Сүхбаатар аймгийн Засаг дарга 15 сая төгрөгийн хэрэгт унав
Компаниудаас төрийн болон төрийн бус байгууллагуудад хандив, тусламж нэрээр мөнгө, эд зүйл, тоног төхөөрөмж өгсөн талаарх мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасардаггүй. Зарим байгууллагын дарга нар тусламж, хандивын тэрхүү мөнгийг аваагүй хэмээн гүрийх болжээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар 2010 онд “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас 15 сая төгрөгийн хандив авчээ. Гэтэл аймгийн ЗДТГ-ын тухайн жилийн санхүүгийн тайланд тэр мөнгийг хэрхэн зарцуулснаа тусгаагүй “бултуулсан” нь аудитаар илэрсэн байна.
Мэдээжийн хэрэг хандивын мөнгө хэрэгтэй гэж Засаг дарга нь “Петро Чайна” компанийн удирдлагуудтай уулзаж яриа, хөөрөө хийсэн байж таарна. Түүнээс биш мөнгө өөрөө ЗДТГ-ын дансыг олоод орчихгүй байх.
Хандивын мөнгийг энэ мэтээр зувчуулсан явдал нь Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга төслийн тайлан болон хэвлэгдсэнээр хэрэг мандаж эхэлжээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга хандивын мөнгөө юунд зарцуулсан талаар тайлбар хийгээгүй таг чиг болсны цаана ямар учир байгааг холбогдох байгууллагууд нь шалгах биз.
Д.Сүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: