Эрүүдэн шүүсэн хаалттай бичлэгийн талаарх гишүүдийн байр суурь: Хүнийг яргалах замаар хилсээр ял тулгасан байна

528

УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө.Хууль зүйн байнгын хорооноос хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр болгох санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь дэмжлээ.

Хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь дэмжиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

Мөн Прокурорын тухай хуульд болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж батлагдлаа.
Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс өмнө С.Зориг агсны хэргээр яллагдсан яллагдагч нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын гишүүдэд хаалттай байдлаар   Төрийн ордны А танхимд уг бичлэгийг үзүүлсэн билээ.

 Прокурор С.Зориг агсны хэрэгтэй холбоотой материалыг татаж авсан байгаа аж. С.Зориг агсны хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг байцаахдаа эрүүдэн шүүсэн зургаан өдрийн бичлэгээс 20 минутын хэсгийг л өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлжээ. Бичлэг Урьдчилан хорих 461-р ангид хийгдсэн байна. Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа шоронгийн бүх өрөөг камержуулсан нь өнөөдрийн бичлэгийг үлдэхэд хүргэжээ. Гэхдээ хуулийнхан устсан бичлэгийг сэргээсэн байна.

Бичлэгийг үзсэн Гишүүдийн байр суурийг хүргэе

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Үнэхээр аймшигтай, эмгэнэлтэй Монголын түүхэнд хараар бичигдэх өдрүүд байна. Ард түмний нэг хэсэг хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор байна. Өнөөдөр хууль тогтоогч 75 гишүүн ард түмнээс уучлалт гуйх ёстой. Үнэхээр энэ хүмүүсийг тамласан хүмүүс хуулийн дагуу хамгийн дээд ялыг хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгож мэдэх хуулийг баталж болохгүй. Ярилцаж байгаад энэ хуулийг дэмжсэн ч чоно борооноор гэдэг шиг юм болох вий.

Эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал батлагдвал ҮАБЗ хуулийнхныг чөлөөлж болох асуудал дээр санал нэгдсэн. Гэтэл одоо Хуульт засаглалыг үгүй хийж мэдэх хуулийг батлах гэж байна.

Бусад улс оронд бие даасан хараат бус шүүхээм хэн нэгэн дарангуйлагчид өгсөн гашуун түүх бий. Дарангуйлагчийн тогтолцоо руу шилжих хуулийг баталчих вий гэхээс эмээж байна.

Монгол Улсын 512 шүүгчийн асуудал яригдаж байхад ШЕЗ дуугүй сууж байгааг гайхаж байна.

Хууль зүйн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг хийсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр дараа нь үг хэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсон гэж ард иргэд ярьж байна. Монгол залууд хэрэг хүлээлгэхийн тулд өтгөн, шингэнтэй ус асгаж байхыг харлаа. Хэрэг хүлээлгэхийн тулд ээжийнх нь хашаа руу цогцос шидэж байхыг харлаа, 21 дүгээр зууны Монголд.

ҮАБЗ хууль хяналтын байгууллага дээр онц дэглэм тогтоож, гартаа авах цаг нь болсон.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
“Бичлэгийн дараа мэдээж ийм харгис, хэрцгий, эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, эсвэл үүнийг хөхүүлэн дэмжсэн, зогсоох ёстой байтал зогсоогоогүй хүмүүст нь хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл оноох ёстой. Мөн хэрцгий балмадаар хилс хэрэгт гүтгэгдээд яллагдсан хүмүүсийг хуулийн байгууллага дахин хэлэлцэж, яаралтай суллаж, энэ хүмүүсийг ар гэртэй нь бушуухан уулзуулж, монголын төр уучлал гуйх ёстой. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, яагаад ийм алдаа дутагдал гарав гэдэгт УИХ дүгнэлт хийх хэрэгтэй”

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
“Хүнийг яргалах замаар хилсээр ял тулгасан байна. Хүнийг нойргүй хонуулж, явган суулгаж, суниалгаж, өөр ялтныг оруулж, тэр дундаа эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, албаар ял тулгаж байгаа бичлэг байна. Үүнийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Олон нийтэд шууд задлахыг бас бодолцох ёстой. Энэ нь хуулийн хяналтын байгууллагын нэр хүнд, төрд итгэх итгэлтэй холбоотой асуудал. Ард түмнээс нууж байгаа юм биш. Гэхдээ зайлшгүй шаардлага гарвал үзүүлэх боломжтой. Нууцаас гарсан бичлэг. Үндсэндээ жил гарны бичлэгийн эхний зургаан өдрийн бичлэг. Нотлох баримтаа устгасныг сэргээсэн бичлэг. Мөн Д.Булгантай холбоотой ч юм уу бичлэгүүд байгаа. Үүнийг прокуророос зөвшөөрөөгүй учраас үзүүлэх боломжгүй. Цаашдаа ийм зүйл битгий болоосой гэж бодож байна”

Jirgee.mn


URL:

Сэтгэгдэл бичих