
Боловсролын салбарт ажиллагсад яагаад илүү цагаар ажиллах шаардлагатай байдлыг бүгд мэднэ. Ердийн цэцэрлэг өдөрт 10 цагаар ажилладаг. Ингэж өглөөнөөс орой хүртэл олон цагаар ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийн хөлсийг олгохгүй байгаа явдал гарч байна.
Тиймээс Засгийн газраас 382-р тогтоолыг үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцэж, өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал, цэцэрлэгийн багш сард дунджаар 42 цаг илүү ажилладаг. Сард 797 мянган төгрөгийн цалин авдаг. Уг цалингийн 300 орчим мянган төгрөг үндэслэлгүй хасагдаж байгаа юм.
Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн багш нар хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байх үүднээс тухайн хичээлийн багш нь илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Багш нар долоо хоногт 19 цагийн хичээл заах нормтой байдаг. Гэтэл багш нар 25 цаг хичээл заах шаардлага гарвал багш заахгүй гэх эрхгүй. Энэ байдлаар илүү цагаар ажилласан багш нар илүү цаг ажилласныхаа хөлсийг авах шаардлага гардаг. Үүнийг үндэслэлгүйгээр хасах зохицуулалт оруулснаар боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтнуудын эрх ашгийг зөрчиж байна.
Тиймээс Засгийн газраас шинээр цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар ямар нэгэн журам шинэчлэн батлахдаа ҮЭ-ийн байгууллагатай зөвшилцөж байх шаардлагатай байна” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг ярилаа.
Мөн Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Саранцэцэг хэлэхдээ “382-р тогтоолтой холбоотой асуудлаар сар гаруй хугацаанд өөрчлөхөөр хөөцөлдөж байна. Ингэх явцад төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байна. Нэгдүгээр сард Баянгол дүүргийн дөрвөн цэцэрлэгийн багш нарынхаа илүү цагийн мөнгийг хасч олгож эхэлсэн. Хоёрдугаар сард Баянгол дүүргийн бүх цэцэрлэг илүү цагийн мөнгийг хассан. Үүний дараа Чингэлтэй дүүргийн цэцэрлэг мөн адил хасч эхэлсэн. Энэ сард Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргээс бусад нь илүү цагийн мөнгө хасч олгосон. Төрийн сангийнхан ажлаа мэдэхгүй байна. Яагаад гэхээр хүн хийсэн ажлын хөлсийг авах ёстой” гэв.
URL: