Троллейбусны сэлбэгээр өндийсөн Г.Төмөрбаатар хотын орлогч болох гэнэ

55929407_2215177871854521_6456344050806030336_n-696x437Төрийн албан тушаалыг урамшуулал нэрээр наймаалцдаг, хямд үнэтэй сэлбэгийг хэд дахин өндөр үнээр худалдан авч, дундаас нь ашиг хүртэж байж болзошгүй хэмээн Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатарын хууль бус үйлдлийнх нь талаарх ноцтой баримтуудын зах зухаас Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос мэдээлэл хийж, олон нийтэд хүргэж байсан цаг саяхан. Тухайлбал, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын Үйлдвэрчний Холбооны тэргүүлэгч Г.Болорсүх тухайн үед хэвлэлийн бага хурлын үеэр Контактын шунт 100 айл барилгын материалын захад 35 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг. Гэтэл эл сэлбэгийг Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл 280 мянган төгрөгөөр худалдан авч байна.

Мөн БНХАУ-аас 2.5 сая төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумляторыг 6.8 сая төгрөгөөр худалдан авч байгаа талаар мэдэгдэж байв. Гэтэл улсын төсвийн мөнгийг хувьдаа завшиж байна гэгдэж байсан нөхөр хариуцлага тооцогдож, шалгуулах бүү хэл Нийслэлийн Засаг даргын Орлогч болохоор сэрүүн зүүдэлж явна. Тэрбээр нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирлаар томилогдож очсон даруйдаа өөрийн багийг бүрдүүлж, дэд захирал, ерөнхий нягтлан, баазын дарга, хангамжийн албаны дарга, албаны дарга зэрэг алба тушаалуудад өөрийн болгосон гэгддэг. Ингэхдээ өмнөх нөхдийг нь “Эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах” гэх нэгэн утгат өргөдлүүд бичүүлж аваад дэд захирал М.Цэвээн-Очирт 14 сая, ерөнхий нягтлан бодогч Д.Юнгэрт 13 сая, Хангамжийн албаны дарга Г.Насанбатад 7.8 сая төгрөгийн тэтгэмж нэрт мөнгө атгуулаад явуулсан гэж байгаа. Уг нь хэн нэгэнд ямарваа мөнгөн тэтгэмж олгох бол үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр олгох ёстой атал мань Г.Төмөрбаатар дээрх тэтгэмж нэрт мөнгөнүүдийг өөрийн дураар захиран зарцуулсан байгаа юм. Ийнхүү багаа бүрдүүлсэн түүний Төрийн өмчит компани дээр дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх “эрх чөлөөт” цаг эхэлсэн байдаг. Цахилгаан тээвэр буюу троллейбусны сэлбэгийг манай улс урд хөршийн “Смест” гэх нэртэй компаниас хямд үнээр худалдан авдаг байж. Өөр компанийн үйлдвэрлэж байгаа сэлбэг манай троллейбусуудад таардаггүй байна. Тэгээд ч “Смест” компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэж байгаа сэлбэгийнхээ үнийг нэмж байгаагүй аж. Гэтэл Г.Төмөрбаатар томилогдож ирсэн цагаасаа энэ горимыг огцом өөрчилж хэт өндөр үнэтэй сэлбэг худалдан авдаг болжээ. Тухайлбал, троллейбусны чоперыг “Смест” компаниас 19 сая төгрөгөөр авдаг байсан бол мань эр ирүүтээ 49.5 сая төгрөгийн үнэтэйгээр авах болж. Түүнчлэн 30 мянган төгрөгийн мөнгөн контактыг 150 мянга, 2.6 сая төгрөгийн өртөгтэй цахилгаан аккумляторыг 6.8 сая төгрөгөөр авч эхэлсэн байдаг. Тэр байтугай цахилгаан тээврийнхэн гучин таван мянган төгрөгөөр 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдаад авчихдаг байсан сэлбэгийг нь  280 мянган төгрөгт хүргэсэн байгаа юм. Энэ мэтчилэн 20 гаруй сэлбэг, тоног төхөөрөмжийг хэд дахин өндөр үнээр худалдан авдаг болсон “гавьяа” Г.Төмөрбаатар захирлынх.

Хамгийн ичмээр нь тэрбээр БНХАУ-ын “Смест” компани сэлбэгийн үнээ хэд дахин нэмэгдүүлсэн гэх ойлголтыг шалгалтаар очсон нөхдөд өгч байсан гэж байгаа. Манай “шалгалтынхан” ч ойлголцоод буцдаг байж. Гэтэл тус компанийн албан ёсны цахим хуудаст сэлбэгийн үнийн дүн огт өөрчлөгдөөгүй байсан гэдэг. Эцэст нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан шалгаж, “Хул хүж”, “Тэнүүн цацрал”, Их орд финанс”, “Их орд” эко лайн, “Намуун мандал”, “Зууны булаг” компаниуд хэт их өндөр үнээр сэлбэг нийлүүлж байсан нь тогтоогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Төмөрбаатар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн гэсэн үг. Харамсалтай нь, төрийн мөнгөөр сагатлаа туйлсан Г.Төмөрбаатар захиралд хэн ч хариуцлага тооцоогүйгээр үл барам мөнөөх хөмсөг, нүдээрээ гоёсон эр нь өдгөө Хотын Орлогч дарга болохоор зэнзэгнэж явна.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих