Ж.Цолмон: АШУҮИС Эталон болно
АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.ЦОЛМОН
- АШУҮИС бол 10 мянган оюутантай том айл. АШУҮИС төрийн өмчийн их, дээд сургуулиуд дотроо хийж, бүтээж, урагшилж байгаа ажлуудаар арвин байгаа. Тиймээс олон асуулт зэрэгцэж байгаа ч ярилцлагаа шинэ, содон мэдээллээр эхэлье? Удахгүй Эрдмийн сургуулийнхаа нээлтийг хийх гэж байгаа гэж сонссон юм байна?
- Сургуулийн бүтээн байгуулалтын талаар саяхан дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Харин хамгийн сүүлийн үеийн сонин гэвэл 3 хоногийн өмнө Тайваны Тайпей анагаах ухааны их сургууль, Чэн Күний их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ирлээ. Энэ ажлын хүрээнд манай сургуулийн 6-р курсийн болон резидент, магистр, докторын оюутнууд, багш, эмч нар 4 сар хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй дээрх сургуулиудад сургалтад хамрагдах боломжтой болсон. Мөн магистр, докторын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, манай магистр, докторууд Тайпей их сургууль болон Чэн Күний их сургуулийн хос диплом эзэмших талаар хамтарч ажиллахаар боллоо. Чэн Күний их сургууль нь зүрх шилжүүлэн суулгах технологиороо азидаа тэргүүлдэг. Тиймээс энэ чиглэлээр манай сургуулийн багш нарыг мэргэшүүлж, сургаж, улмаар зүрх шилжүүлэн суулгах технологийг манай их сургуулийн эмнэлэг анхлан нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болсон. Түүнчлэн Тайпей шүдний их сургуультай хамтарсан судалгаа хийж, импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд өгүүлэл нийтлүүлэхээр болсон. Энэ жил бид гадаадын 35 их дээд сургууль, байгууллагуудтай гэрээгээ сунгаж, шинээр гэрээ хийсэн байна. Бас нэг сонин гэх юм бол АШУҮИС-ийн эмнэлгийн барилгаа 4 сарын 1-ны өдөр хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Мөн бид 3 сарын 28-ны өдөр иж бүрэн тоноглогдсон хоёр лекцийн танхим, судалгааны компьютер лаборатори, цахим сургалтын болон судлаачийг дэмжих төв, студи, онлайн болон офлайн магистр, докторын хөтөлбөртэйгөөр Эрдмийн сургуулийнхаа нээлтийг хийх гэж байна. Эрдмийн сургуулийн нээлтэд МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЭМЯ-ын сайд Д.Сарангэрэл нар хүрэлцэн ирнэ. Үргэлжлүүлээд МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдож буй “Агаарын бохирдол –Эрүүл мэнд үндэсний чуулган 2019” болно. Энэхүү чуулганд Нобелийн шагналтан Kirk R. Smith оролцож байгаа бөгөөд өнгөрсөн долоон сарын хугацаанд манай сургуульд нобелийн шагналтан хоёр дахь удаагаа ирж байгаа юм.Энэ мэтчилэн манай хамт олон өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бусад улс орны их, дээд сургуулиудын хурдацтай хөгжлийн туршлагыг өөрийн онцлогт тулгуурлан нутагшуулахаар анхаарч ажиллаж байна.Сонин гэвэл тоочоод барахгүй…
- Эрдмийн сургуультай болсноор ямар ач холбогдолтой вэ? Мэдээж олон талт судалгаанд суурилж бүрэлдэхүүн сургуулийнхаа тоог нэмэх шийдвэрт хүрсэн байх?
- Урьд нь Эрдмийн сургууль буюу төгсөлтийн сургуулийн бүтэц байгаагүй. Магистрантур, докторантурын алба, эрдмийн болон мэргэжлийн сургалтын алба гэсэн нэртэйгээр хөгжиж ирсэн. Монгол улсын ЗГ-ын 2018 онд гарсан тогтоолын дагуу судалгааны их сургуулийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд А 135 тоот захирлын тушаалыг гаргаж, Эрдмийн сургуулийг 2018 оны 10-р сарын аравны өдөр байгуулсан. Одоо Эрдмийн сургалтын тэнхим, олон улсын сайбер сургалтын тэнхим гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Манай сургууль Ази номхон далайн баруун эргийн бүсийн 100 шилдэг сургуулийн нэг болох зорилгын хүрээнд эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг эрс сайжруулах шаардлага тулгарч байна. Скопуст бүртгэлтэй пьер ревью сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийн тоог нэмэгдүүлэх чухал шаардлага тавигдаж байна. Иймд профессор жилд дор хаяж нэг эрдэм шинжилгээний өгүүллийг дээрх сэтгүүлүүдэд нийтлүүлж байхаар АШУҮИС-ийн дүрэм, цагийн ачааллын журамд тусгаж өгсөн. Энэ зорилгод хүрэхэд манай төгсөлтийн сургалтад суралцаж байгаа 1600 гаруй магистрант, докторантууд тэдгээрийг удирдаж буй эрдэм, судлаач профессоруудын чадамж нөөц чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Эрдмийн сургуулийн хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг бол судалгааны орчинг сайжруулах, судалгааны багууд буюу профессорын багуудыг байгуулах, тэдний зүй зохистой үйл ажиллагааг \төсөл хөтөлбөр олох, хэрэгжүүлэх, судалгааны грант , тэтгэлэг олох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх-инноваци\ явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино. Хоёр дахь зорилго бол төгсөлтийн сургалтын чанарыг сайжруулах, хичээлийн хөтөлбөр, стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх, хөтөлбөрийн давхардлыг арилгахад чиглэгдэнэ. Гуравт гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаадын нэр хүндтэй профессоруудыг сургуульдаа урьж ажиллуулах, Нобелийн шагналт эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулах, туршлага солилцож, мэдлэг хуваалцах, судалгааны шинэ нээлт хийх, үр дүнгээ хамтарч хэлэлцдэг тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Дөрөвт нь төгсөлтийн зайн сургалтыг бид хэрэгжүүлээд 5 жил болсон байна. Цаашид зөвхөн хөдөө орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг зайн сургалтад хамруулахаас гадна гадаад улс оронд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээ тус хөтөлбөрт өргөнөөр хамруулж суралцуулах, цаашлаад монгол туургатан оюутнуудыг элсүүлэн сургах, тэднийг дэмжих бодлого, мөн манайд зайн сургалтад хамрагдах гадаад улс орнуудын оюутнуудын сонирхлыг бий болгож, гадаад оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч дэхийн тэргүүлэх их сургуулиудтай хамтран доктор, магистрын сургалтын хөтөлбөрийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч байна.
- Манай их дээд сургуулиуд судалгааны их сургууль болохын тулд судалгаа шинжилгээнийхээ ажлын хүрээг тэлж, үнэлэмжийг сайжруулах шаардлагатай байгаа тал дээр сүүлийн үед байнга ярих боллоо. Танай сургууль энэ тал дээр хэр ахицтай ажиллаж байна вэ?
- Судалгааны ажил тухайн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж хийгдэж байвал судалгааны ажлын үнэлэмж сайжрахад чухал түлхэц болно. Жишээ нь, төслийн хүрээнд төслийн удирдагчид төслийг хэрэгжүүлэх явцдаа дэвшүүлсэн асуудлаа шийдэхээсээ илүү доктор, магистр хамгаалуулсан тооны хойноос хөөцөлдөж байгаа нь судалгааны ажлын чансааг бууруулах, төгсөж гарч байгаа доктор, магиструуд нь зөвхөн төслийн ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн даалгавар болж байгаа нь Монгол улсад шинжлэх ухааны хөгжлийн явцыг удаашруулж байна. Өөрөөр хэлбэл, бид хэт тооны хойноос хөөцөлдөж байна. Судалгааны арга зүй эзэмшсэн, шинжлэх ухаанд шинэ мэдлэг, нээлт хийдэг, улс орнуудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанчаар ханддаг, гарцыг зааж өгдөг эрдэм судлаачдыг бэлдэж чадахгүй байна. Бид үүнийг өөрчлөх учиртай. Жинхэнэ үр дүн, ур чадвар, өрсөлдөөнд суурилсан профессорын тогтолцоог нэвтрүүлснээр манай сургуулийн төдийгүй Монгол улсын судалгааны ажлын чансаа дээшлэх боломж бүрдэнэ. Манай сургууль энэ тал дээр эталон болох ёстой. Энэ тогтолцоог хэрэгжүүлснээр манай эрдэмтэн профессорууд төдийгүй, ер нь судалгаа шинжилгээний ажлын нэр хүнд, үнэлэмж сайжрах юм. Ингэж байж дэлхийн хэмжээний эрдэмтдийг бэлдэж, дэлхийд өрсөлдөх боломжтой болно. Улмаар, залуу, өсөх ирээдүйтэй эрдэмтдэд ирээдүйдээ итгэх, шинжлэх ухаанд итгэх итгэл бий болж нотолгоонд суурилсан хөгжлийн гарц бий болно.Эрдмийн зэрэг хамгаалах шалгуурыг олон улсын түвшинд гаргаж маш тодорхой болгосноор чанартай чанаргүй эрдэмтэд олноор төрж байгаа байдлыг хязгаарлаж, багш судлаачдын хариуцлага өндөрсөж тооноос чанар руу шилжинэ. Жишээ нь докторын зэрэг хамгаалахад заавал скопуст бүртгэлтэй пьер ревью сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээрээ өгүүлэл нийтлүүлсэн байх шаардлагыг наад зах нь тавьдаг болох журам руу шилжсэн. Ингэснээр профессор хүний хариуцлага өндөрсөж, эрүүл өрсөлдөөн бий болж, профессорын манлайлал, профессорын тогтолцоо ажиллаж эхлэх бөгөөд дагалдаад судлаачдын оюуны хөдөлмөрийн үнэлэмж бодитойгоор үнэлэгдэж эхэлнэ. Манай сургууль анх удаагаа профессорын насан туршийн тэтгэлгийг бий болгоод байгаа билээ.
Эрдмийн сургууль дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын чадварлаг судлаачид, докторантууд, пост докторуудаас бүрдсэн эрдэм шинжилгээ, сургалт явуулах өөрийн судалгааны багийг бүрдүүлж ажиллах, дэлхийн түвшний судалгаа хийж, үр дүнгээ олон улсын пьер ревью сэтгүүлд нийтлүүлэх зорилгыг дэвшүүлж ажиллаж байна. Хөтөлбөрийн шинэчлэл хийж агуулгын давхардлыг арилган сургалтын чанарыг эрс сайжруулах үүрэг зүй ёсоор Эрдмийн сургуульд тавигдаж байгаа юм.Ялангуяа гадаадад эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байгаа монгол эрдэмтэдтэй хамтран ажиллаж, улмаар тэднийг эргээд мэдсэн сурснаа эх орондоо нутагшуулж, их сургуулиа хөгжүүлэхэд хувь нэмрийг нь оруулах талаар тэднийг хөхүүлэн дэмжих гэх мэтчилэн…
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудын ахисан түвшний сургалтаас танайх юугаараа давуу талтай бол?
Бид Монголд анх удаа магистрын цахим сургалтыг бий болгосноороо давуу талтай юм. Эрдмийн сургуулийн цахим сургалтын үйл ажиллагааг олон улсын цахим сургалтын стандартын төвшинд нийцүүлэхийн тулд Ёнсей Их Сургуулийн хүндэт профессор Ён Мүн Чэ, АНУ-ийн John Hopkins-ийн Их Сургуулийн профессор Meredith Praamsma нартай хамтран судалгаа хийж сургалтын үйл ажиллагаа болон сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг олон улсын цахим сургалтын стандартад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлага технологийн дэвшлээ дагаад хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед ялангуяа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ачаалал ихтэй орчинд ажилдаг ч өөрийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай салбарын хувьд энэхүү шаардлагад нийцсэн цаг үеэ олсон сургалтын хэлбэр болж чадаж байна гэж бид үзэж байгаа юм.Өнөөдөр эмнэлзүйн Анагаах ухаан, Био-Анагаах ухаан, Уламжлалт, Нүүр ам судлал, Сувилахуй, Эм-зүй гээд нийт 8 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж магистрын сургалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна.Сургалтыг олон улсын хэмжээнд хүргэх зорилгоор хичээлийн бүх материалыг Англи, Монгол хэл дээр бэлтгэн гадаадын оюутан суралцах боломжийг бий болгон олон улсын цахим сургалтад дэлхийн 236 улсын 103 сая хэрэглэгчтэй сургалтын Moodle-3,2 систем ашиглан сургалтыг амжилттай явуулж эхэлсэн анхны бие даасан үйл ажиллагаатай цахим сургууль болон хөгжиж байна.
- Цахим хэлбэрээр хичээл явуулна гэдэг нэг талаас амаргүй. Боловсон хүчний хувьд хэр туршлагатай хамт олноор багаа бүрдүүлсэн байгаа вэ?
- Багшлах боловсон хүчний хувьд өөрийн сургуулийн 126 багш, АНУ, БНСУ-ийн их дээд сургуулийн 11 профессор хамтран ажиллаж байна. Суралцагч, төгсөгчдийн 50 хувийг хөдөө орон нутаг мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа суралцагч эзэлж байгаа бөгөөд гадаад оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна.Сургалтын давуу тал нь орон зайг үл хамааран өөрийн боломжтой цагтаа онлайнаар суралцан судалгаа шинжилгээ хийх цаг болгон ашиглах гээд олон давуу талууд бий.Бид сургуулийнхаа эрхэм зорилго хөгжлийн бодлогоо тодорхойлон төгсөлтийн сургалтыг чанартай явуулахыг эрхэмлэн үйл ажиллагаагаа шинэчлэн хөгжүүлж улмаар судалгаа, нотолгоонд суурилсан, эрдэм шинжилгээ судалгааны их сургууль болохын төлөө манай хамт олон мэрийн ажиллаж байна.
- Эрдмийн сургууль одоо ямар ямар чиглэлээр суралцагч элсүүлж байгаа вэ?
- Бид одоогоор төгсөлтийн сургалт буюу докторын, танхимын болон цахим хэлбэрийн магистрын сургалт гэсэн үндсэн гурван чиглэлтэйгээр нийт 573 хичээлийн хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 оны байдлаар онлайн магистрын сургалтад 702 оюутан, ШУ-ын магистрын сургалтад 569 оюутан, докторын сургалтад 212 гэхчлэн нийт 1483 оюутан суралцсан.
Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
URL: