ЖДҮ-г эсэргүүцэгч прокурорыг огцруулж, орыг нь ЖДҮ-чин прокурор залгамжлав

516

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдтэй хуулийн хэлээр ярихаа мэдэгдснийхээ хариуд огцрох тушаалаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас өчигдөр гардаж авав. Хуулийн байгууллагыг цэвэрлэх нэрийн дор ЖДҮ-гээс зээл авсан, өгсөн хэргээ нуун дарах гэсэн эл башир арганых нь золигт хуулийн байгууллагын удирдлагууд болоод эрх бүхий албан тушаалтнууд өртөж буй нь үнэн юм. Улстөрчдийн зүсээ өөрчилсөн эл тулааны харгайгаар хуулийн салбарыг харин ч эрх ашгийн зөрчилтэй прокурор толгойлж үлдээд байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-г эсэргүүцсэн Улсын Ерөнхий прокурор Энх-Амгалан суудлаасаа бууж, түүний орыг ЖДҮ-гээс хоёр удаа зээл авсан Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын итгэмжит шадар зөвлөх Б.Амгаланбаатар толгойлж үлдээд байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний нэг орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулсан зарлигтаа “Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.

Б.Амгаланбаатар нь ЖДҮ-гээс зээл авсан нь 2018 оны сүүлч үеэр батлагдсан юм. Яг энэ үед ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдийн хэргийг шалгах болоход Б.Амгаланбаатар нь ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн түүнийг эл хэргээс түтгэлзүүлэн татгалзуулсан тушаалыг Улсын Ерөнхий прокурор гаргаж байсан юм. Нэг үгээр хэлбэл ЖДҮ-г шалгахаас татгалзсан прокурор нэр цэвэр үлдэж, харин ЖДҮ-г шалгасан прокурор нь албан тушаалаасаа буув. Угтаа бол Б.Амгаланбаатар нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн “Цаст согоот” ХХК -иараа 2017, 2018 онд буюу хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан нь баримтаар нотлогдсон юм. Тэрбээр ЖДҮ-гээс 1.3 тэрбум төгрөг зээлсэн болж байгаа юм.

Ийнхүү ЖДҮ-гээс 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан прокурорын прокуроын байгууллагыг толгойлж үлдэх нь хэр шударга явдал бэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас асууя. Таны уриалж, лоозонддог шударга явдал энэ юм гэж үү.

Эх Сурвалж: 24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих