Хөнгөлөлтөд хамрагдах татвар төлөгчдийн буцаан олголтыг хэзээнээс олгох вэ?
Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. Тодруулбал, суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхэлсэн оюутнууд, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтоо авах бол орон сууц худалдан авсан иргэд гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм.
Татвар төлөгчдийн материалыг хүлээн авах хуулийн хугацаа нь хоёрдугаар сарын 15-нд дуусдаг бол энэ жил хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж тайлан болон хөнгөлөлт эдлэх материалуудыг хүлээн авчээ. Энэ хугацаанаас хойш Татварын алба татвар төлөгч иргэдийн тайланг бусад суутгагчдын тайлантай тулган шалгаж цахимаар боловсруулдаг байна.
Одоогоор татвар төлөгчдийн материалыг хянаж, шалгуур хангаагүй буюу орлогоо дутуу тусгасан, тайлангаа буруу ирүүлсэн татвар төлөгчдөд залруулах шаардлагатайг утсаар мэдэгдэн ажиллаж байгаа аж. Ингээд энэ сарын 27-ны өдөр гэхэд хөнгөлөлт эдлэхээр тайлангаа ирүүлсэн иргэдийн материалыг эцэслэн хянаж, Төрийн сан руу илгээхээр төлөвлөжээ. Төрийн сан буцаан олгох албан татварын жагсаалтыг хянаж үзээд олгох юм байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66 772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байгаагаас орон сууцны чөлөөлөлтөөр 34 868 иргэн 29.1 тэрбум, 31 904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.
Ах, эгч, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол тайлан өгөх боломжгүй
Хуульд зааснаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг, эх нь 10 хувийн буцаан олголтыг авах эрхтэй. Эсвэл тухайн оюутан нь суралцахын зэрэгцээ ажил, хөдөлмөр эрхэлсэн бол энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Харин сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлан өгсөн татвар төлөгчид илүү төлсөн татвараа бэлнээр нь буцааж авдаг учраас сургалтын төлбөрөөс хөнгөлүүлэх боломжгүй.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтын материалаа бүрдүүлээгүй, хөнгөлөлтөд хамрагдаагүй татвар төлөгчид байдаг. Эцэг, эх нь тэтгэвэр тогтоолгосон, татвар төлөхгүй учраас буцаан авах татвар үүсэхгүй.
Мөн ах, эгч, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол тайлан өгөх боломжгүй. Учир нь өөрийн төрсөн болон үрчилсэн хүүхдийн гэсэн хуулийн заалттай учраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод хамаарахгүй. Энэ мэтээр сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод хамрагдахгүй тохиолдлууд бий.
Updown.mn
URL: