Төгрөг түүнд бууж өгөхгүй!

Үгсэн тохиролцон, үнээ нэмсэн гэгдэн буруутгагдаж буй импортлогчид буруутан болж үлдэхгүйг хичээцгээж байна. Гэсэн ч, ам.долларын ханшийн чангаралтаас үүдэн  шатахууны үнийг 20 хувиар  өсгөсөн гэх үндэслэл нь батлагдаж өгөхгүй тэднийг зүдрээж байна. Импортлогчдын үнээ нэмэх болсон үндэслэлийг эдийн засагчид харилцан адилгүй байр суурьтай хүлээж авч байв. Тухайлбал, “Монголбанк ханшийг албаар өсгөж, эрэлтийг нэмэгдүүлж байгаад интервенц буюу валютын нийлүүлэлт  хийж байна” гэх нь ч байсан. Харин өнөөдрийн тухайд долларын ханш хадуурчихаагүй байна.  Сүүлийн хоёр сарын хугацаанд чангарсан ам.доллар суларч, Монгол төгрөг түүнээс хариугаа авч байгааг илтгэх үзүүлэлтүүд тэмдэглэгдсээр.

Арванхоёр хоногийн өмнө “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларыг 1445 төгрөгөөр авч  1452 төгрөгөөр арилжаалж байсан бол өчигдөр оройн 18.00 цагийн үед 1395 төгрөгөөр авч, 1398 төгрөгөөр арилжаалав. Харин  Монголбанкны хаалтын ханш 1,393.13 төгрөг байгаагаас харахад  захын болоод төв банкны ханшийн зөрүү ойртжээ.  Ам.долларын ханш 6-ны өдөр валютын зах дээр 1452 төгрөг байхад Монголбанкны хаалтын ханш 1428,35 төгрөг байсан юм.

Төв банк сүүлийн сар гаруй хугацаанд эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлж байгаагийн уршигаар долларын ханш өсөөд байгаа гэсэн тайлбарыг хийж байсан. Тайлбар хийхийн зэрэгцээ 10, 11, 12 сард гадаад худалдааны баланс алдагдалтай гарч, ам.долларын ханш өсөлтийг үзүүлэхэд, шаардлагатай үед нь интервенц хийж нийт  валютын нөөцийнхөө 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 280 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн гэсэн мэдээллийг удирдлага нь албан ёсоор өгсөн. Түлшний үнэ нэмэгдэж сандаргахаас нэг хоногийн өмнө буюу 5-ны өдөр  интервенц хийж, банкуудаас ирүүлсэн захиалгын 78.7 хувь буюу 66.35 сая ам.долларыг 1414.00 төгрөгийн хаалтын ханшаар худалдаж байсан.

Харин түлшний үнэ нэмэгдсэнээс хойш зургаан өдрийн дараа буюу 12-нд  дуудлага худалдаагаар банкууд 1370 төгрөгийн доод ханш, 1396.10 төгрөгийн дээд ханштайгаар 23.3 сая ам.доллар худалдан авах саналыг ирүүлж,  Монголбанк 1396.10 төгрөгийн хаалтын ханшаар 4 сая ам.доллар худалдсан байгаа. Тэгвэл өчигдрийн дуудлага худалдаагаар банкуудаас 1380 төгрөгийн доод ханш, 1398 төгрөгийн дээд ханштайгаар 16.8 сая ам.доллар худалдан авах саналыг ирүүлжээ. Харин  Монголбанк 12 сая ам.долларыг 1390 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдсан аж.

Эндээс банкуудын долларын эрэлт тийм ч өндөр биш байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас Л.Пүрэвдорж эрхмийн хэлж байсанчлан валютын нөөцөө цацан ханшийг барих  оролдлогоос татгалзаж байгаа нь харагдаж байгаа юм. Мөн  төв банк цагаа олж интервенц хийгээгүй нь  ам.долларын ханшийг өсгөхөд хүргэсэн байж болзошгүй гэсэн байр суурийг энэ нөхцөл байдал үгүйсгэж байна. Тэрчлэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал  Б.Түвшинтөгс  “Монголбанкны интервенц цагаа олоогүй” гэсэн байр суурьтай санал нийлэхгүй байгаагаа хэлж байсан юм.

Ер нь бол Монгол Улсад  экспортоор хэчнээн хэмжээний доллар орж ирэв. Импортоор хэчнээн хэмжээний доллар гарав гээд төлбөрийн тэнцлийг харахад  алдагдалтай орж байгаа нь, гадагш гарч байгаагаасаа бага байгаа. Мөн төгрөгийн нийлүүлэлт 60 хувиар өссөн,  банкуудын долларын хадгаламж өсөлттэй зэрэг нөхцлүүдийг харахад төгрөг сулрах төлөв ажиглагдаж байгаа  гэдгийг хэлж байсан.

Монголбанкны зүгээс бол гадагшилж байгаа валютын хэмжээ нэмэгдсэний гол шалтгаан  хувийн хэвшлийн эрэлт өссөн, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй уялдаад импортын эрэлт огцом өссөн.  Цэвэр орлогын, төлбөрийн тэнцлийн, урсгал тэнцлийн гурван гол дансаар гадагшилж байгаа валютын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор богино хугацааны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүссэн. Улмаар  төгрөгийн валюттай харьцах ханш суларсан гэж тайлбарлаж байгаа юм.

Энэ нь  дотооддоо үйлдвэрлэдэггүй, бүтээдэггүй Монгол Улсад гаднаас шууд хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа ч, дараагийн шатанд ажил хэрэг болохын тулд гаднаас худалдаж авах хэмжээ ихээхэн нэмэгдэж байгаагаар тайлбарлагдах юм.

Тодорхой болгох үүднээс, 2011 оны арваннэгдүгээр сарын гадаад худалдааны  дүнг харахад  нийт экспорт 68.7 хувиар  өсч 4303.9 сая ам.долларт хүрсэн бол  импорт 107.8 хувиар өсч  5967.3 сая ам. долларт тус тус хүрсэн байгаа. Импортын өсөлтийн хурд экспортынхоос 1.6 дахин илүү байснаар нийт гадаад худалдааны алдагдал 1663.4 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 415.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.9 дахин өссөн гэх тоон мэдээлэл байгаа юм.

11 сарын байдлаар нийт импорт 5967.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт. Хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 2.3 дахин өсч 1077.5 сая ам.долларт,  нефтийн импорт 1.6 дахин өсч 1005.8 сая ам.долларт, тээврийн хэрэгслийн импорт 2.9 дахин өсч 972.6 сая ам.долларт тус тус хүрсэн байна. Харин нийт импортын 79.0 хувийг  валютын төлбөртэйгээр, 18.7 хувь буюу 1117.9 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна. Тэгэхээр ам.долларыг чангарахад хүргэсэн импорт өсөлттэй байгаа гэдгийг дээрх тоонуудаас харж болж байна.

Ер нь бол  2011 онд Монгол Улсад орж ирсэн, гарсан валютын хэмжээ 6 тэрбумаар хэмжигдэх тухай яригдаж байгаа ч, ҮСХ-ны цуглуулж байгаа мэдээлэлд,   төлбөрийн тэнцэл дээр харагдахгүй. Угаас тооцоолж, хянах тогтолцоо нь манайд байхгүй гэдгийг Б.Түвшинтөгс эрхэм  хэлж байсан юм.  Цаашлаад, Монгол Улс валютын чөлөөт урсгалтай, мөнгө санхүүгийн бодлогоороо дамжуулаад тогтворжуулаад явдаг  орон байх юм уу.  Эсвэл зохицуулалттай орон байх юм уу гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа тухай ч ярьж байгаа юм.

Харин Монголбанкны Монголбакны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө  “… Ханшийн огцом өөрчлөлтийг зөөлрүүлэх нөөц хангалттай байгаа. Өнгөрсөн хугацааны их хэмжээний валютын дотогшлох урсгалын үед илүүдэл валютыг захаас татаж, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авснаар гадаад валютын албан нөөц түүхэн дээд түвшиндээ хүрч, өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум ам.доллар байна”  гэж ярьсан байгаа юм.

Тэгвэл нөөц хангалттай гэдэг дээр мөн л эдийн засагчдын байр суурь харилцан адилгүй байгааг хэлэх байна. 2000-аад онд 100-200 саяар хэмжигдэн яригдаж байсан валютын нөөц 2007 онд  975.3 сая  ам.доллар,  2008 онд 637.2  ам.доллар болж өссөөр 2011 онд 2.5 тэрбумд хүрээд байгаа нь өндөр үзүүлэлт ч, энэ нөөц нь 8 тэрбум ам.долларын эдийн засагт хангалтгүй гэж байх юм.

Ямартай ч, одоогийн болоод ойрын нөхцөл байдлыг харахад монгол төгрөгийн ханшийг  огцом хэлбэлзлээс хамгаалах нь тулгамдсан асуудал болоод байна. Валютын захын тогтвортой байдлыг хангахын тулд валютын ханшийг барих ёстой. Харин барихын тулд төсөв, зардлаа хасах, нөөцийн валютаа худалдах, мөн ханшийг алгуур явуулах гэсэн үндсэн гурван арга бий гэж байгаа. Манай тухайд төсөв, зардлаа хязгаарлах аргыг хэрэглээгүй гэдгийг Л.Пүрэвдорж эрхэм хэлсэн. Энэ нь “..бодит чадавхиасаа давсан дотоодын хэрэглээг төсвийн хэт тэлэлт өдөөсөөр л байгаа. Нийлүүлэлтийн чадавхиас эрэлт нь даваад эхлэхээр эдийн засгаас импорт, үйлчилгээний төлбөр хэлбэрээр гарах валютын хэмжээ огцом өсч эхэлсэн” гэх  Д.Дэлгэрсайхан захирлын тайлбартай уялдаж байгаа юм. Гэхдээ энэ нь Монголбанкны үйл ажиллагаанд “но” байхгүй гэсэн үг биш. Төв банкин дээр томилогдон ажилласан Ажлын хэсгээс Монголбанкийг ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч зах зээлд интервенц хийх замаар валютын эрэлтийг зохицуулах алхам хийсэн ч мэдрэмж муутай, үр ашиг багатай ажилласан.  Үр ашигтай зохицуулалтыг зах зээлд тасралтгүй хийж чадаагүй гэх дүгнэснийг эцэст нь сануулах байна.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих