О.Баасанхүү: Энэ бичлэгийг олон нийтэд жүжигчилсэн тоглолт маягаар үзүүлэх хэрэгтэй

506

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шүүх ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг нууцаас гаргасан. Улмаас өчигдөр ТЕГ-аас УИХ-ын гишүүдэд үзүүлсэн юм. Тус хэрэгт буруутнаар яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь Орхон аймгийн иргэд юм.  Иймээс тус тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүд өчигдөр үзсэн бичлэгийн талаар гишүүд ярьсан. Миний зүгээс багцлаад мэдээлэл өгье. Бичлэгт Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирнэ. Хоёр хоригдлын нэг нь Амгаланбаатар байна. Нөгөө хоёр нь гаднаас эргэлт авна, нөгөө хоёр орон дээр унтана, давуу нөхцөлтэй байна.  Б.Содномдаржааг бол дэглэж байгаа. 00 байхгүй түмпэн шиг юманд бие зассаны дараа Амгаланбаатар тэрийг нь цацчихаж байгаа юм. Үүнээс болоод барилцаж авч байгаа. Шөнийн цаг юм шиг байна лээ. Чимгээг унтаж байхад нь нөгөө нөхөр цээж нүцгэн орж ирээд хэргээ хүлээхийг шаардаад, нэг тамхи татаад гарч байгаа. 30 орчим минутын бичлэг. Товчилсноор гаргасан. Энэ бичлэгийг олон нийтэд жүжигчилсэн тоглолт маягаар үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Шууд бичлэгийг харуулж болохгүй. Хоёр шалтгаан байна. Өндөр настай ээж хүүгээ яаж хоригдож байгааг харах, нөгөө талаас хоригдож байгаа хүнийг шүүх хурал дээр бодитой дүрсээр харуулахыг хориглодог.

ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэж байгаа. Шоронгийн хувцас бол ялтанд байх хувцас. Ялгах хувцас. Урьдчилан хорих төвд энгийн хувцас өмсдөг. Тайлбараар ШШГЕГ ажилтан гэж байсан. Дүрсээр гарч байгаагаар энгийн хувцастай нөхөр Содномдаржааг “хэргээ хүлээ, яасан том гар вэ, хэргээ хүлээ” гэсэн процесс гарсан.  Өчигдрийн үзсэн бичлэгээр эрүүдэн шүүсэн байдал ажиглагдаж байна” гэлээ.

 Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та бичлэг үзсэн. Яг эрүүдэн шүүсэн гэж үзэж байна уу?

-Хуулийн байгууллага тогтооно. Эрхээ хасуулсан хүнийг илт сул дорио байдалд оруулж байгаа нь бол эрүүдэн шүүлт мөн.

 -Та өнөө өглөө н.Булгантай уулзсан гэх мэдээлэл байна?

-Уулзаагүй. Нэг удаа тааралдаж байсан. Харин УИХ-ын гишүүн асан С.Оюун надад талархаж байгаагаа хэлсэн. Булганы хувьд мэдэж байгаа зүйлээ ярих ёстой

 -Энэ бичлэгийг олон нийтэд үзүүлэх ёстой юу?

-Үзүүлэх ёстой. Гэхдээ үзүүлэн байдлаар үзүүлэх хэрэгтэй. Харин хэргийг нотолсон бичлэгийг хаалттай үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих