Жил бүр сонгуулийнх байгаасай
Их хурлын гишүүдийн хульхи нь бууж бараг л өглөө сэрэхэд чинь хувцаслаж өгөөд гаргах нь холгүй байдаг болжээ. Аргагүй шүү дээ. 6 сард тэд их шалгалтанд орно. ЕБС ийн дүрмээр бол их сургуульд орох уу үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ, Харин одоо байгаа зарим нь цаашид мастер докторт сурах уу үгүй юу?
Монголын архидалт яагаад буурахгүй байнаа гэсэн нэг асуулт байдаг. Хариулт нь бүүр энгийн. Их хуралд архичид байдаг учраас. Яагаад архичин гэж хэлэх болсоноо эхлээд тайлбарлах нь зүйтэй байх. Гутал хийдэг хүнийг ГУТАЛЧИН гэдэг, харин гутлаа янзлуулж байгаа хүн бол гуталчин биш. Бас талх худалдан авагчийг биш харин талх барьсан хүнийг ТАЛХЧИН, уран гартаныг ГАГНУУРЧИН, ОЁДОЛЧИН гэж нэрлэдэг.
Өнөөдөр их хуралд суугаа эрхэм төрийн түшээд гудамжинд архи уусан хэвтэж байгаа хүмүүсийг АРХИЧИН гэж нэрлэдэг.Гэтэл угтаа бол архи үйлдвэрлэж байгаа хүн өөрөө АРХИЧИН байлтай. Жишээ нь УИХ-ын дэд дарга нь Архичин. Түүний дүү архичин. Дорнодоос сонгуульд нэр дэвшинэ гээд хамаг байдагаа Дорнод руу сэгсрээд эхэлсэн. Архи үйлдвэрлэхийн тулд их хуралд гарах уу, спирт найруулахын тулд их хуралд гарах уу гэдэг нь бас л эргэлзээтэй.
Хэдхэн хоногийн өмнө хотын захирагч архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 140 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэнэ. Тусгай зөвшөөрөлтэй тэмцлээ гээд үйлдвэрлэж гаргадаг тоо ширхэг хорогдох уу? Бизнесийнхэн тэр дундаа спиртийн, архины бизнесийнхэн улс төрд байгаа цагт архидалт хэзээ ч буурахгүй, архидалт хавтгайрсан газарт амьдрал яагаад ч аз жаргалтай, гэр бүл яагаад бүтэн байхгүй нь бидний өнгөрсөн он жилүүдэд туулаад ирсэн тодорхой жишээ. Тиймээс энэ жил иргэдийн сонголт мэргэн байж их хуралд архичдыг, тэдний хамсаатныг битгий сонгоосой. Архичдын тоо улс төрд нэмэгдэх тусам монголын ядуурал, архидал төдий чинээ өснө гэдэг нь эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн хуулиас ялгаагүй ойлгомжтой зүйл биш үү?
URL: