Хууль завхруулсныг улстөржилтөөр бус хуулийн дагуу л залруулдаг
Монголын улстөрчдийг 21 дэх жилдээ тэжээж байгаа нэг “юм” бий. Тэр бол Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг юм.
1998 оны намраас хойш мөн ч олон улстөрч энэ хэргийг ярьж санал авсан даа. Тэр ч байтугай цагдаагийн дарга байсан нэг нөхөр бүр УИХ-ын гишүүн болсон түүх бий.
Ийм маягаар “С.Зоригийн хэрэг” хэмээх өөрөө гэмт хэрэг үйлдчихсэн ч юм шиг утгагүй нэршилтэй өнгөрсөн хугацааг туулж ирсэн юм.
Харин 2014 оноос хойш энэ хэргийн тухайд хуулийн хэллэгээр “шинэ нөхцөл байдал” үүсч, тунчиг удалгүй гэмт хэрэгтнүүд нь олдож, шүүх тэднийг 2017 оны өвөл гэхэд яллаж дуусгав.
Үндсэндээ 20-иод жил илрээгүй хэрэг гурван жилийн дотор шүүхээр эцэслэн шийдэгдсэн юм. Тэгвэл одоо энэ хэрэгт дахин “шинэ нөхцөл байдал” үүслээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, энэ хэргийг үүрүүлсэн гэж байна. АТГ-ынхан саяхнаас тагнуулын хоёр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр ажилтныг тус тус баривчилж, шүүх тэднийг суллав. Бараг хорьж ч чадаагүй гэсэн мэдээлэл бий.
Хамгийн гол нь эдгээр ажилтнууд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг дарамтлуулсан, нэг үгээр эрүүдэн шүүх ажиллагааг гардан хийсэн гэх мэдээлэл улстөрчдөөр дамжин нийгэмд түгээд байна.
Тэгэхээр ард нь томчууд бий. Тэдэнд хүрэх арай болоогүй байна гэсэн үг. Юутай ч тухайн үед хууль шүүхийг толгойлж байсан ТЕГ-ын дарга Б.Хурц, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт, ЦЕГ-ын дарга Р.Чингис, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нар буруутаж магадгүй тухай ярьж байна. Энэ хэрэг явсаар тухайн үеийн Ерөнхийлөгч, бас нэг том улстөрчтэй холбогдож болзошгүй тухай Монголын нийгэм тэр чигтээ ярьж байна.
АТГ-аас явуулж буй ажиллагаа нь тагнуул, шүүхийн шийдвэрийн нэр бүхий хүмүүсийг шалгаж эхлээд байна. АТГ-ынхан ч өчигдөр “…Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн гэсэн асуудлыг шалгаж байгаа” гэж мэдэгдсэн байна. Яг албан ёсны мэдээлэл гэвэл энэ юм.
Харамсалтай нь энэ хэргийг өнгөрсөн хугацаанд явж ирсэн “жам”-аар нь улстөржүүлэх явдал ажиглагдсаар байна. Энэ маш ноцтой асуудал юм. С.Зоригийг хөнөөсөн хэргийн энэ удаагийн “шинэ нөхцөл байдал”-д улстөрчид хэтэрхий хутгалдаж байна. Ц.Нямдорж, Ж.Батзандан гээд энэ хэргийг яриад гараад ирдэг болов.
Ц.Нямдорж өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд энэ хэргийн талаар ярьж, улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёроос, тэдний ар гэрээс уучлалт гуйлаа. Тэрээр тэднийг суллатал явна гэж амлав. Хамаг учир энд л байгаа юм. Дээрх хүмүүст ял оноохдоо тагнуул, цагдаа нь шалгаад, прокурор хяналт тавьж, гурван шатны шүүх шийдвэр гаргасан.
Процесс талаасаа бүгдийг ном журмаар нь гүйцэтгэсэн харагдаж байгаа юм. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл үүсч, АТГ энэ хэргийг гардан шалгаж байна. Тэгэхээр “…эсгий хийх газарт нохой хэрэггүй” гэдэг шиг Ц.Нямдорж, Ж.Батзандан нар илүү дутуу үг ярих хэрэггүй гэсэн үг.
Өнгөрсөн пүрэв гаригийн орой ҮАБЗ энэ хэргийн талаар хуралдсан. Ц.Нямдорж сайд өчигдөр МАН-ын бүлгийнхээ хурал дээрх энэ талаар танилцуулга хийлээ. Ер нь бол улс төрийн агуулгаар нь хараад үзвэл арав гаруй жил нам дарагдсан хэрэг гэв гэнэт 2014 оноос хэрэгтэн нь илрээд, тэр нь хэрэг гарах үед арван хэдхэн настай хөдөөний залуус байж таарсан. Үнэнийг хэлэхэд энэ анхнаасаа эргэлзээтэй байгааг сэтгүүлч Галсангийн Жамъян, Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хоёр маш их ярьсан, явсан.
Ингэж илрээд ердөө хоёр жилийн хугацаанд “машиндаад” шүүхээр шийдчихсэн нь анхаарал татсан. Үүнийг улстөрчид байтугай жирийн иргэд хүртэл ойлгоод, яриад байгаа юм. Одоо бол эргэлзээ тайлагдах тал руугаа явж байна. Гэхдээ энэ асуудал хуулийн дагуу, хуулийн хүрээнд явагдах учиртай. Улстөрчид, ялангуяа сонгогчдын сэтгэлзүй дээр гарамгай сайн тоглоод сурчихсан, сүүлийн үеийн нэршлээр улс төрийн “поп”-ууд оролцоод ирэхээрээ юу ч, яаж ч самарч мэднэ.
Угтаа Ц.Нямдорж, Ж.Батзандан хоёр энэ хэргийн шинэ нөхцөл байдлыг илрүүлчихсэн ч юм биш. АТГ, тагнуул, цагдаа шалгаж, прокурор хянаад, шүүх шийднэ. Хуультай юм хуулиараа л яваг. Хууль завхруулсныг улстөржилтөөр бус хуулийн дагуу л залруулдаг юм.
Эх сурвалж:Polit.mn
URL: