У.Хүрэлсүх засгийн газрыг хуучин МАХН-ын төв хороо болголоо

-МАН-ын генсек хариуцлага хүлээхээс бултлаа- “МАХН нэрээ сольж МАН болсноор ирэх сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэдэг үгийг У.Хүрэлсүх намынхаа XXVI их хурлын үеэр бардам хэлснийг  одоо ч хэн бүхэн санаж байгаа нь мэдээж.

Намынхаа их хурал дээр ч гэж дээ МАХН-ын хамгийн сүүлийн хуралдаан л даа. Намын генсек сонгуулийг бүрэн удирдаж, зохион байгуулах үүрэг хүлээдэг болохоор У.Хүрэлсүх хүссэн хүсээгүй бүх хариуцлагыг хүлээх нь тодорхой учраас энэ үгийг бардам хэлсэн байх гэсэн таамаг ч тухайн үед байсан.

Тэр ч утгаараа намын нөхөд нь итгэл хүлээлгэж бүхэл бүтэн 70 жилийн түүхтэй намд 20 жилийн түүхийг автоматаар нэмэх бонусыг шууд бэлэглэж, 90 жилийн түүхт нам хэмээх том малгай өмсөхийг нь нэгэн зэрэг хүлээн зөвшөөрсөн юм.

Ингээд У.Хүрэлсүх хэмээх нөхөр МАН-д сонгуулийн ялалт, ялагдлын алийг нь авчрах бүхий л үүргийг “хар толгойгоороо” хариуцаж намынхаа нэрийг Дээд шүүхэд бүртгүүлсэн. Харин түүний ой санамжаас хэлж байсан үг нь хэдийнэ арчигдчихсан явж байгаа бололтой юм. Тиймээс түүний хэлсэн “хариуцлагыг би үүрнэ” гэсэн энэ үгийг эргэж сануулах цаг нь ирсэн бололтой. Учир нь Ардчилсан нам хамтарсан засгаас гарч МАН өөрийн Засгийн газраа бүрдүүлэх ажиллагаанд тэрбээр идэвх санаачилгатай оролцож, Тэргүүн шадар сайдын суудалд очлоо. Энэ үйлдлээрээ тэрбээр сонгуулийг өөрийн гараар удирдах хариуцлагаас өөрийгөө мулталж байгаа хэрэг. Тэртээ тэргүй Тэргүүн шадар сайдын орон тоо хэрэггүй. Хоёр нам засгийн эрхийг хамтарч барьж байхад л энэ албан тушаал байх ёстой гэж үзсэн байхад очиж очиж У.Хүрэлсүх уг албан тушаалд зургаахан cap сандайлж суух гэж зүтгэхийн учир юу вэ. Намдаа амлалт өгсөн, чадварлаг боловсон хүчнээс гарах үйлдэл энэ мөн үү.

МАН-ын гол боловсон хүчнүүдийг намын үйл ажиллагаанд чиглүүлэх бус төр, засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой хэмээн үзэж, У.Хүрэлсүхийг МАН-ын Засгийн газарт оруулах сонголтод хүрсэн тухай намын удирдлага хэлж байгаа. Гэтэл яг үнэндээ энэ нь МАН Засгийн газраа хуучин цагийн МАХН-ын Төв хорооны бүтцээр байгуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн хувьд тус намын туршлагатай шилдэг боловсон хүчнүүд гэдгийг намын дарга онцолж байгаа ч харин ч шилдэг хариуцлагаас мултрагчид гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл, тэд намдаа шилдэг нь гэж үнэлэгддэг юм байж, харин Засгийн газарт шилдэг нь байж чадах уу. Хамгийн гол нь зургаахан сарын хугацаанд шүү дээ. Юу юугүй сонгууль болох гэж буй энэ цаг үед хэлж ярьснаа умартаж, Засгийн газар руу шургалж өөрийнхөө хувийн ашиг сонирхол амбийцыг хөөсөн шиг “хариуцлагыг би үүрнэ” гэдэг брэнд үгээ хэлээд Монгол Улсын эрх ашгаар гараа угаахгүй гэх баталгаа лав байхгүй. Нам засаг хоёрыг хооронд нь шууд утгаар нь хутгаж бантагнуулах ажиллагаанд тэрбээр оролцох нь мэдээж.

Харин У.Хүрэлсүхийн гишгэсэн мөр нь балраагүй байгаа үйлдлүүдийг Я.Содбаатар үргэлжлүүлэн авч явах нь тодорхой болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн найдвартай ар тал байж, галтогоотой нь зууралдсан гэдэг утгаараа Я.Содбаатар нэр хүнд нь навс уначихсан байгаа намынхаа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг хүлээнэ. Хэдийгээр У.Хүрэлсүхийн далд дохиураар ажиллах ч гэлээ нам ялагдал хүлээвэл хариуцлагыг Я.Содбаатар үүрэх нь тодорхой. Тэр цагт МАХН-ыг МАН болгож хоёр хэсэг хувааж нэр хүндийг нь шороотой хутгасан хариуцлагыг У.Хүрэлсүхээр үүрүүлэхээ МАН-ынхан мартахгүй л байх нь чухал биз.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих