Жилд 50 тэрбум ам долларын орлого авчрах төмөр зам хэзээ “амилах” вэ
Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компани 50 сая дахь тонн нүүрсээ олборлов. Харин Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох шахуу төлөвлөгөөтэй. Гэвч он гарсаар нүүрсний экспорт өмнөх жилийн үетэй харьцуулбал ихээхэн буураад байна. Нүүрсний экспортын гол саад тээг нь тээврийн асуудал. Ийм ч байсаар ирсэн.
Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт сүүлийн 10 гаруй жил яригдсан ч ажил болж чадаагүй хэвээр байна. Өмнөх засгийн үед энэ замын дэд бүтцийн ажил эхэлсэн ч сүүлдээ хөрөнгө мөнгөний асуудал дэгдэж овоолсон шороотой үлдсэн. Гэхдээ суурь ажлын 50 хувь нь хийгдчихсэн байгаа. Үүнд төрөөс 280 сая ам доллар зарцуулсан. Энэ бүхнийг өнгөрсөн асуудал, үлдсэн сургамж гэж тодотгож болно.
Хэдийгээр МАН эрх бариад 3 жил шахам болж байгаа ч одоогоор төмөр замын бүтээн байгуулалт руу ороогүй байна. ҮАБЗ замын асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан. Ингэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жил гэхэд барьж дуусгахыг “үүрэгдсэн” гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн.
Харин төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод туссанаар нэгдүгээр үе шатанд хийж хэрэгжүүлэх 1100 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил бий. Тэр нь Тавантолгойгоос Зүүнбаян, Сайншандаар дайрч улмаар Чойбалсан, Хөөт, Бичигтийн боомт хүрэх зам. Эндээс тэргүүн ээлжинд Тавантолгой- Зүүнбаян–Сайншанд-Ханги чиглэлийн төмөр замд илүү ач холбогдол өгч байгаа юм. З.Энхболд Сайншандын төмөр замыг энэ онд барьж дуусгах талаар зөвлөмж гарсан гэдгийг хэлсэн. Энэ нь ойролцоогоор 324 км төмөр замын тухай ярьж байгаа хэрэг болов уу. Өөрөөр хэлбэл Сайншанд- Зүүнбаянгийн замыг цааш үргэлжлүүлж Ханги хүртэл 281 км зам тавина гэсэн үг. Гэхдээ үүн дээр Тавантолгой-Зүүнбаянгийн зам нэмэгдэх учиртай. Ийм хэмжээний замыг энэ ондоо багтаж барьж дуусгана гэдэг эргэлзээтэй л юм.
Тавантолгойгоос зүүн чиглэлд барих замын хөрөнгө санхүү үндсэндээ бэлэн гэж байгаа юм. Энэ замыг Эрдэнэс Тавантолгойн компанийн ашгаас санхүүжүүлнэ. Тодруулбал тус компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн компанийн 85 хувийг төр эзэмшдэг. Тэгвэл төрд ногдох энэ 85 хувийн ашгаас замын ажлыг санхүүжүүлнэ гэж байгаа юм. Энэ замаар төмрийн хүдэр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент тээвэрлэхээр тооцжээ.
Хэд хоногийн өмнө БНХАУ-ын “Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ группийн дэд Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ Монголын төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ манай талд илэрхийлсэн. 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн эхний 56 дугаарт нэрлэгдэж, нийт 80 гаруй улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тус групп Таван толгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ илэрхийллээ. Ингэхдээ тэд нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа ажээ.
“Хятадын Төмөр зам” групп нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хурдны авто замыг шинээр барьж байгуулсан гэдгээр н монголчууд сайн мэдэх байх.
Монголын төр 2010 онд Төмөр замын талаар баримтлах бодлогоо баталсан. Түүнчлэн УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтолоор батлагдсан “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” баталсан бөгөөд энд:
-Тавантолгой-Гашуун сухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна.
-Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам,
-“Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана гэсэн том амбиц бий.
Харин эдгээрээс хэрэгжсэн нь одоогоор үгүй. Гэхдээ оргүйгээс охинтой нь гэгчээр эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайтын 267 км замаа ашиглалтад оруулчихвал нүүрсний тээвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Бас говь нутгийн байгаль орчныг хамгаалах, тоосжилтыг багасгах боломж нь энэ төмөр зам болно. Энэ далимд нүүрсний экспортоос 50 тэрбум ам долларын орлого олно гэсэн тооцоог анх хийж байсныг эргэн санах хэрэгтэй байх.
Г.Хантулга
URL: