АТГ: Талийгаачийг хахууль өгөх гэмт хэргийн хамжигчаар сэжиглэн шалгаж байсан
АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурал болсон. Хурлын үеэр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байх явцад амь насаа алдсан талийгаачийн хэргийн мөрдөн шалгалтын явцын талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулав.
-ШШГЕГ-т саатуулагдаж байгаад нас барсан шүүгчийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ?
-Харамсалтай хэрэг боллоо. Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч, ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэй хэргийг Шүүхийн шинжилгээний байгууллага, цагдаагийн байгууллага хянаж байх явцад их хэмжээний мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан юм. Хэрэг шалгах явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй үндэслэл тогтоогдсон учир талийгаачийг сэжиглэн баривчилсан.
Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хураасан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас 48 цагийн хугацаанд сэжигтнээр баривчилсан. Сэжигтнээр баривчилсан хугацаа нь дуусаад биднийг авахаар очиход энэ харамсалтай хэрэг гарсан байв. Зарим хэвлэлээр гарч байгаа шиг 48 цагийг нь хэтрүүлсэн асуудал байхгүй, бүгд хуулийн дагуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа байсан.
Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэгт цаашид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, гэм буруутай этгээдүүдийг нь олж тогтоох ажиллагаа хийгдэнэ.
-Талийгаачийг ямар зүйл ангиар сэжиглэн баривчилсан бэ?
-Хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа юм. Өмнө нь Эрүүгийн хуульд “зуучлах” гэж гэмт хэрэг байсан. Зуучлах гэсэн гэмт хэргийг шинээр буюу 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар “өгсөн”, “авсан” гэмт хэргийн “хамжигчаар” тогтоосон юм. Энэ хуулийн дагуу энэ хүнийг хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг дээр хамжигчаар сэжиглэн шалгаж байсан юм
Талийгаач нас барсан хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа учраас манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Талийгаачтай хамт хэн хэнийг хорьсон бэ?
-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль өгсөн гэмт хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ хэрэгт холбоотойгоор хорьсон хүн байхгүй. Энэ баривчлах ажиллагааны үеэр таван хүнийг баривчилсан.
URL: