Ю.Цэдэнбал ба Монгол дахь сонгуулиуд

712-15536505131547117529_olloo_mn_1474081506_bal1. 1984 онд Монголын удирдлага дахь зарим хүн гадаадын коммунист нам, тагнуулын байгууллагын оролцоотойгоор Ю.Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсны дараа манайд хагас нойрмог байдлаар, инерцээр шахам явсан нийгэм, эдийн засаг ная, ерээд оны заагаар хямралд орсны улмаас олон түмний дургүйцэл туйлдаа хүрч, бослого хөдөлгөөн дэгдэн, хуучин дэглэм унаж, МАХН хамгийн хүнд цохилтод өртөх болсон юм. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авсан нь “Шудрага бусын хонгил” руу орж, улмаар ангал руу үсрэхийн эхлэл болжээ.
2. 1990 оны олон түмний хөдөлгөөний шуурган дунд “чоно борооноор” гэгчийн үлгэрээр урьд нь мэдлэг чадвар, ёс суртахуун, хувийн зан төрхийн улмаас албан тушаалаас шахагдан бууж байсан хүн эрх баригч намын удирдлагад гарч, хариуцлага дутсаны улмаас ажил унагаж, намаас донгодуулж байсан хүнийг төрийн  сэнтийд гаргаж ирэхэд хувьсгалт намын бүх хүч бололцоо, нэр хүндийг ашигласан байна.

Тэд нийгмийг удирдах арга барилаа шинэчлэх, олон намын тогтолцооны нөхцөлд ардчилсан зарчмаар ажиллах чадвараа дээшлүүлэх, намын олон түмний санал бодлыг ухаалгаар харгалзах, ард түмнийхээ итгэл найдварыг буцаан олж авах талаар эрчимтэй, тууштай, үнэнч шударга зүтгэхийн оронд өмнөх удирдагчаа золиослох хүнлэг бус аргыг сонгож Ю.Цэдэнбалыг намын дүрмээ зөрчин намаас хөөж, Үндсэн хуулийн заалтыг зөрчин Маршал, Баатар цолыг нь “хасах” мугуйд оролдлого хийж, “тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгчийг зохиосон нь “Лхүмбийн хэрэг” гэгчтэй адил болсон бөгөөд эдгээр алхам нь тэдгээр цөөн хүний хувьд түр зуурын ашигтай байсан ч үнэн хэрэг дээрээ эргээд МАХН-д өгсөн цохилт болж, Монголын нийгэм дэх хамгийн муу нэртэй, луу данстай улс төрийн хүчин нь бараг л энэ нам болохоо шахсан юм. Намын эгэл жирийн гишүүд биш, овлигогүй дээдэс сайн муу, хар цагаан, үнэн    худал гэж юу болохыг ялгахаа больсон нь өнөөгийн бидний олон бэрхшээлийн үндэс болов.

Хувьсгалт намын урьдын сүр хүч, нэрийг ашиглан Г.Очирбатын дэвшүүлэн гаргаж ирсэн Ерөнхийлөгч  нь удалгүй МАХН-ын сөрөг тал руу урван орж, хэрэг дээрээ тус нам 1990 оны намар, 1993 оны хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж араараа тавиулав. Монгол Улсыг хөгжүүлэх, ард  түмнээ асран хамгаалах, тус намыг бэхжүүлэхэд бүх амьдрал, үйл ажиллагаагаа зориулсан өмнөх удирдагчаараа оролдсон нь МАХН-д сайн юм авч ирсэнгүй, харин ялагдал, хямралын замд татан оруулжээ.
3. МАХН-ын удирдлага, энэ намын байгуулсан Засгийн газар ерээд оны дунд хүртэл хуучин удирдагчаа монгол хүнийх нь хувьд, журмын нөхдийн ёсоор хүний эрхийг нь хамгаалах, хэлмэгдэл, хууль бус үйлдлийг эцэслэн зогсоох талаар олигтой зүйл хийсэнгүй, аливаад цагийн аясыг харах, түүртэх, түүнчлэн найралцах, толгойгоо илэлцэх, сайн хүн болж харагдахыг хичээх зэргээр ойлгомжгүй бодлого явуулснаас МАХН-д үл итгэх үзэл хүн амын зарим хэсэг, зарим бүс нутагт бий болов. Ард олны сэтгэл санаанд үнэнч шударга ёсыг сэргээж, зоримог шийдэмгий ажиллаж, ардчилсан хүмүүнлэг ёс, хүний эрхийг жинхэнэ ёсоор хамгаалах улс төрийн хүчнийг эрэлхийлэх байдал буй болж эхэлсэн нь 1996 оны УИХ-ын сонгуульд МАХН урьдын байр сууриа алдаж 76 суудлаас дөнгөж 25-ыг авч, эрх баригч хүчнээс сөрөг хүчин болох шалтгаануудын нэг болов.
Ард түмэн жинхэнэ ардчилсан дэг, шударга журам, хүмүүнлэг ёс, хүний эрхийг хамгаалагчдыг хүсч байсан нь сонгуульд ардчилсан хүчин нэр төртэй ялалт байгуулсны нэг үндэс болов.
4. Засгийн эрхэнд гарсан ардчилсан хүчний зүтгэлтнүүд анхны үед ард түмэндээ өгсөн амлалтаа хэрэгжүүлэх, аливаа асуудалд улс үндэстний эрх ашгийг хамгаалах, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлэх, олон түмний хүсэл бодлыг, олон ургальч үзлийг хүндэтгэхэд анхаарч байлаа. 1996 оны IX сард Ю.Цэдэнбалын мэндэлсний ойгоор шинэ Ерөнхий сайд М.Энхсайхан улс төрийн ухаалаг бодлоготон, ёс төртэй удирдагч гэдгээ олон нийтэд харуулж, сайхан сэтгэл өвөрлөн Ю.Цэдэнбалын бунханд нь цэцэг өргөж, өмнөх Ерөнхий сайд нараа хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга Р.Гончигдорж Цэдэнбалын хүү Ц.Зоригийг хүнлэг ёсоор хүлээн авч, эрдэм ухаантай, үе тэнгийнхний ёсоор найрсгаар ярилцаж, ойн үеэр төрийн хүндэтгэлийн харуул жагсан, хөгжим эгшиглэж, цөөнхийн бүлгийн ахлагч, ирээдүйн ерөнхийлөгч Н.Багабанди Ю.Цэдэнбалын ойн баярын хурал, концертод хамтран зүтгэгчдээ дагуулан оролцож, 80 жилийн ойг манай ард түмэн төв, хөдөөд сэтгэл тэнүүн тэмдэглэсэн нь ардчилсан төрийн шинэ эзэд төрт ёсоо дээдэлдэг, ахмад үеэ хүндэтгэдэг, үзэл сурталжин туйлширдаггүй, бас ч буурь суурьтай хүмүүс гарч иржээ гэсэн ойлголтыг олон хүнд төрүүлж байлаа. Энэ нь 1996 оны намрын орон нутгийн сонгуульд ардчилсан хүчин амжилт олохын нэг шижим болсон юм. 1992 онд ардчилсан хүчин орон нутгийн сонгуульд дөнгөж таван хувийн санал авч байсан бол 1996 оны намрын сонгуульд 46 хувийн санал авсан юм.
5. МАХН-ын дарга байсан, уян хатан улс төрч Б.Даш-Ёндонгийн ухаалаг бодлогын үр дүнд МАХН-ын Удирдах зөвлөлийн 1995 оны IY сарын 27-ны тогтоолоор Ю.Цэдэнбалын Маршал, Баатар цолыг хасах тухай Г.Очирбатын урьдын тогтоолыг хүчингүй болгов. Энэ нь намын шинэ удирдагч асуудлыг цаг үеийг нь олж, доозыг нь тааруулан шийдвэрлэж чаддаг, нилээн уужуу тайвуу, төв ёсыг эрхэмлэдэг, жинтэй улс төрч болохыг харуулж, тус намаас дэвшүүлэн гаргаж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол зөвлөх, том улс төрч болоход ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн юм.
6. 1997 оны хавар хуралдсан МАХН-ын ээлжит их хурлын төлөөлөгчид нэгэн дуугаар шахам Ю.Цэдэнбалын намын гишүүнийг гэнэт сэргээсэн нь МАХН ардчилсан хүмүүнлэг шинжтэй, гаргасан алдаагаа засах, асуудалд ул суурьтай хандах чадвартай, хуучин хөөж туудаг хатуу байр сууриасаа татгалзсан, шинэ маягийн улс төрийн ардчилсан хүчин болохыг нотолсон бөгөөд энэ нь хувьсгалт намд итгэх олон түмний итгэлийг бэхжүүлж, намыг дэмжигчид, намд гишүүнээр элсэгчдийн эгнээ өргөжихөд аятай нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэс бий. Ю.Цэдэнбалын намын гишүүнийг нь сэргээсэн намын шинэ удирдагч Н.Энхбаярын нэр хүнд ч олон түмний дунд өндөржиж, удалгүй УИХ-ын гишүүний сонгуульд ялалт байгуулж, УИХ дахь намын бүлгийг толгойлж, парламентын шийдвэрт гол нөлөө үзүүлдэг цөөн хүний нэг болжээ.
7. Төр, засгийн жолоог хэний гарт өгөх вэ гэдгээс улс орон, ард түмний хувь заяа их шалтгаалдаг. Хэрэв буруу сонголт хийвэл үндэсний эрх ашиг, олон түмэн л хохирдог болохын жишээг бид хангалттай амсав. Улс орноо аятайхан аваад явж чаддаггүй юмаа гэхэд ная, ерээд оны зааг үеийн цаг төрийн үймээний үе нэгэнт шувтарч, төр, засаг нэг хэсэгтээ төвширч, ард түмэн аливаад ухаалаг тайван ханддаг болсон 1997 онд ард түмнийхээ хүсэлт, шаардлагыг ойлгодог, улс төрийн гярхай ухаан хуучин Ерөнхийлөгчид байсан бол бурхан болсон буурал удирдагчтай арцалдахаа зогсоож, тэр хүнийг хэлмэгдүүлэн хохироох явдлыг засч залруулах алхмыг ядахдаа сонгуулийн босгон дээр хийж болох байв. Гэтэл асуудалд ерэн оныхоо сэтгэлгээгээр хандаж байгаад асар их давуу эрх дарх эдэлж, олон зуун сая төгрөг зарсан ч сонгуульд бүдрэн унасан билээ.
8. Монголд ардчиллыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлнэ, үнэн шударга ёсыг бэхжүүлнэ, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулна, түүнчлэн ХХ зууны Монголын төрийн гол лидер Ю.Цэдэнбалын нэр төрийг нь сэргээж, хүнийг хилсдүүлэн хэлмэгдүүлэх аливаа илрэлтэй тэмцэхээ илэрхийлсэн Н.Багабанди Ерөнхийлөгч амласнаа биелүүлдэг цэх шударга хүн гэдгээ нотолж хуучин Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиа зөрчсөн, хүнийг хэлмэгдүүлсэн, Ю.Цэдэнбалд холбогдох хар “зарлигийг” хүчингүй болгов.
9. Ардчилсан зарчим дээр шинэчлэгдэн өөрчлөгдсөн, ард түмэнтэйгээ тогтоосон холбоогоо цаг ямагт бэхжүүлэх болсон МАХН-аас дэвшсэн Ерөнхийлөгчийн энэ хүмүүнлэг шийдвэр гарснаар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч хүмүүсийн сэтгэл санаа уужирч, 1939, 1945 онд Ю.Цэдэнбалтай мөр зэрэгцэн эх орноо хамгаалж явсан ахмад дайчид, цэргийнхэн баярын нулимсаа дуслуулж, дөч, тавь, жар, далаад онуудад эх орноо хөгжүүлэх, залуу хойч үедээ сайн сайхан ирээдүй байгуулж өгөх гэж энэ хүнтэй хамт нойр хоолоо хасан, хөлсөө дуслуулан зүтгэж явсан хөдөлмөрчдийн янз бүрийн үеийнхэн энэ шийдвэрийг халуунаар сайшаан дэмжиж, энэ өвөөгийн үед өлсч цангах, даарч бээрэх, хүнд ажил хийж зүдрэх, томчуулын хүчирхийлэлд өртөх, траншейнд хонох, гуйлга гуйх, тэнэмлээр амьдрах гэгчийг үзэлгүй эрдэм номын мөр хөөж, нам, төр, засгийн хайр халамжаар өсч бойжсон залуу үеийнхэн юмны учрыг нарийн ойлгон, Ерөнхийлөгчийг дэмжиж, олон зуу, мянган жилээр Төв Монголоо түшин хамтдаа тэмцэж, хөдөлмөрлөж, зовлон жаргалаа хуваалцаж, түүхийн он жилүүдийг туулсан, Ю.Цэдэнбалыг төрүүлж өсгөсөн Баруун Монголын ард түмэн шинэ Ерөнхийлөгчийг цэнхэр хадаг, цагаан сүүгээ барин дэмжсэн юм.
Энэ шийдвэр гарснаар зарим цөөн хүмүүсийн ярьж боддогоор монголчууд ардчиллын зарчмаас ухарчихсангүй, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөнгүй, зах зээлд шилжих
Монголын хөдөлгөөн зогсчихсонгүй, ард түмэн хагаралдан бужигналдсангүй. Болох ёстой юм болдгоороо болоод өнгөрөв.

Үнэн шударга ёсыг сэргээсэн, олон түмний санаа бодлыг гярхай тусгасан дээрх шийдвэр нь Ерөнхийлөгч болон МАХН-д итгэгчдийг олшруулж, УИХ-ын хоёр удаагийн нөхөн сонгуульд тус нам ялалт байгуулахад нэмэр болсон гэж ажиглагчид үзсэн юм.

10. Туйлшрал хэлмэгдүүллийн үед ч, улс төрийн нам тайван нөхцөлд ч манай улс төрийн зүтгэлтнүүд дотроос Монголын Маршалын хөргийг Төрийн ордны өрөөний хоймортоо хүндэтгэн залж байсан ганц хүн болох, цогт яруу найрагч О.Дашбалбар олон зуун мянган хүний хувьд эх орон, ард түмнээ шүтэн бишрэхийн билэг тэмдэг, шударга үнэний төлөө хамгийн цогтой тэмцэгчдийн нэг болж, МУНН-ын даргаар сонгогдон, нөлөө нь өсч буй улс төрийн гуравдагч хүчний нэг толгойлогч болон дэвшин гарч ирсэн юм. Үндэсний ухамсар, эх оронч үзлийг нэг хэсэг нь фашизм, нацизмтэй адилтган түүнийг дайрч байсан ч гэсэн хөдөлмөрчин олны хамгийн олонхи түүнийг анхааран харж байлаа. Ард түмэн түүнийг Төрийн соёрхолд дэвшүүлсэн нь ч учиртай байв.
11. Ардчиллын найман жилд түүний гол удирдагчдын дотроос “бал” гэж орилоогүй, улс төрийн бусад хүчнийг шүлсээ савируулан дайраагүй, хоосон улс төрждөггүй, асуудалд ухаалаг тайвнаар хандаж байсан хүний нэг бол С.Зориг байсан юм. Өмнөхөн нь төр, засаг толгойлж байсан хоёр ахмад зүтгэлтний хувьд хүний мөсгүй зан гаргаж, нэгийг нь хэлмэгдүүлэн амь насанд  нь хүрч, нөгөөг нь гэрийн ядуу хороололд мод хөрөөдүүлж, ус зөөлгөж байсан хуучин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд С.Зориг оролцохгүй гэдгээ мэдэгдэж, улс төрийн сөрөг хүчнээс дэвшсэн ч төрт ёсоо дээдэлдэг, ахмад үеэ хүндэтгэдэг, эрдэм чадал, буурь суурь, эх орон, ард түмнээ гэсэн ухаалаг бодлого, төрийн удирдагчийн эрхэм чанараараа сонгуульд ялсан Н.Багабанди Ерөнхийлөгчид чин сэтгэлийн угаас хамгийн түрүүнд баяр хүргэж байсан С.Зоригийг сүүлийн үед Ерөнхий сайдын суудалд сууж, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарыг залгамжилж чадах хүн гэж хүмүүс ярьцгааж байлаа.
Ерөнхий сайд болохыг нь аливаад нягт хянуур ханддаг зарчимч хэсэг, түүнчлэн улс төрийн гуравдагч хүчин ч үндсэндээ дэмжиж, С.Зориг нь аль ч нам бүлгийн хувьд дээр дооргүй л зөвшилцөл, эв нэгдлийн билэг тэмдэг болж байлаа. Гэвч монголчуудын аз дутахад тэрбээр биднийг орхин одов. Монголчууд нийтээрээ түүнийг Монголын шинэ эрин, шинэ хөгжлийн салхич шувуун, ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, үндэсний том лидер ёсоор сүүлчийн замд нь үдэв.
12. Монголын нам, төр, засгийг 44 жил удирдсан Монгол Улсын Маршалын гэр бүл, үр хүүхдүүд нь эх орноосоо хөөгдөн гадуурхагдаж, төр, засгийн анхаарал халамжаас хол олон жил болсон хүнлэг бус явдлыг зогсоож, ар гэрт нь тэтгэмж олгох саналыг Б.Баабар, Ц.Нямдорж нар УИХ-д оруулж, зохих шийдвэр гаргуулсан нь жинхэнэ шударга буянтай үйлс болов. Удсан ч үгүй ард түмэн, олонхийн дэмжлэгээр Б.Баабар төрийн сайд болов. Харин парламентын дээрх шийдвэрийг биелүүлж амжаагүй Засгийн газрууд шил шилээ даран огцорцгоов.
13. Монгол Улсынхаа төлөө, ард түмнээ тэгш сайхан жаргаахын төлөө өөрийн амь амьдралаа зориулсан талийгаач удирдагчийнхаа дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор нийслэлийн төв хэсгийн нэгэн талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох шийдвэрийг Улаанбаатар хотын дарга Б.Наранцацралт гаргав. Хотоо хөгжүүлэх, нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй хамгийн ажилсаг дарга, улс төрждөггүй өндөр соёлтой удирдагчдын нэг хэмээн нийслэлчүүд хотын даргаа магтан сайшааж, удалгүй тэрээр МУ-ын Ерөнхий сайд болов.
МАХН их хурлаараа Ю.Цэдэнбалын намын гишүүнийг сэргээж, Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди энэ түүхэн зүтгэлтний гавьяа шагналыг “мулталсан”, Үндсэн хууль зөрчсөн зарлигийг хүчингүй болгож, 1996 оны ялагдлаасаа сургамж авч ажиллах болсон, түүнчлэн ардчилсан хүчний зарим алдаатай холбогдон 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 92%-ийн амжилт гаргав.
Үргэлжлэл бий…
МУИС-ийн профессор, Ю.Цэдэнбалын Академийн дэд Ерөнхийлөгч, Эрдмийн зөвлөлийн дарга, түүхийн шинжлэх  ухааны доктор /Ph, Sc/  Цэен-Норовын Жамбалсүрэн
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих