Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Тэр нь Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох, болохгүйг хамгийн хурдан ойлгуулах хүн бол Х.Баттулга. Тиймээс би урилгыг хүлээж аваад, үгүй гэж хэлэхээр ирж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэглэж болохгүй. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед хүнийг гаднаас хулгайлж авчирч, хуруу гарыг нь хугалж тамалж зовоож байсан. Үүнийхээ төлөө одоогийн ХЗДХ-ийн сайд уучлал гуйж, энэ албыг ахиж хашмааргүй байгаа юм. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй. Монгол Улс өнөөдөр шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хууль шүүхийн байгууллага уг нь их дээрдэж байсан. Авлигын индексээрээ ОУ-д 120д жагсаж байгаад 70-руу ороод ирсэн. Бүр 50 байр урагшлаад байсан” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын оймсыг гозолзуулж байсан цаг саяхан. Харин одоо таны оймс гозолзуулахад тун ойрхон байна гэж улстөрчид ярьж байна?
-Н.Энхбаярт би уучлал үзүүлж байснаа их сайн санадаг юм. Хэн ч ямар ч албан тушаалтай бай, хууль шүүхийн байгууллагаас дуудсан бол бүгд очих ёстой гэж би боддог. Зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очиж байгаа нь би хууль шүүхийн байгууллагыг хүндэлж байгаа нь тэр. Н.Энхбаярыг хуулийн байгууллагаас 12 удаа дуудсан байдаг. Тэгээд хуулийн байгууллага аргагүй эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг юм.
-С.Зориг агсантай холбоотой хэрэгт та ямар байр суурьтай байгаа вэ. Та Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ?
-Аливаа хүн амины хэрэг, ялангуяа Төрийн зүтгэлтний амь насыг хөнөөсөн хэрэг хоёр шаттай л байдаг. Нэгдүгээрт, алуурчныг олох, хоёрдугаарт, захиалагчийг олох. Гэхдээ би энэ хэргийг гурван шаттай гэж харсан. Гурав дах нь ямар учиртай вэ гэхээр ямар учраас илрэхгүй ингэж удав аа гэж. Гэтэл одоо дөрөвдэх шат гэж ирж байна. Энэ нь Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат. Ямар учраас Ц.Нямдорж ийм ажиллагаа хийж байгааг одоо шалгаж чадахгүй бол хэзээ нэгэн цагт монголын ард түмэн хариултыг нь нэхэж л таарна. Шалгаж л таараа. Энэ хэргийн учир олдоно гэж итгэж байгаа.
-Та ҮАБЗ-ийн гишүүн байсан. Гэтэл одоо хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөс чөлөөлдөг болох гэж байна. Энд та ямар байр суурьтай байгаа вэ?
-ҮАБЗ-ийн Их хуралд оруулсан хууль өнөөдөр батлагдах уу, батлагдахгүй юу гэдэг нь асуудал бараг биш болчихлоо. Энэ хууль өнөөдөр батлагдахгүй байсан ч дахиад л орж ирнэ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч айдас гэдэг юмыг улстөрчдийн зүрхэнд суулгаад өгчиж байна. Ер нь та бүхэн мэднэ дээ. Хууль, шүүхээс зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод өөр юу хийх юм бэ. Өөрийнхөө хамтарч байсан хамсаатнуудынхаа хэргийг алга болгож байна. 280 сая доллар, 8 тэрбумынхаа хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байна. Өчигдөр баахан хэрэг дурдаж ярьчихаад тэр тухай дурдах ч гүй байна лээ. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар дуугарсан ч гүй. Энэ бол ойлгомжтой.
-Та Б.Хурц гэдэг хүнтэй яг ямар холбоотой юм бэ?
-Намайг Ерөнхий сайд хийж байхад Б.Хурц гэдэг хүн тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Ажил үүргийн шугамаар л хамтарч ажилладаг байсан.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх таныг өөрийг нь шударга бусын хонгилоор чирсэн гээд байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Ийм байхаар Монгол Улсад яаж шударга ёс тогтох вэ дээ. Шүүх нь шийдээд гурван шатны шүүхээс энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гээд шийдчихсэн байна. Шүүх хурлын бүх материал ил байгаа. Шүүхээс видеог нь аваад үзэх хэрэгтэй. Прокурор, шүүгч яагаад ямар үндэслэлээр ялласныг харах хэрэгтэй.
Б.Анир
URL: