Л.Ширчин: Монгол Эрийн Ухаан /өгүүлэл/
НЭГ.
Өндөр чацархаг биетэй, өвгөн Сандаг тос даасан үрчлээт нүүрнийхээ хөлсийг нударганыхаа араар шудраад хажуу дахь том хар чулууг эвэршиж мойнийсон хурууныхаа ширүүн өндгөөр дарж, тулан сэвхийн бослоо. Эр ямааны илгэн богцонд цүндийтэл юм чихэж баруун мөрөн дээгүүрээ тохжээ. Харваас өвгөнд богцтой юм хумхан, хуучирч муудсан илгэн сармай дээл, хөлс нэвтэрч халтартсан юүдэн малгай, тэмээний тавгийг нимгэн зүсч уланд нь наасан хуучин булигааран монгол гутал, сүүж манан хөөрөг, буйлаасны буурцгаар хийсэн шар эрхи, олон жилийн өмнөөс хүзүүнд нь зүүлттэй ижил дасал болсон, хөдсөн гэртэй сахиуснаас өөр өмч хөрөнгө, эд хогшил гэх юм алга.
Өвгөн хад асга нь арсайж, барсайсан говийн уулсын цухалдуу сайрыг уруудан, бүдэгхэн улбаа замаар том том алхсаар Зүүн Богд уулын Цагаан бургастайн аманд гарч ирлээ. Өргөн их говь, тал өмнө нь дэлгэгдэх шиг цэлийн зэрэглээтээд, түүнээс цааш Хан хөгшний нуруу сүүмийн цайвалзах нь намрын анхны цас аль хэдийн унасан ажгуу. Өвгөн төрсөн нутгийнхаа барааг санаа алдан, саравчлан харахад усхал зөөлөн нүднээс нь нулимс аяндаа цийлэгнэн урсахад, гарынхаа алганы уушгаар зөөлөн дарж шингээгээд ганцаар авч мушилзан инээх аядан, амандаа шивнэн бувтнах нь хар багаасаа сурсан зангаараа эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд гэж төвдөөр шивнэн шивнэн давтаж, гартаа атгасан эрхинийхээ товрууг имрэн имрэн, хэд алхан өнчин ургасан навтгар тооройн сүүдэрт ирж амран суулаа.
Уулын бяцхан горхи хоржигнон урсах нь зүүхэн талд сонсогдоно. Өвгөн өврөө уудлан модон тагшаа гаргаж үлээснээ босч, горхины хажууд сөхөрч суугаад усанд хуруугаа дүрж, духандаа түрхээд богцоо уудлан хонины утсан илгээр хийсэн ташмагаа гарган тагшаараа уснаас хутган түүнийг дүүргэн, эргүүлж богцондоо хийх гэснээ болин, устай ташмагаа эргүүлж тойруулж харлаа:
- Ай хөөрхий, Лхас хотоос үүнийг л авч гараа шив дээ гэж шивнээд богцон дахь өмбүү цөмбүү зүйлээ бодон бослоо.
- Аа тийм, олон сар хоногоор мөрнөөсөө салгаагүй богцны ар нуруу уруу унжих гуянд усан үзэм, Төвдийн зэрлэг сонгино, үзэм, хүрэн зандан, цагаан зандан, хар улаан чавганы үрнүүдийг жаахан уутанд хийж дүүргэсэн нь нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрөв. Нөгөө гуянд нь цай, давс, бяцхан хүрэл тогоо халивтайгаа, нүдсэн жаахан борц, үхрийн хатаасан цус, хөлдүү сүүг урь идүүлж бэлтгэсэн нунтаг хуурай сүү, ургамал амьтны гаралтай бүтээгдэхүүнээр эм бэлтгэх жорын ном мөн Хаш хайрцаг, Урлахуйн ухааны чуулган, Есөн хүслийг хангагч толь, Говийн зарим чулуун эм, Эрдэс шороон эмийн судар хэмээх номууд бас бий. Сандаг өвгөн арвандолоотойдоо аянчин жинчдийг дагаж, өмнө зүгийг чиглэн нутгаасаа намар өдийд гарснаа хааяа нэхэн санана. Тэр цагаас хойш дөчин жил өнгөрчээ.
Өдөр шөнө ээлжлэн үхэх, төрөх хосолсон хорвоогийн жам ёсоор унтаж, босч, уйлж, инээж амьдарсаар өдийг хүрэхдээ төрсөн нутгийнхаа барааг харнаа гэж бодоогүй явсан өвгөн гавжтан нүдээ арчаад хангайнхаа нурууг дахин харахад эцэг, эхийн дүр тодрон, баяр учралын нулимс хацрыг нь даган урсана. Энэ сацуу гавжтан богцоо мөрнөөсөө мултлан уудалж, алд цагаан хадгийг гарган, хоёр гардан дэлгээд Хан хөгшний нуруу, Хайрхан дулаан уулаа харж сөхрөөд,
… Хан хөгшин аав минь
Хайрхан дулаан ээж минь
Ачит та хоёр минь
Амар амгалан байна уу?
Яван явсаар, алхан алхсаар
Хайртай та хоёртоо
Харийн орноос би чинь
Хүрээд ирлээ хүү чинь гэж хэлээд гурвантаа залбиран, гурвантаа мөргөлөө.
Өвгөнд ингэх л дутуу байсан бололтой дотор нь онгойж, сэтгэл нь тэнийн дөчин жил биеэ барьж, айж явсан нь оргүй арилан санаа амарлаа. Сандаг гуай бяцхан гуван чулуугаар тулга засмагц, тогоондоо ус тавиад аргал хомоол хормойлж авчран, бадарсан улаан галаа асаан цайгаа чанаж суулаа. Тогооны халиван дахь зүүний сүвэгчин чинээ нүхээр уур цоргилон олгойдоход угалзын хуухнагаар хийсэн илгэн уутнаас шар тосонд багсарч, үрэл үрлээр бэлтгэсэн цайнаас хонины хорголон чинээг авч, мөн нөгөө нэг уутнаас ёотон шиг дөрвөлжин цагаан шаргал шахмалын хамт тогоонд даргилах ус руу хиймэгц шар тос ханхалсан сүүтэй цай хамар сэтлэм үнэртэв. Ийнхүү алс хол харийн газраас нутаг усаа зорихдоо бэлтгэсэн цай, хуурай сүүний үрэлнээс тав таван ширхэг үлдснийг бодоход Онгийн хүрээ хүртэл төдийчинээ цай чанаж уух нь тодорхой. Өвгөн бяцхан гуулин халбагаар цайнаасаа дээжлэн хутгаад Ноён хутагт Данзанравжаагийн нутаг орноо магтсан нэгэн шад шүлгээс ягнан уншиж, газар дэлхийдээ өргөснөө модон тагшиндаа цайнаас дүүргэн, завилан суухад төрж өссөн гэртээ эхийнхээ өвөр дээр эрхлэнхэн, эцгийнхээ хажууд наалданхан суугаа ч юм шиг сэтгэл нэг л өег, тэнэгэр ажээ. Тэрээр хоёр зээрдээрээ туулсан холын аяныхаа алжаалыг тайлан, түмнийг бодон цэлмэг хөх тэнгэрээ ширтэн хэсэгхэн хажуулснаа босч аянаа үргэлжлүүллээ. Бүрдний говийг туулаад Аргуйн голыг хүрэхэд хоёр өдөржингийн газар даа. Би чинь арвангуравтайдаа аавыг дагаж, Балдан засгийн цоохор Дамчаа гэдэг айлаас авлагаа нэхэж очоод буцахдаа арван тэмээ тэднийхээс тууж, энэ говийг туулж билээ. Газар нутгаа гэж яг л хэвээрээ таньдаг хүний нүүр адил байна даа хөөрхий гэж нутгаа бишрэн, эрхи ороосон дөрвөн хуруугаа тэнийлгэн залбирна.
Төвд, Жагарын орноор тэнэж, юм үзэж нүд тайлж, бас ном сударт боловсрон, олон хэлийн хүнтэй нүүр учирч явахдаа зовох зүдрэх нь их байсан ч жаргах цаг үе үе тохиолддог байсныг Сандаг гуай юунд үгүйсгэх вэ. Тэгэхдээ л сэтгэлд нь ямар нэгэн юм үгүйлэгдэж, зайгаа эзэлсээр өдий хүрсэн нь эх орон, төрсөн нутаг байлаа. Аав, ээж хоёр минь ч аль хэдийн таалал болсон байх даа. Дүү минь амьд байгаа болов уу? Надаас хоёрхон дүү шүү дээ. Аав намайг төрийн хар хүн болгоно гэдэгсэн. Харин дүүг лам хувраг болгохоор есөн настайгаас нь хүрээн дээр авга ах Дамдиндорж гуайд шавь оруулж билээ гэж бодон өвгөн алсыг харан алхахад хэсэг бусаг харгана, буйлаас холилдон ургасан чулуурхаг сайрыг гатлан есөн тахь үргэн тоос татуулан давхихыг үзэж, сэтгэл баясан сүсэглэнэ. Уулын толгодын сүүдэр эрвийн сэрвийн уртсаад намрын шар наран Зүүн богд уулын баруун мөрөөр шижир туяагаа цацруулсаар мэлтрэн мэлтрэн далд орохуйд тэг дугуй том улаан сар урдах толгойн оройгоор манхайн шагайж, шингэх нарны алтан туяаг өөртөө тольдонхон шингээх адил мандлаа.
Өнөөдөр намрын адаг сарын шинийн арван таван, сугар гариг. Би чинь Лхасдашлхүмбээс хаврын тэргүүн сарын шинийн гурванд гарсан юмдаг. Хөх хот хүртэл илжгээр, түүнээс нааш явганаар бадарчин маягтай явж ирлээ. Ай хөөрхий хүний амьдарлаа гэж бодоод, шөнийн сэрүүнд саран саруул тул газар жаахан дөхөхөөр хайрга чулуун хөрсөн дээр шижигнүүлэн алхана. Өвгөн сүүдэртэйгээ ханьсан, сарны гэрэлд чиг барьж алхсаар зургаан мичид гудайх үеэр Говийн бүрдэнд ирлээ. Бүрдний ус сарны туяанд хайлсан тугалга шиг мэлтрэн, усны үнэр сэнгэнэн сэрүү татуулна. Айлуудын намаржаа эзгүйрч дэрсэн толгой шөнийн зөөлөн салхинд бөхөлзөнө.
ХОЁР.
Аргуй, Хужирт, Муруй гэгдэх нутгийн гурван голыг өгссөөр Хан хөгшний нурууны баруун суган дахь Бичигт хадны ёроолд түр саатан, цайгаа уугаад хоолоо хийж суугаа хүн бол өвгөн Сандаг болно.
Маргааш үүрийн гэгээнээр хөдөлж, зам дагуу айлаас дүүгээ сураглая, ямархуу янзын айл амьдарч явдаг болдоо. Монгол нутаг руугаа хөл тавьснаар ганц ч айлын үүд сөхсөнгүй гэж бодон шөнийн тэнгэрт анивчин гялалзах оддыг ажиглан багадаа хөгнөөтэй хурган дунд унтчихдаг байснаа дурсан санаж хэвтснээ нам нойрсчээ.
Адууч богширго исгэчин, эвэрт бялзуухай шулганалдан, Бичигт хадныхаа үүрэнд хоносон хоёр турлиах хадны ёроолд тайван нойрсох зочиндоо чимээ өгөх мэт хэд хэд дуугарснаа нисцгээн, хэн нэгэн айл зусландаа шаваастай нь орхисон үхрийн аргалан дээр очиж буулаа. Сандаг гуай зүүд нойрноосоо сэрээд хувцаслан, богцтой юмаа мөрөндөө тохон, уулын овоот хөтлийг чиглэн зүтгэв.
Сарлагийн сэрвээ шиг дүнхийх Сайхан дэнжийн нурууны дээгүүр алтан наран шижиртэн тусахад аяншиж харшсан тас хар царайтай өвгөн Муруйн даваан дээр гарч, Мааньт, Тарималын голын хөндий дэх айлуудыг харан түр зогссоноо Уянгын өвөрт гэж л сурагладаг байх даа гэж өөрийн эрхгүй амандаа шивнэн, тэртээ харагдах хоёр бор гэрийг чиглэн шууд алхав. Энэ хэнийхний үр сад бол. Вандангийн Доржийнх хаана байна вэ? гэж л суръя гэж бодон явна.
Хоёр гэрийн гадуур шаваастай аргал бараантан хэдэн сарлаг, хонь голдуу цөөн бог хэвтэх агаад баруун судагт шөнөжингөө идэж цадсан аргамжаатай хоёр морь үүрэглэн зогсоно. Сандаг өвгөнийг тэр нэгэн хот айлд дөхөж явтал зүүн урд талын жижиг бор гэрээс хуучин улаан чисчүү дээл нөмөрсөн, бөгтийж бөөцийсөн нэгэн чавганц гарч ирэн, хэдэн аргал хормойлсоор эргэн ороход төдөлгүй гэрийн тооноор аргалын утаа олгойдоно. Өвгөн гэрт ойртоод хий ханиалган, хоолой засч чимээ өгөхөд сүүлнийхээ ноос руу хоншоороо шигтгэн, цагираглан гэрийн хаяанд хэвтсэн хөгшин халтар нохой нүдээ залхуутайгаар нээж, анивчин харснаа хэвтээ хэвээрээ бүдэгхэн дуугаар хөв, хөв хуцахчаа аядахад мөнөөх эмээ эсгий ширмэл үүдийг арай ядан сөхөн гарч өвгөнийг хараад:
- Энэ хар өглөөгүүр ямар амьтан явдаг билээ дээ байз гэж үглэн майжигнасаар хөгшин халтрын өмнө очоод:
- За чи тэг, хүнд давхи чи гэж зандран хорьсноор өвгөн богцтой юмаа мөрнөөсөө мултлан гэр дээр тавиад:
- Сайн байна уу? гэж эмгэнтэй мэндлэн гэрт орлоо. Өглөөний цай буцалж байхад ирдэг азтай буянтай хүн юм. Бас дүүрэн юмтай богцоо муу гэр дээр минь тавиад гэж эмгэн ихэд бэлэгшээн гэртээ оров.
- Сайхан намаржиж байна уу?
- Таны лагшин тань сайн уу? Сүрэг мэнд байна уу? гэж мэндлээд өвгөнийг хөөргөө гаргаж тамхилахад эмгэн хариу мэдэх завсар ирсэн хүний царай өөд ажиглан манай эндхийн хүн биш шиг байна даа гэж бодсоноо нэг л үзсэн хүн шиг хэн билээ гэж гайхлаа.
Сарлагийн сүүгээр өтгөн сүлж, шар тос орхисон цайнаас аягалж барихдаа ч эмгэн дахин ажсанаа нэр өгч арай л чадсангүй.
- Хаанаас хаа хүрч яваа билээ. Хошуу нутаг хаана вэ? гэж асуув.
- Би уул нь Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошууны хүн гэж хариулаад өвгөн цайнаас чимээгүй оочлох завсар эмгэний баруун хацар дээрх мэнгийг олж хараад:
- За хө хэнсэн билээ. Аа тийм Санж гуайн Янжин ахайтан мөн шив дээ гэж бодон дотор хүнтэйгээ ярьж аягатай цайгаа оочлох зуур:
- Та Янжин ахайтан мөн үү? гэж шууд асуутал, эмгэн хэсэгхэн бодол болсноо танив бололтой.
- Тиймээ тийм, мөн. Чи чинь Вандангийн том баньд уу даа. Сандаг мөн үү? Бурхан болдгийн дуутай адилхан юм аа тэр гэв. Сандаг өвгөн ухасхийн босч, Янжин ахайтантай золгоод суун хөөргөө гарган, тамхиа татаж суухдаа аав минь өөд болжээ дээ. Ээж маань яасан бол ааваас нэг эгч гэдэг байсан. Одоо наяннайм хүрч байх ёстой. Дүү маань ч зуурдын юм тохиолдоогүй бол байгаа л байх . . . бодлыг таслан, Янжин эмээ тогоо, жалавчаа хөллөх зуураа:
- Иш хөөрхий буянаа дэлгэр. Тэгээд хэзээ ирэв дээ. Аль газраар юу хийж яваад энэ билээ. Овоо л доо хүрээд ирдэг чинь. Дүүгийнх чинь манайтай айл байгаа. Энэ гэр. Манай хүргэн болсон шүү дээ. Манай илээд бүсгүйг чи танина даа айл саахалт өссөн улс. Зарим хүүхдүүд нь айл орон болж тусдаа гарцгаасан. . . Яагаав Дуламхорлоотой сууж долоон хүү, хоёр охинтой гэж яриад түр азнаснаа цааш яриагаа үргэлжлүүлэн:
- Хүргэнийг маань эсэргүү нарт унаа залгуулсан гээд хоёр жилийн өмнө дотоодыг хамгаалахынхан барьж аваад явчихсан. Заяын хүрээнээс оргож зугтсан нэг ламд л муу хөгшин хээр морио өгч явуулсан юм гэнэлээ. Ээж чинь чамайг явдгийн хойтон жил өөд болсон. Харин муу аав чинь бурхан болоод ес хонож байна. Надаас долоохон ах хүн дээ, морьтой юм шүү дээ гэж яриад алтан хүрээтэй гуутай Намсрай бурханы өмнө бадмаалан байгаа мөнгөн цөгцтэй зул руугаа харлаа.
Ил галын дэргэд утааны үнэр ханхлах нь эсгий гэрт төрж өссөн Сандаг өвгөнд нэн тааламжтай, шимийн архины ариухан үнэр ханхлан арцны хожуулаар хийсэн цоргоор жирэлзэн урсахад Янжин эмээ луун хээтэй мөнгөн аяганд тосч амсаад Сандаг гуайд хоёр гардан барьлаа.
- Хүү минь холоос яваа хүн ядраа байлгүй. Эмээ нь гудас дэвсээд өгье. Амар амар гэж хэлнэ.
ГУРАВ.
Шивээ овооны урд Тарималын голын хөвөөнд хоёр жижигхэн дүнзэн байшин барьж сумын захиргаа, ардын сургуулийг оруулжээ. Онгийн хүрээний сүм дуганууд оргүй устгагдаж, овоолоостой шороо харагдахад энэ сургууль, захиргааг тэр сайхан бэлэн байранд оруулахгүй яасан юм бол доо гэж Сандаг гуай Шивээ овоон дээр гарч орчныг ажиглахдаа бодлоо.
Баюуны хонхороос хөх тоосго үүрч Цогчин дуганыг барихад бидний үеийн зуун хүүхэд завсар чөлөөгүй өдөр шөнийн хоёрт зөөж билээ.
Баюуны цоохор данжаад гуай ер нь яасан сүрхий хүн байгаа вэ? Хөх тоосго. . . Одоо ч энэ тэнд хэвээрээ хэвтэж байх юм. Тэр олон бурхан шүтээн, бүрээ бишгүүр, цамын өмсгөлүүд, ном судруудыг хэн авч явсан бол доо. Дуган сүмийн байшин барилгыг ингэж нурааж эвдэж, сүйтгэснийг бодоход хайран юмсыг бас алга хийж шатааж устгасан, үрэн таран хийснээс гарцаагүй. Шүрийн хонхор гэж энэ хүрээний бүх шүр, сувд, оюу, номинг цуглуулж шатаасан газар байгааг бодоход . . . Хайран юм. Хайран юм. Бидний зиндааныхнаас Дамдин, Пүрэв, Ядам, Лодойсамбуу нар л байх шив дээ. Ихэнх нөхдийг маань барьж аваад явсан л гэнэм. Сүүлдээ асуухаа болилоо. Баригдаа биз гэж бодогдоно.
Онгийн хүрээний ном судрыг овоолж шатаасан гэгдэх түлэгдэж, харлан өгөршсөн үнсэн хөх өнгөөр сааралтах хэсэг газрыг харан харамсаж халаглан, сэтгэл дотроо уйлж Шивээ овооноос гэр лүүгээ сажлан яваа энэ хүн өвгөн Сандаг байлаа.
Тэрвээр өнгөрсөн, эдүгээгээ эргэцүүлэн бодсоор хашааныхаа хаалганд тулаад түгжээг мултлан өтгөн ургаж, гандаж шарласан өвсний дундуур зурайх явган хүний нарийн жимийг даган алхсаар гэртээ орж, өврөө уудлан Шивээ овоон дээрээс авсан Ногоон дарь эх бурхныг тахилын хэдэн гуулин цөгцтэй гаргаж, утаа тортогонд харласан жижиг бор авдран дээрээ тавиад, хайран ч юм, зүүн гарыг нь хуга цохьсноос биш галбир нь бүтэн үлджээ гэж авчирсан бурхнаа ажиглан гарыг нь гүйцээж, шүншиглэн аравнайлаад шүтэх бодол төрнө.
Хашааны хаалган дахь хонх жингэнэн дуугарч, ач хүү Дамдин ямаан тулман намагтай айраг тэвэрсээр орж ирлээ.
Дүүгийн минь хэдэн хүүхэд л тус болж байна даа. Төрсөн биенээс өөр юмгүй надад гэр барьж өгөн, хашаатай болголоо. Ноднингийн өдийд Янжин ахайнд орсноос эхлэн би нутгийн ах дүүсийн буянд жаргалтай сайхан амьдарч байна. Миний хийж бүтээсэн юм гэж юу байх вэ дээ, буян бодож ерэн есөн морь сийлж амьтан ах дүүст өглөө.
Бас гуйгаад болохгүй болохоор нь арав гаруй айлын хөгшид, өвгөдөд ногоон дарь эхийг хуулбарлан өгч шүтүүллээ гэж айраг аягалах зуураа бодно.
- Дамдин! Хүү минь морь авчирсан уу? гэж өвгөнийг асуухад:
- Авчирсаан. Та эмээл, хазаартай номхон морь хэлүүлсэн байсан. Манжаа хаа хүрэх нь вэ? гэж хариулж асуулаа. Өвгөн Лхасаас авч гарсан ямааны илгэн богцоо хяламхийн хараад:
- Хоёулаа явнаа. Их холдохгүй, Зүүн улаан өөд гараад ирье. Эртхэн шиг хөдөлье. Тэр богцтой юм аваад моринд тохоорой гээд өвгөн хувцсаа сольж өмслөө. Дамдин богцтой юмыг авч өөрийнхөө унаж ирсэн хүрэн мориндоо тохоод, бүдүүн хээрийн чөдрийг авч ганзаганд нь бөхлөн, өвгөнийг сугадаж мордуулав. Тэр хоёр энэ тэрхнийг ярилцан явсаар Бөөрөлжүүтийг өгсөн Хүрэн хамрын өвөлжөөг дайрч, Зүүн улааны хадтай, хавцалтай уулын энгэрт ирж бууцгаан морьдоо хантайрч бөхөллөө. Өвгөн Дамдин руу харж:
- За хүүхээ, богцоо аваарай гэж хэлээд ташуураа тулан хадат өндрийн орой өөд зүтгэлээ. Дамдин, өвгөн ах ер нь юу хийх гээд яваа юм болдоо гэж гайхан богцтой юмыг авч, мөрөн дээрээ тохоод араас нь дагана. Сандаг гуай уулын оройд гарч алсын хөтөл, хад асга, уул нурууг хүртэл ажиглан, энэ тийм газар юм. Тэр орчны хад чулуу, байгалийн тогтолцоо, өвс ургамлыг ажиглан хөтлөөр их салхи цохино, энэ хадны завсраар шуурга хүчтэй урсаж ирнэ гэж Дамдинд баахан яриад:
- За энэ хавьд чинь. Тэр улаан хадтай уулын энгэрт л болно доо гэж хэлээд бослоо. Манжаа маань юу болох нь энэ вэ? Эрүүл л байдаг байгаа даа гэж айх гайхах зэрэгцэн Дамдин хойноос нь дагалаа. Өвгөн тавхалзтал алхсаар нөгөө газраа ирээд завилан сууж, богцоо уудлан арцны том зэсэн хутгуур, илгэн ууттай юм гаргаж нямбайлан тавив. Богцоо дахин уудлан модон тэвш, илгэн ташмаг гарган, тэвшиндээ ташмагнаасаа ус хийж тавиад нөгөө илгэн уутнаас шар будаа шиг жижиг хар үрийг эмийн тунгийн хутгуураар хэдэн удаа хутган тэвштэй ус руу хийж хадны ёроолд нарлуулж тавьлаа. Тэгснээ босон арцны зэсэн хутгуураар газар хатган нүх гаргаад дахин зэрэгцүүлэн мөн тийм нүх гаргана. Хажуудаа салахгүй ажиглан дагах ач хүүдээ хандан:
- Дамдиан! Энэ хар үр бол Төвдийн Тэнгэр уулнаас түүж ирсэн зэрлэг сонгины үр. Манай энэ хавьд сонгино ургадаггүй байх аа. Энд Төвдийн сонгино ургах нөхцөл бүрдсэн газар байна. Чи бид хоёрын сонгосон энэ газар өвөл хаврын цас хунгарлах, салхины цохилборгүй, наран ээвэр, хөрс шимээр сайн, мал ихээр явахгүй газар. Энэ зэсэн хутгуурын хэмжээтэй, нэг хуруу, хоёр хуруу, гурван хуруу, дөрвөн хуруу дарам газруудад нь хэрчлээс гаргаж тэмдэглэснээс үзүүлээд сонгинынхоо үрийг энэ дөрвөн янзын хэмжээгээр хөрсөнд суулгаж, хойтон жилийн соёололт, ургалтын байдлаар аль сайн тохирох суулгацын гүнийг сонгох юм гэж яриад ойлгов уу гэсэн шиг Дамдинг харлаа. Хооронд нь хоёр төө хирийн зайтай хутгуураар хурууны хэмжээнд хүртэл хатгаж нүхлээд бай гэж хэлээд өвгөн Дамдинд зэсэн хутгуураа өгөв. Тэгээд гурав, дөрвөн хуруу дарам гүнтэй хэсгүүдээр нь хатгуулан тавь, тавин нийт хоёр зуун нүх гаргуулан, нүх бүрт гурав, гурван үр хийж, дээрээс нь жаахан ус дусаагаад хөрсөөр нь эргүүлж булна.
- Энэ ус учиртай. Төвдийн өндөрлөгийн голоос ширгээж, хандлан өнгөртүүлээд, тэр өнгөрийг нь хадгалж авчирсан, түүнийгээ эндэхийн голын усаар дэвтээж бэлтгэсэн юм гэж өвгөн нэмж ярьлаа. Түүнээс ч нууц юм бас л байгаа бололтой.
ДӨРӨВ.
Намрын өглөө гялтганан гялалзах анхны хяруу, мандах наран гоо хоёроо зэрэг угтаж явлаа. Ондилтийн даваагаар гурван морьтон нарны туяан доогуур шурган, сүүдрүүд нь уртсан уртассаар сүүхийлцэн далд орон ортол Янжин ахай зэсэн савхантай бүлээн сүүнээс есөн тахилийн хонхор, арван хоёр жилийг урнаар сийлбэрлэсэн, арцны хожуулан цацлаар өргөн өргөсөөр зогсоход Сандаг өвгөний бэр мөн л сүүгээ өргөсөөр гэрийнхээ гадаа үлджээ.
Сандаг гуай зэрэгцэн, дөрөө харшуулан явах дотоодыг хамгаалахын төлөөний хүнээс:
- Хүүхдүүд ээ! Энэ даваан дээр буулгаад хөдлөхгүй юу? Овоонд чулуу нэмье. Төрж өссөн нутгийнхаа барааг хармаар байна гэж гуйлаа. Ташаандаа гар буу зүүж, эмээл дээрээ хөндлөн суусан тэр нэгэн хүн өвгөн рүү хараад:
- Бид замдаа саатах ёсгүй. Та эсэргүүн, улс төрийн хэрэгтэн хүн шүү дээ гээд зөвшөөрсөнгүй. Сандаг өвгөн:
- Уйлж дуулж, төрж өссөн
Унаган сайхан нутаг минь
Эх болсон Онги минь
Эцэг болсон хангай минь гэж шивнэн уншаад эмээлт морин дээрээсээ эргэж нутаг ус, нугынхаа айлууд, адуу малыг хараад сэтгэл шулуудлаа.
ТАВ.
Үүр цүүрээр мордсон Дамдин Уянгын хяраас унагатай адуугаа туусаар зэлэн дээрээ ирж, дөрвөн унагаа чагтлаад гэртээ оров. Ээж нь эмээтэй нь ямар нэгэн юм ярьж уйлж сууцгаав. Эмээ нь нулимсаа арчин зээ хүү рүүгээ хараад:
-Хүү минь яасан барагддаггүй үйл лайтай улс вэ? Манжаа өвгөнийг бас л бариад явчихлаа. Сая манайд дайрч буугаад аяга цай ч уулгасангүй. Мориндоо мордох зуур нь ганц хоёр үг солилоо. Дамдинд хэлээрэй . Хашааны зүүн урд буланд хавтгай чулуу хэдэн хөх тоосго бий. Түүний дор ном судар бурхан тахилын хэрэгсэл, ургамлын үрнүүд, тайлбар бичиг булсан шүү. Түүнийг өвөлж авахыг бодоорой, авгад нь хийсэн хэрэг байхгүй гэж хэлээрэй. Би удахгүй буцаж ирэх байхаа сайн сууцгааж байгаарай гээд л яваад өглөө. Аав чинь мөн л тэгээд явсан, одоо гурван жилийн нүүр үзлээ. Сураг чимээ алга л байна шүү дээ. Хүү минь гэж хэлээд бослоо. Аягатай цай оочлон, чагнаж суусан Дамдин:
- Ааваасаа ч, авга ахаасаа ч үг дуулж хоцрох хувь надад байсангүй гэж бодоод эсгий үүдний баруун талыг сөхөн, ташуураа шидээд гарлаа. Дамдин явуут дундаа ташуураа шүүрч аван, хэдэн хоногийн өмнө наадамд уралдуулахаар хагсрааж тавиад сая барьж уясан хээр морио эмээллэж, унаад Ондилтийн давааг чиглэн ухасхийв. Морины хар гүйхээр давхиулсаар хэд хэдэн гүвээ толгод, хөтлийг давбал гурван морьтны бараа харагдлаа. Дамдин уртын дуу аялсаар шууд гүйцэн очоод тэдэнтэй ханьсан, зам нийлэн гэлдрүүлэв. Өвгөн Дамдингаас:
- Хаа хүрэх вэ? Нутаг хаана вэ? гэж огт танихгүй хүн болон асуугаад, авч яваа төлөөлөгч, улаа нэхсэн хар хүн хоёрыг нүдний булангаар ажиглав.
- Дэлгэрэх оръё. Хэдэн адуугаа алдчихсан. Арвайн тал руу сураг гарлаа. Та нар хаа хүрэх вэ? гэж Дамдин хэлээд жолоогоо дугтрахад хээр морь ялаархаж, толгой хаялан дөмөлзтөл алхална.
- За, залуу сайхан дуулдаг хүн байна. “Жаахан шарга”-ыг нэг аваатхаач гэж улаа нэхэгч гэж хэлээд эмээл дээрээ хөндлөн сууж, гаанс тамхиа гаргав.
- За болъё доо. Хоолой саргичихна. Энүүхэн Өгөөмөрт баян Батынх найр хийж байгаа. Тэнд очиж дуулсан нь дээр байхаа гэж Дамдин хээвнэг хариулна. Зам хол яарч яваа хүмүүст бүү саад болоорой гэж авч яваа хүн эвгүй харж ташаан дахь буугаа дарж үзнэ. Сандаг өвгөн сая ам нээж:
- Газар холын улс гангар гунгар гэж явцгаая. Газар дөхөхөд амар шүү дээ гэж хэлээд Дамдинг харахад “Эмээ чинь юм хэлсэн биз дээ” гэх шиг боллоо. Тэгээд өвгөн ийнхүү ярив.
… Дээр үед Үйзэн гүний хошууны одоогийн Мазарын голын хөвөөнд Базархааны Мазар хот гэж байжээ. Тэнд жимс тарьж, төгөл ургуулж, намар болоход хушга, усан үзэм хурааж авдаг байжээ. Хушга үзэмний мод ургасаар шугуй болж, адуу үхэр дунд нь явахад үзэгддэггүй байсан гэдэг. Одоо ч тэнд хушганы иш, үзэмний иш гэж нэрлэгдэх өгөрч хувхайрсан бут байдаг юм даа. Услах горим, арчилж тордох, хамгаалахыг мартсанаас тэр дээ, хөөрхий гэж хэлээд дөрөөн дээрээ өндийн мориндоо ташуур өгч хатируулахад хамт яваа гурав ч давхиулцгаав.
- Сонин л юм байна даа. Яаж тарьж ургуулж, жимс авдаг байсан юм бол гэж Дамдин сонирхсон аятай асуув.
- Тэр тухай ном байдаг юм гэнэ билээ. Та нар залуу улс, номыг нь олж үзээд усан үзэм, хушга ургуулаарай. Өөр надад ярих юм алга даа гэснээр авга, ач хоёрын нууц яриа дуусав бололтой.
- Ах нар аа, аян замдаа сайн яваарай. Хүссэн есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж Дамдин билэгдэн ерөөгөөд, эрлийн хүн эрэлдээ, замын хүн замаа хөөе дөө гээд мориныхоо амыг эргүүлж, Авзага хайрханыг чиглэн тоосруулан давхиуллаа. Дамдин тэднээс нэлээд холдоод жолоогоо татаж галгиулан, түмнийг бодон явснаа эргэж харвал нөгөө гурав маань Дэлгэрэхийн хөтлөөр даваад бараагүй алга болжээ. Дамдин эргэж, ирсэн замаараа галгиулсаар шөнө орой ах өвгөнийхөө захисан ёсоор хашаанд нь ирж буулаа.
Өвгөний бор гэрийг битүүмжлэн цоожилжээ. Хашааны зүүн өнцөг дэх хэдэн судар, нөгөө богцтой юмыг нь авч ганзагалан гэрийн зүг дэргүүлэв.
Намрын шөнө нам гүм, хотон дахь хоньд яраглан, гиваантай үхэр амьсгаадан, алсад үнэг хуцах нь сонсогдоно. Хойморын бор авдран дээрх гүнгэрваатай Намсрай бурхны өмнөх зулын гэрэлд дөхөн завилан суугаад Дамдин өвгөний үлдээсэн богцыг нэгд нэгэнгүй уудлан үзнэ. Богцны баруунд нь ургамлын үрнүүд, аяны тогоо, аяга халбага, цай давс хүртэл байх ажээ. Зүүн талд нь олон янзын баринтагтэй том, жижиг судрууд, бурхны тахил, нарс модоор сийлсэн морь байна. Сийлбэр морины зогсоолын хэсэгт монгол үсгээр “Зуун нэгдэх морь. Өвгөн Вандангийн Сандаг” гэжээ.
Дамдин энэ бүхнийг сонирхон цааш уудалтал жижиг модон хайрцаг гарч ирэв. Хайрцган дотроос муутуу цаасан дээр хар бэхээр хичээнгүйлэн бичсэн захиас байлаа. Тэр бичгэнд “Миний ач Дамдин Танаа, хүсэмжлэх нь. Авгийнхаа санаж явсан зүйлийг гүйцэлдүүлээрэй. Үүний тулд миний бие Жагар, Төвдийн орноор олон жил хэрэн тэнэхдээ сурснаасаа үзсэн нь их бөлгөө. Тарьсан сонгиноо хамгаал. Мазар, Богдын голд хушга, усан үзэм тарьж ургуул. Зүүн Богдын өвөрт хүрэн зандан, ард нь цагаан зандан тарьснийг олж үз” гэхчлэн бичиж үлдээсэн нь одоо ч надад хадгалаатай байдаг юм.
Онгийн голын эх, Бөөрөлжүүтийн голын баруунтай дүнхийх Зүүн Улаан ууланд тарьсан үр ургасаар Сонгинот хэмээн нэрлэгдэх арвин их сонгинотой газар эдүгээ дархлагдсаар байгаа нь сонин шүү.
Монгол эрийн холч ухаан гэдэг ийм болно.
URL: