”ХААН” банк дампуурна гэсэн мессеж гар утсанд иржээ

“ХААН” банк дампуурах нь гэсэн яриа иргэдийн дунд газар аваад байна. Тэр ч байтугай “Барс-А” салбараас зарим үйлчлүүлэгч
хадгалуулсан мөнгөө татаж эхэлсэн, үүнтэй холбогдуулж дараалал үүсэн талаар манай сонинд мэдээлэл ирсэн юм. Эл мэдээллийн мөрөөр тус салбарт өчигдөр очиход үйлчлүүлэгч багатай байлаа. Үйлчлүүлэгчдийнх нь нэг бололтой “Барс” худалдааны төвийн худалдагчтай уулзахад, “Манай худалдааны төвийн ажилчдын дунд ийм яриа гарч, ихэнх нь мөнгөө татаж авсан.

Би ч гэсэн өнөөдөр мөнгөө авч байна” гэв. “ХААН” банк дампуурах нь гэсэн мессеж гар утсанд ирсэн гэдгийг ч тэрбээр өгүүлэв. Түүний хажууд зогсч байсан тус худалдааны төвийн худалдагч “Өчигдөр манай жимс зардаг найз ирээд “ХААН” банк дампуурна гэж сонслоо. Мөнгө хадгалуусан бол хурдан аваарай гэсэн. Гэхдээ би итгэхгүй байна. Арай ч ийм хурдан дампуурахгүй байлгүй. Юмыг яаж мэдэх вэ гээд найзтайгаа ирж мэдээллийн ажилтнаас нь лавлатал ийм зүйл болохгүй гэсэн” гэв.

Монгол Улсад хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй арилжааны томоохон банкуудын нэг нь “ХААН” банк. Гэтэл ямар учраас иргэдийн дунд ийм яриа гарч, зарим нь хадгаламж дахь мөнгөө татах болсныг тус банкны “Барс-А” салбарын ажилтнаас тодруулах гэсэн боловч “Манай банкны төвөес мэдээлэл өгнө” гэхээс өөр зүйл хариулсангүй.

Үүний дагуу төв салбарын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Цолмонбаяраас тодруулахад “ХААН” банк дампуурна гэсан худал мэдээлэл иргэдийн дунд тарсан нь үнэн. Эл мэдээлэл анх “Өглөөний сонин”-ы 2011 оны арванхоёрдугаар сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн байсан. Үүний дараа буюу мөн сарын 22-нд тус сонин энэ тухай дахин нийтэлсэн. Иймээс бид мэдээллийн мөрөөр хариу мэдэгдэл хийж “ХААН” банк дампуурах ямар ч үндэслэлгүйг хэлсэн.

Учир нь манай банкны өнгөрсөн оны эхний гурван улирлын актив хөрөнгө 25.6, зээлийн багц 72.9, татан төвлөрүүлсэн хөрөнгө 20.1, өөрийн хөрөнгө 51.6 хувиар өссөн үзүүлэлтээс үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдлыг харж болно. Иймээс “ХААН” банк дампуурна гэдэг ташаа мэдээлэл” гэв. Ийнхүү албаны эх сурвапжийн өгүүлснээр “ХААН” банк дампуурах нь худал бололтой. Гэхдээ ямар шалтгааны улмаас иргэдийн дунд эл яриа гарсан нь тодорхойгүй үлдлээ.

Д.МЯГМАР


URL:

Сэтгэгдэл бичих