Энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдөрт ямар ч эргэлзээ байхгүй
Энэ жил цагаан сарын шинийн нэгэн хэдэнд тохиох мөн ирж буй “Баясгалаи” хэмээх усан луу жилийи өнгө ямар байх талаар Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
-Монгол зурхайгаар энэ жил хэдний өдөр шинэлэхээр байна?
-Монгол зурхайд жилийн 24 улирлын тохиолдлыг хардаг. Өнөөдөр өвлийн дунд сар болж байна. Энэ жил хоёрдугаар сарын 22-нд цагаална. Цагаан сар монголчуудын уламжлалт нас нэмсний, өвлийг өнтэй давсны баяр юм. Энэ үеэр гандан хийдүүд бурхан багшийн дүйцэн өдөр гэж 15 хоногийн турш ерөөлийн их хурал хурдаг.
Өнөө жил түүхээ үнэн зөвөөр нь гаргасан, түүхт олон ой давхацсан сайхан жил боллоо. Бид IX Богдоо ширээнд нь залсан. Далай багшийг Монголдоо залж “Мянганы ёс зүй” сургаалыг нь хайрлууллаа. Зун, намар дэлгэр болж мал сүрэг өсч, тариа ногоо элбэг гарсан сайхан жил байлаа.
-2012 онд олимп, сонгууль гээд олон томоохон үйл явдал тохионо. Луу жил монголчуудад хэр ээлтэй байдаг юм бол?
-Гарах гэж буй Баясгалан хэмээх усан луу жил монголчуудын хувьд хишиг буян дэлгэрсэн, өгөөжөө хайрласан сайхан жил болно. Гэхдээ жил дээ ямар байх нь эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг тухайн үйлийн эзнээсээ л шалтгаална. Түүнээс луу жилээс шалтгаалах юм байхгүй л дээ. Ямар жил гарахыг цаг тооны бичгээр хаврын урь орсон өдрийг тооцож салан дагцал буюу үхэр зургаар шинждэг. Зургаас харахад улирлуудынхаа эхээр хур бороо, цастай жил гарах төлөвтэй. Нийт ард түмэн бол амгалан их сайхан жил гарахаар зурагджээ. Өндөр дээд тушаалтан болон дунд суудалтнуудад ширүүн жил гарна гэж тэмдэглэсэн байна. Мал аж ахуйд хямрал гарах жаахан ширүүн байх магадлалтай гэсэн анхааруулга бас байна. Жилийн 365 хоног тэр аяараа сайн, эсвэл муу байдаггүй. Номондоо бол цагийг нь л голлож анхаараарай гэж заадаг. Тэгэхээр бидний цөөхөн монголчууд эвтэй байх хэрэгтэй. Бүгдээрээ сэтгэл санаа нэгдэж чадваас харшлах шалтгаан гарахгүй гэж зурхайд айлдсан байна.
-Төгсбуянт монгол зурхайг жинхэнэ уламжлалаар нь зурдаг лам хувраг олон байдаг уу?
-Зурхай гэдэг бол ганцхан цагаан сарын ажил биш юм. Монголчуудын зан заншил, амьдрал ахуйтай нягт холбогдсон агуу ухааны нэг хэсэг л дээ. Үүнийг хүн курсээр юмуу ганц номоор сурчихгүй. Би шашны дээд сургуульд орсноосоо хойш гуч гаруй жил цаг тооны бичиг зохиох ажилд өдийг хүртэл оролцож байна. 1970-1990 оны хооронд шашны дээд сургуулийг цөөхөн хүн төгссөнөөс уламжлалт зурхайн чиглэлээр цаг тооны бичиг зохиож байгаа нь ховор байна даа. Төгсбуянт монгол зурхайгаа сэргээхэд олон хэцүү үе тохиож байсан. Дээхнэ цагт цаг тооны бичгээ нууц байдалтай л үйлддэг байлаа шүү дээ. Ганданд гэхэд ганцхан миний багш (Г.Галсанравжаа)түвдээр цаг тооны бичгийг хоёрхон хувь гараараа бичиж нэгийг нь хамба ламд, нэгийг нь өөртөө үлдээдэг байсан. 1960-1990 он хүртэл иймэрхүү маягаар явж ирсэн. Бид багшаасаа залган авч энэ нарийн уламжлалт ухааныг тасалчихгүй юмсан гэж хичээж явна. Өнөөдөр үүний дүнд монголчууд өөрийн гэсэн арга, билгийг хосолсон цаг тооны бичигтэй, үүнийгээ дагадаг сүсэгтэн олон, лам хуврагуудтай байна. Харин уламжлалт зан заншил ёс заншлаа залуу үедээ өвлөн үлдээхийн тухайд амаргүй давааг давж байна. Үүгээр мэргэшээгүй хүн бол хичнээн гавж, хамба байгаад мэдэх аргагүй юм л даа. Манай зурхайч доктор Тэрбиш нэлээд хүчин чадал гаргаж байна. Шашны талаасаа манай хийд зүтгэж байна.
-Энэ жилийн шинэлэх өдөрт зурхайчид хэр санал нийлж байгаа вэ. Жил бүр цагаан сар дөхөхөөр зурхайчид сонин хэвлэлээр маргалдаж эхэлдэг…
-Цагаан сар дөхөхөөр л сүсэгтэн олныг төөрөгдүүлсэн эндүү ташаа яриа гардаг болоод 20 гаруй жил боллоо. Хятадын цагаан сар манайхтай зөрөхөөр л “Зүүн Азийн орнуудаас монголчууд ганцаараа зөрж байна. Худлаа ярьж байна” гэх зэрэг дэл сур яриа гардаг. Энэ жил Хятадын цагаан сар хуанли ёсоороо нэгдүгээр сард болно. Зүүн Азийн зарим орнууд хуанлийн ёсоор бодсон Бээжин төвтэй цагаан сараа хийдэг. Тийм болохоор өвөр монголчууд дагахаас аргагүй. Өөрсдийн итгэл үнэмшлээр тэрийг дагаад хийж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Түүнээс монголчууд хоорондоо цагаан сараа хоёр хуваагдаж тэмдэглээд байгаа юм биш. Тиймээс энэ жилийн цагаан сарын шинийн нэгний едөрт эргэлзээ байхгүй.
-Зүүн өмнөд Азийн улсууд цөмөөрөө л цагаан сарыг тэмдэглэдэг. Гэвч өдрүүд нь өөр өөр байдаг. Энэ ямар учиртай вэ?
-Энэ нь газрынхаа байрлалаас шалтгаалж байгаа хэрэг. Манай дээдэс мэргэд Төгсбуянт зурхайгаар газрын байрлалаар боддог аргачлалыг нь бидэнд зохиогоод үлдээчихсэн хэрэг. Тэр дагуу бид Монгол орныхоо цаг улирлын онцлогт тохирсон цаг тооны бичгийг хийж байна. Хятадад гэхэд л зарим газраа ганцхан улиралтай нутаг бий. Тэд түүнийгээ л дагана ш дээ. Цагаан сар тэмдэглэдэг өдрөө Хятадтай адилхан болгочихъё гэх хүн ч сүүлийн үед гарах болсон байна. Тэр хүмүүсийг эндүүрч явна гэж хэлэх байна. Монгол Төгсбуянт зурхайн цаг тооны бичигт их цас, бага цасны улирал, хяруу унах улирал, хаврын урь орох өдөр цаг гээд маш нарийн тэмдэглэсэн байгаа. Монгол зурхайд л үүнийг тэмдэглэдэг. Хятадад их, бага цасны улирал гэж байхгүй. Бид тэднийг бодвол арга билгийн тооллыг давхар хөтөлж явдаг. Монголчуудыг нэг цагаан сартай болгоё гэсэн яриа гараад байгаа нь хойтон мантуу тавиулах л сонирхолтой байх шиг. Цагаан сар маань нэг болчих юм бол ямар юмных нь тусгаар тогтнол байх вэ дээ. Манайд Хятадтай цагаан сараа нэгтгэж нэг өдөр адилхан тэмдэглэж байсан түүх ерөөсөө байхгүй.
-Нар сарны зурхайн ёсны талаар тодруулахгүй юу?
-Монголын газар нутаг нь өөр учраас зурхай өөрөөр зурагддаг. Бид нар, сар хоёрыг хоёуланг нь хосолсон зурхайг хамтад нь зурж хэрэглэдэг. Манай цаг тооны бичигт арга, билгийн тоолол давхар явж байгаа биз дээ. Монголын эрдэмтэй лам нар үүнийг гаргаж ирсэн. Тэднийг бид чадан ядан үргэлжлүүлж явна. Энэ бол маш их том тооцооны аргаар гардаг аргачлал юм. Манайхан олны хэрэгцээнд зориулсан цаг тооны жижиг календарийг хэрэглээд нэгэнт сурсан байна. Үүгээр зурхайн талаар анхны мэдэгдэхүүн өгч байгаа юм. Түүнээс нарийн ширийн бүхнийг бичээгүй. Жишээ нь Пүрэвжалын дүвжир гээд пүрэв гариг долоо дахь одтойгоо учирсан өдөр гээд хамгийн сайн өдөр байдаг. Энэ чинь их нарийн, нэг хоёр хүн санаагаараа зохиочихдог зүйл биш. Бээжин төвтэй хятад хуанлийн цагаан сарыг өвөр монголчууд маань дагахаас аргагүй байгаа.
-Зарим иргэд өөр өдөр шинэлэх явдал мэр сэр гарах болсон. Үүнээс шалтгаалж сөрөг явдал гарах уу?
-Тэр өөр өдөр шинэлж байгаа айл бол Хятадын ёсоор л явж байна гэсэн үг. Хятад хүн Монголд цагаан сараа тэмдэглээд манай улсад гай тарина гэж байхгүй л дээ. Америкт байгаа монголчууд цагаан сараа тэмдэглэдэг шүү дээ. Солонгост байгаа нь ч гэсэн. Тэдэнд болон бидэнд ямар ч муу юм болохгүй. Бид үндэстнээ л дагаж монгол хүн гэдгээрээ бахархаж байгаа л явдал юм.
-Та цагаан сарыг нас нэмсний баяр гэж ярилаа. Орчин үед шинэ жил, төрсөн өдөр гээд нас нэмсний баяр гэж ойлгож болох олон баяр тэмдэглэж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь бол монголчуудыг төрсөн өдөр тэмдэглэдгийг болиулах хэрэгтэй юм. Монголчууд чинь эрэгтэй хүүхдээ гурван нас хүртэл гэрийн бүснээсээ дээсээр уяад танихгүй хүнтэй уулзуулдаггүй байсан. Гэтэл одоо хүүхэд төрлөө гээд элдвийн юм хийнэ. Цаашаа цэцэрлэгийн насанд хүрэхээр нь төрсөн өдрийг нь тэмдэглэж байна гээд баахан юм авчирч тараагаад тэр нь өвчний эх болж байна. Томроод дунд сургууль, их дээд сургуулийн оюутнууд төрсөн өдрийг маш их тэмдэглэж байна. Үнэнийг хэлэхэд архидах сургалтыг төрсөн өдрөөр авч байна гэхэд хилсдэхээргүй байна шүү дээ. Нэг анги гэхэд 30 төрсөн өдөр тэмдэглэх жишээтэй. Хэд хоноод миний төрсөн өдөр болно, тэрнээс тийм бэлэг авна гээд шуналын сэтгэл үүсч байна. Төрсөн өдөр сайн, муу өдөр болж байгаагаас архидаж хэрэг төвөгт орж байна ш дээ. Цагаан сар бол нас нэмсний баяр юм. Манайхан 13, 25-ны жил ороход түүндээ анхаарч ач холбогдол өгдөг шүү дээ. Монголчууд хүүхдээ тэгш юмуу сондгой насан дээр нь үсийг нь авч найр хийдэг түүнээс нааш хүн ойртуулдаггүй л байсан. Одоо элдвийн зүйл тэмдэглээд хүүхдүүдээ бузартуулаад байна. Эсэргуү үг шиг сонсогдож байгаа байх. Гэхдээ бодууштай л юм шүү дээ. Хүүхдийнхээ үсийг авна. Дараа нь өрх тусгаарлахад нь найр хийгээд өгчихдөг. За тэгээд хөгшрөөд 80 нас гараад насны найр хийдэг монгол сайхан уламжлал үгүй болжээ. Одоо бол өдөр бүр л баяр тэмдэглэдэг болчихлоо шүү дээ. Ядаж үсийг нь автал бага хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэхээ болих хэрэгтэй. Энэ чинь Монголын заншил биш шүү дээ. Манай удмынхнаас тэдэн хүүхэд төрлөө. Тэдэн өрх нэмэгдлээ гэдгийг бүртгэдэг сайхан баяр цагаан сар маань байна ш дээ.
Манайг төрөхөд лам таараад гэрийн бүснээс дээс уяад хүн ойртуулж болохгүй гээд явчихсан. Ээжийн төрсөн ах “дүү төрлөө” гэж ирээд дээсийг харчихаад гэрийн бүсэн дээр уурга, мөнгөн аяга тавьчихаад гурван жил ирээгүй гэдэг. Ийм л нарийн дэг жаягтай байлаа шүү дээ. Хүүхдээ гурван нас хүрэхэд нь найр хийж олон түмэнтэй уулзуулдаг байсан. Ийм л нарийн эд шүү дээ. Баярыг өөгшүүлэн зохион байгуулж бага залуу хүмүүсийг уруу татаад үй түмэн одон медалийн найр хийж архидаж байгаа ахмадуудад ч учир их байна.
-Цагаан сар дөхөхөөр бэлэгний асуудал яригддаг. Бэлэг өгөхийн утга учрын талаар юу хэлэх вэ?
-Бэлэг гэдэг их багадаа биш сэтгэлээсээ л өгөхдөө юм. Хуучин самбаа хадаг бариад л бэлэг болчихдог байсан ш дээ. Юм өгсөнгүй, тэрийг авсангүй гэх нь утгагүй. Бэлгэнд хармын сэтгэл байх ёсгүй. Тиймээс байгаа бүхнээ битгий өгөөрэй гэж хэлэх байна. Бид чинь сар шинээр нэг нэгэндээ эдийн өглөг, сэтгэлийн өглөг, хэлийн өглөг өгч байдаг. Сайхан үг яриа ярих нь хэлний өглөг шүү дээ.
Ж.БАЯРСАЙХАН
URL: