Ш.Сайхансамбуу: Ц.Дашдорж Х.Баттулгын бодлогыг үргэлжлүүлж чадахгүй
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-Засгийн газрын шинэ сайд нарын асуудал олны анхаарлын төвд байна. Шинээр тодорч буй сайд нарын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулиас өмнө Хамтарсан Засгийн газраас гаръя гэдэг буруу үйл ажиллагаа Ардчилсан намд явагдсан. Энэ нам нэгэнт гарлаа гэж байгаа болохоор үлдэж байгаа нам нь орон тоон дээрээ хүнээ тавих зайлшгүй шаардлага гарч ирлээ. Харин тавихдаа ганц нэг яам, тамгын газар, агентлагыг цомхотгож болдоггүй юм уу гэдэг асуудлыг би бүлгийн хуралдаан дээр намын даргад тавьсан. Миний асуултад намын дарга “Бидэнд тийм бодол байсан. Гэхдээ энэ богинохон хугацаанд Засгийн газраа дахин бүрдүүлэх шаардлагатай байна. Гэтэл дахиад Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэхээр цаг их авна. Тиймээс одоо байгаа бүрэлдэхүүнээрээ бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өөр аргагүй. Ийм байдлаар намын Удирдах зөвлөл дээр шийдвэрлэсэн. Таны тавьж байгаа асуудлыг бид бодоогүй биш, бодсон. Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна” гэсэн албан ёсны тайлбарыг өгсөн.
-Хоёр нам нийлээд Засаг барихдаа сайд, дарга нарын суудлаас эхлээд агетлагууд руу хүртэлх суудлаа 60/40 орчимоор хуваасан. Одоо АН-ын бүх хүмүүсийг холдуулж, төр нэг хэсэг бужигнана гэсэн болгоомжлол хүмүүст бий болсон байна?
-Одоо УИХ-д 3/2 нь МАН, 3/1 нь АН байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг нэрийн дор УИХ-ын орон тоог ч гэсэн 60/40-өөр авсан. Одоо УИХ-ын байнгын хороо, дэд дарга нар өөрчлөгдөж таарна байх. Тухайлбал, зургаан байнгын хорооны гурав нь АН-ын бодлогоор явж байгаа. УИХ руу орж үүнийг өөрчилнө байх гэж би бодож байна.
-Цаашлаад дэд сайд, агентлагийн дарга энэ тэр гээд л явна байх даа?
-Баахан л халаа сэлгээ явна байх даа.
-Дэд сайд нар болон бусад хүмүүсийн асуудал хэдий үед хөндөгдөх төлөвтэй байна вэ?
-Өнөөдөр шинэ бүрэлдэхүүнээрээ хурлаа хийнэ гээд зарлаад байна шүү дээ. Агентлагууд чинь яамддаа харъяалагддаг учраас энэ сайд нар мэдэх байх.
-Бүлгийн хурал дээр Т.Ганди сайдыг өөр нэгэн сайдын хамт ажлаа өгөх гэж байгаа талаар ярьсан юм уу?
-Тийм зүйлийг сониноос л уншсан. Бүлгийн дарга хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх дөө тийм зүйл байхгүй гээд албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Тийм учраас байхгүй байх.
-Бүлгийн хурлын уур амьсгал ямархуу байсан бэ?
-Намын удирдлага, шийдвэр гаргах төвшиний хүмүүс чухам ямар бодлого, зорилгоор тэдгээр хүмүүсийн нэрсийг дэвшүүлсэн бэ гэдгийг мань мэт яаж мэдэх вэ. Заалнаас ч гэдэг юм уу Бүлгийн хурал дээр өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн хүн байгаагүй. Ерөнхий сайдын оруулсан, дэвшүүлсэн хүмүүсийг удирдах зөвлөл дээр яриад санал хураалт явуулсан.
-Хүмүүсийн анхаарлыг Ц.Дашдорж гишүүнийг ЗТБХБ-ын сайдаар санал болгосон нь олон хүний анхаарлыг татсан. Хэвлэлээр өмнө нь янз бүрийн таамгууд явж байсан ч санаанд оромгүй томилгоо явагдсан?
-Ц.Дашдорж гэдэг хүн ЗТБХБ-ын дэд сайдаар богинохон хугацаанд ажилласан хүн. Р.Буд гишүүнтэй өрсөлдөж, олонхийн дэмжлэгийг аваад гарч ирж байх шиг байна. Салбарт нь жаахан ажилласан гэх нэрийдлээр суудалд залдаг зүйл дэлгэрч.
-Ц.Дашдорж гишүүнийг та энэ салбарыг удирдахад хэр тохиромжтой хүн гэж бодож байна вэ. Энэ яаманд манай улсын хөгжил дэвшилд ач холбогдолтой олон асуудал төвлөрч байгаа?
-Цолмонгийн үед би дэд сайдаар их богинохон хугацаанд ажилласан шиг санаж байна. Хамтарсан Засгийн газрыг бүрдэж байхад дэд сайдын орон тоо гаргаж, томилогдож байсан. Х.Баттулгын барьж байсан бодлогыг одоо энэ хүн үргэлжлүүлээд зургаан сарын дотор хийнэ гэдэг шиг худлаа юм байхгүй. Тийм цаг хугацаа, боломж байхгүй. Энэ бол тав, зургаан сарын дотор хийх ажил биш. Бүтэн 3.6 жил ноцолдож байж тэр хүн УИХ-аас гарах шийдвэрүүдийг арай ядаж гаргуулсан. Одоо хөрөнгө мөнгөний асуудлуудыг шийдэж чадалгүй Засгаас гарлаа. Ер нь дэд бүтцийн салбарын ажлыг хийнэ гэдэг их хөрөнгө мөнгө шаардсан, нэлээд дадлага туршлага, мэдрэмж шаарддаг. Санааны зоргоор хийдэг ажил биш.
-Ирэх зургаан сарын хугацаанд дангаараа үүрэг гүйцэтгэх Засгийн газрын ирээдүйг юу гэж харж байна вэ. Хүмүүс эдгээр томилгооны заримыг мөнгөөр шийдлээ гэж байсан?
-Хүмүүсийн хийж байсан ажлыг л үргэлжлүүлээд явж таарна. 100 мянган айлын орон сууц бариад, 1100 км төмөр зам тавихгүй, аж үйлдвэрийн парк барихгүй нь ойлгомжтой. Хоёр нам хоорондоо шөргөөцөлдөж, биенийгээ сайн муугаар дуудалцана.Хамтраад ажилласан учраас хэн хэнийхээ сайн мууг нэлээд сайн мэдэлцсэн байх. Тэр нь нэлээд сайн гарч ирнэ байх. Би ингэж л харж байна. Түүнээс тэр ажил яаж явах нь ойлгомжтой.
-Нэг хэсэг хүмүүс дэд сайдын сунгаанд өрсөлдөж байгаа хүмүүсийг хараад хэдэн саяыг намдаа өгсөн бол хэд болгож авах бол гэж харж байна?
-Хүмүүс буруу ойлгоод байгаа юм. Сайд болохоор л нэг их мөнгийг очиж шийддэг том эрх мэдэлтэй болно гэж бодоод байх шиг байдаг. Энэ алба руу ийм байдлаар санаархаж байгаа хүмүүс бий. Уг нь энэ албанд очоод төрийн мөнгө идэж, сох дутаагаад л аваад байх боломжгүй. Харин өөр зүйлд зарцуулж, наанаа хэрэгтэй юм хийж байгаа юм шиг хэрнээ цаанаа юм хийж болдогийг би сайд хийж үзээгүй ч мэдэж байна. Үүнийг их сонирхдог байх. Би бол шал өөрөөр хардаг. Сайд болж цоллуулаад очино гэдэг маш том хариуцлагын асуудал. Би бол сайд хийнэ гэхээс айдаг.
-Таны нэр явж байсан шүү дээ?
-Манай сэтгүүлчдийн зарим нь миний ярилцлага, нийтлэлийг хараад энэ ямар хүн бэ гэдгийг хараад тэгж бичсэн юм шиг байна лээ. Энэ салбар бол миний мэргэжил. Дээр нь энэ салбарт хэдэн жил хэрхэн ажилласныг минь хараад хэвлэлээр нэр дэвшүүлээд байсан. Сайдын ажил хийнэ гэдэг бол маш хэцүү. Тухайн салбараасаа иргэддээ ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэдгээ харуулах чухал алба. Зарим хүмүүс үүнийг ойлгохгүй байх шиг байна. Намы бодлогоор ч юм уу өөр зүйл хийгээд байна. Уг нь энэ алба аж ахуйн албаны дарга л болж байна гэсэг үг шүү дээ. Аж ахуйн дарга чинь асар их мөнгийг зөв зүйтэй зохион байгуулалтад оруулж төрийн нэрийн өмнөөс иргэдийн төлөө ажиллаж байгаа хүн гэдгээ ойлгож ажиллах хэрэгтэй байх. Гэтэл зарим хүмүүс хэн юу гэж хэлнэ түүнийг нь биелүүлчихээд сууж байвал боллоо гэж боддог юм шиг байгаа юм. Одоо ч байгаа сайд нараас тийм хүмүүс бий. Сайд болохоороо хүмүүс чинь цөөн тооны хүнтэй харицаад бусадтай харицахаа болидог юм байна лээ. Уг нь маш хариуцлагатай, том ажил шүү дээ.
-Та сайд болбол?
-Миний сайдын бодол шал өөр. Нойр, хоолоо хагаслаж зүтгэх ёстой. Ингэж ажиллах гэж байгаа хүн өөрийгөө маш сайн бэлтгэх ёстой. Наадам наргианаа, өөрийн амьдралаа хойш нь тавьж байж зүтгэх хэрэгтэй. Ингэж ажиллаж байж Сингапурын Ерөнхийлөгч улсаа өндөр хөгжилд хүргэсэн байдаг. Иргэдийнхээ төлөө ажиллана гэдэг өөрийгөө хэн ч биш болгохыг хэлдэг. Төрөөс эрх нь олгогдож байгаа учраас Монгол Улсын иргэнийг дугаарлах, алагчлах зүйлийг тэр хүн гаргаж болохгүй. Сохор, доглон, архи уугаад агсан тавьж байсан ч тэр хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Өнөөх сая долоон зуун тавин мянган хүний нэг учраас тэр хүний төлөө ажиллаж байх ёстой. Тэгэх гэж тэр суудалд очиж байгаа хэрэг. Түүнээс очсон хойноо бод хийсэн боохой шиг пээдийгээд байвал ажил явахгүй. Өнгөрсөн 20 жилд тэгж явлаа. Х.Баттулга сайд өөрийнхөө хурал дээр илтгэл тавихад надад цаас, үзэг хэрэггүй гэж байгаад л ярьж байсан. Бүх болохгүй байгаа зүйлийг цээжээрээ чөлөөтэй ярьж байгаа биз. Гэтэл нөгөө хүн нь цаас шагайсаар байгаад л таарсан. Надад хувь тохиолоор энэ салбарыг удирдах боломж олдвол би яамны сайд хүн ингэж ажилладаг юм байна гэдгийг яруу тодоор харуулна. Таарахгүй бол би ямар сайд болно гээд хүмүүстэй үзээд байлтай нь биш. Гэхдээ эхлээд сонгуульд намаа ялуулчихаад дараа нь ийм зүйл нь яръя гэж бодож байна. Надад ийм санал ирэхгүй гэдгийг би мэдэж л байгаа л даа. Дөрвөн жилийн хугацаанд хүн их ажил хийнэ. Гэхдээ энэ УИХ хурал дотор ажил гацаадаг бул хар чулуунууд олон байна. Тэд нарыг л бульдозороор тэгшилж, сайхан газар дээр л юм хийхгүй бол ажил явахгүй.
-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тэргүүн шадар сайдаар ажиллахаар болж байх шиг байна. Ингэхээр дараагийн генсекийн асуудал хөндөгдөнө байх?
-Бүлгийн хурал дээр Д.Загджав бид хоёр намын даргаас У.Хүрэлсүх дарга бид нарыг авч сонгуульд орно биз дээ. Бид энэ хүнд итгэж байгаа гэсэн. Гэтэл сонгуульд У.Хүрэлсүх даргатайгаа орно гэж байсан.
-Давхар хийх юм уу?
-Манай нам чинь жаахан ардчилалтай, чөлөөтэй ярьдаг болсон. Бид Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгочиж болохгүй юм уу гэсэн. Гэтэл ирэх сарын 10-нд УИХ-ын чуулган завсарлахаас өмнө Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж амжихгүй. Тийм боломж байхгүй. У.Хүрэлсүх даргаараа удирдуулж хуралдаа орно. Манай намын дүрмэнд харшлахгүй гэсэн. Шадар сайдаа ч хийнэ, Нарийн бичгийн даргаа ч хийнэ.
С.Энхзаяа
URL: