С.Эрдэнэ: Үндсэн хуульд халдаж байгаад харамсч байна

370

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа Ардчилсан нам илэрхийлж, мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд  болон намын бусад гишүүд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаа бөгөөд эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийн эсрэг тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдэв.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж,  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа тул хуулийн төслүүдийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

 АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ “Монголын төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булааж авсан үйлдэл боллоо гэж харж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өнөөдрийн МАН 60 тэрбумын асуудлаар төрийн эрхийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Харамсалтай нь өнөөдөр хариуцлага хүлээгээгүй байна. Харин өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн хуулийн нэмэлтээр хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдож байна. Ардчилсан нам үүнийг нь дэмжихгүй гэж чуулганыг УИХ дахь Ардчилсан намын гишүүд орхиж гарсан. Бид цаашид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд нэгдэнэ. Тиймээс цаашид ч тэмцлийн хэлбэрт шилжинэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намаас сонгогдсон хэрнээ эрх баригчидтай нэгдэн Үндсэн хуульд халдаж байгаад харамсч байна” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Х.ТЭМҮҮЖИН “Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Болж  буй үйл явц эрх мэдэл хуваарилах зарчмыг Үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох тийм санаачилга гарлаа. Өмнө нь олон дахин хэлдэг байсан, ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг Засгийн газар, УИХ-тай өрсөлддөг УИХ, шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. Үе үеийн ерөнхийлөгчид ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө  мэдлийг тэлэх оролдлогод саад учруулдаг байсан хүч нь  УИХ байсан. Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан бол энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч,  парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь боллоо. Энэ бол хамгийн том эмгэнэл. Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хуулийн төсөл санаачилсан. Энэ бүх санаачилгыг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн. Эрүүдэн шүүх асуудлаар өмнөх парламентын үед маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан алга ташаад зогсч байсан хүмүүс. Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалчихаад ардчиллыг үгүй хийхэд попорч байгаад харамсч байна. Дөрвөн жилийн өмнө эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан, францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алж байсан хүмүүс өнөөдөр гэнэт ухаарч байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна” гэсэн юм.

Б.Аз


URL:

Нэр: Зочин Огноо: 28 March 2019

Эрдэнэ үхтлээ айж байна. Одоо өмдийг нь шувталбал лав том хүний пампарс гарч ирэх байх

Сэтгэгдэл бичих