Эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар хэн юу гэв
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөхдөө эрүүдэн шүүсэн ажиллагаа явуулсан бичлэгийг гишүүдэд хаалттай үзүүллээ. Гишүүдээс энэхүү бичлэгийн талаар асуухад дараах товчхон хариултуудыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ”Их л муухай юм харагдаж байна. Иймэрхүү зүйлүүдээ ил тод болгох хэрэгтэй. Нэг камерт орчихоод дарамталсан, муухай л юм харагдаж байна. ҮАБЗ-өөс гарч байгаа дүгнэлт, зөвлөмж нь тодорхой байх ёстой. Эрүүдэн шүүсэн, дарамталсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нь батлагдсан тохиолдолд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг шийтгэдэг заалт байх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлаад чуулганаар орсон. Гэвч дэмжигдээгүй”
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ”Бичлэгийг үзэхэд тэвчишгүй л юм байна. Эрүүдэн шүүж, бие махбодь болоод сэтгэл санааны хувьд яаж дарамталж, хэрэг хүлээлгэж байгаа нь аймшигтай. Үгээр хэлж чадахгүй байна. Ил болсон мэдээлэл учраас хэвлэл мэдээллээр гарах байх гэж бодож байна”
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил“Бичлэгийн дараа мэдээж ийм харгис, хэрцгий, эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, эсвэл үүнийг хөхүүлэн дэмжсэн, зогсоох ёстой байтал зогсоогоогүй хүмүүст нь хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл оноох ёстой. Мөн хэрцгий балмадаар хилс хэрэгт гүтгэгдээд яллагдсан хүмүүсийг хуулийн байгууллага дахин хэлэлцэж, яаралтай суллаж, энэ хүмүүсийг ар гэртэй нь бушуухан уулзуулж, монголын төр уучлал гуйх ёстой. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, яагаад ийм алдаа дутагдал гарав гэдэгт УИХ дүгнэлт хийх хэрэгтэй”
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ”Хүнийг яргалах замаар хилсээр ял тулгасан байна. Хүнийг нойргүй хонуулж, явган суулгаж, суниалгаж, өөр ялтныг оруулж, тэр дундаа эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, албаар ял тулгаж байгаа бичлэг байна. Үүнийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Олон нийтэд шууд задлахыг бас бодолцох ёстой. Энэ нь хуулийн хяналтын байгууллагын нэр хүнд, төрд итгэх итгэлтэй холбоотой асуудал. Ард түмнээс нууж байгаа юм биш. Гэхдээ зайлшгүй шаардлага гарвал үзүүлэх боломжтой. Нууцаас гарсан бичлэг. Үндсэндээ жил гарны бичлэгийн эхний зургаан өдрийн бичлэг. Нотлох баримтаа устгасныг сэргээсэн бичлэг. Мөн Д.Булгантай холбоотой ч юм уу бичлэгүүд байгаа. Үүнийг прокуророос зөвшөөрөөгүй учраас үзүүлэх боломжгүй. Цаашдаа ийм зүйл битгий болоосой гэж бодож байна”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголын хууль хяналтын салбарт үүссэн завхрал гажуудлыг арилгах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн баталж байна. Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсон гэж Монголын ард түмэн ярьж байгаа. Яагаад яргын машин болсон бэ гэдгийг УИХ-ын гишүүд Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын материал, бичлэгтэй танилцлаа.
Монгол залууд хэрэг тохохын тулд жорлонгийн баастай, шээстэй усыг толгой дээр нь асгаж байхыг харлаа. Эмэгтэй хүний өрөөнд дөрвөн удаа хүн амины хэрэгт холбогдсон гяндангын ялтныг шөнийн цагаар шалдан оруулж байхыг бид нар харлаа. Хэрэг хүлээлгэхийн тулд ээжийнх нь хашаанд цогцос хаяж байхыг бид харлаа. Монгол Улсын жирийн нэгэн залууд хүн амины хэрэг тохохын тулд зургаан хоног камерт нь гяндангын хоёр хоригдлыг оруулж баруун солгойгүй зодож байхыг харлаа. Гар дээр нь суниалгаж галуун цуваа хийлгэж байхыг харлаа.
Шээсээ толгой дээр нь асгаж байхыг харлаа ХХI зууны Монголд хоолонд нь мансууруулах бодис холиод ухаан мэдрэлгүй болгосон гэх мэдээлэл бидэнд байна. Ээжид нь хүн амины хэрэг тохохын тулд хүүхдийг нь цааш харуулсан магадлал ч байна. Ийм аймшигтай гэмт хэргийг зориуд зохиомол хэрэг үүсгэж С.Зоригийн хэргийг хаах зорилготой ажилласан прокурор, мөрдөн байцаагч, тагнуулын ажилтныг үтэр түргэн өөрчлөхийн тулд энэ хуулийг баталж байгаа юм”
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Маш муухай юм байна. Өөр хэлэх зүйл алга. Үгээр хэлэхийн аргагүй. Даралт ихтэй хүн үзэж хэрэггүй юм байна”
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хууль шүүхийн байгууллагаар хэрэг нь тогтоогоогүй үед эрүүдэн шүүх ажиллагаа явуулж болохгүй. УИХ энэ асуудлыг шударгаар, зөв шийдвэр гаргах ёстой гэж бодож байна”
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Засгийн газар энэ бичлэгийг мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад болохгүй хэсгийг үзүүллээ. 20 орчим минутын бичлэгийг үзэхэд Монголд ийм зүйл байдаг юм болов уу гэж гайхмаар байна. 461 дүгэээр саатуулах төвд Энгийн хүний наад захын агааржуулагч, ус, жорлон байхгүй байна. Б.Содномдаржаагийн өрөөнд Амгаланбаатар ялтанг оруулж, шөнөжин унтуулахгүй тамлан зовоож эрүүдсэн байна. Мөн Чимгээгийн өрөөнд н.Амгаланбаатар орж, хэргээ хүлээ гэж дарамталсан бичлэг байна”
Erennews.mn
URL: