Ирэх сард уушгины хатгалгааг бууруулах вакцин хийнэ
Орхон /МОНЦАМЭ/. Ирэх сарын нэгээспневмококийн шалтгаант уушгины хатгалаа өвчнөөс сэргийлэх пневмококийн эсрэг 13 цэнт вакцин, халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцинжуулалт Орхон аймагт эхэлнэ.
Үүнийг Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийх аж. Уг хөтөлбөр 2017-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд дархлаажуулалтын цахим бүртгэлийг улсын хэмжээнд хийх, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, халдварт өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлж дээрх хоёр вакцинийг нэмэлтээр хийж буй.
Пневмококийн эсрэг 13 цэнт вакциныг ирэх сарын нэгээс хоёр сартай хүүхдэд гурван удаагийн тун буюу 2,4, 9 сартайд нь товлолын дагуу хийнэ. Уг вакцин нь уушгины хатгалгааг бууруулах, хүндрэлийг багасгах ач холбогдолтой.
Үүнийг 2016-2018 онд Улаанбаатар хотын хүүхдүүдэд хийхэд уушгины хатгалгаагаар өвдөх үеийн хүндрэл 40, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэл 27 хувиар буурсан эерэг дүн гарчээ. Иймд улс орон даяар уг вакциныг дөрөвдүгээр сарын нэгнээс хийхээр боллоо.
Мөн халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг таван сартай хүүхдэд нэмэлтээр хийнэ. Халдварт саагийн эсрэг товлолт вакциныг хүүхдэд 24 хоног, 2, 3, 4 сартайд нь хийдэг бол нэмэлтээр таван сартайд нь хийх юм. Дээрх хоёр вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч хийнэ.
URL: