Эцэг эх, багш нарт 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ноогдуулж байна
Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албанд нийт 1224 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлагыг шалгаж, шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт ноцтой хоёр зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэн байна. Тодруулбал, өчигдөр 08.00 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутаг “Довын гол” гэх газар асфальтан замд Sinotruck маркийн ачааны автомашин нь T.Landcruiser-200 маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын гурван хүний амь нас хохирчээ. Мөн БЗД-ийн нутаг нарны замд K.Optima маркийн автомашины жолооч нь T.Crown маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч долоо, есөн настай хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдэд харьяа цагдаагийн байгууллагуудаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн хэмжээнд ослын улмаас гэмтсэн хүний найм нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр тэр дундаа 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их гарч байгаа аж.
Тиймээс ТЦА-аас дээрх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн эцэг эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж ажиллаж байна.
Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.
Б.Лхам
URL: