Дэггүй гишүүдийг “хүмүүжүүлэх” өртөг 600 сая төгрөг

300

Өнгөрсөн оны намрын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болох хуулийн заалтыг нэмж оруулсан юм. Уг заалтыг оруулах гол шалтгаан нь гишүүд бусдынхаа өмнөөс кнопыг нь дардаг байсантай холбоотой юм.

Жишээ нь, өнгөрсөн лхагва гарагт хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанд 19 гишүүн суухаас 12 гишүүн ирцээ бүрдүүлж хуралдсан билээ. Хуралдааны үеэр Татварын багц хуулийг хэлэлцэж гишүүд асуулт асууж, санал солилцсон юм. Энэ үеэр Байнгын хорооны зарим гишүүн картаа авалгүй хуралдааныг орхин гарч санал хураалт болоход есөн гишүүн үлдсэн байв. Энэ үеэр санал хураахад нэр бүхий гишүүн “Олдсон ганц боломжоо ашиглаж авъя. Цаашид ийм боломж олдохгүй” хэмээн инээж бусад гишүүний кнопыг дарж байсан юм. Эмзэглэмээр ч гэсэн энэ бол энгийн л үзэгдэл.

Байнгын хороод, чуулганы хуралдааны үеэр дээрх үзэгдэл тасрахгүй. Иймд тэднийг “хүмүүжүүлэх” ганц санаа нь хурууны хээгээр санал өгч, ирц бүрдүүлэх гэж үзсэн хэрэг. Хэдий зөв шийдэл ч энэ хэрээр чамлахааргүй их мөнгө зарцуулах аж. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Цолмон “Нийт 600-гаад сая төгрөг зарцуулсан. Хамгийн бага үнээр шийдэх чиглэл өгсөн. Өнгөрсөн оны аравдугаар сард хууль нь батлагдсан шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт суутгаж өгсөн” хэмээсэн юм.

Нэг талаараа зөв шийдэл ч, нөгөө талаараа ард түмний төлөөлөл болсон гишүүдийг татвар мөнгөөр цалинжуулж, бас болоогүй “хүмүүжүүлэх” нь хэр зохистой бол. “Сахилгагүй” гишүүдээ хүмүүжүүлэх мөнгөөр бид мөнгөөр юу хийж болох вэ. Энд ганцхан жишээ дурдъя, “Шарк Танк” шоуны өчигдрийн дугаарт Хөвсгөл аймгаас Т.Батбилэг, Г.Дэлгэрнасан хэмээх нөхөр нь тэргэнцэртэй гэр бүлийн хоёр орсныг та бүхэн сайн санаж байгаа биз ээ. Тэд компанийнхаа 20 хувийг санал болгож 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Өмнө нь тэд өөрсдийнхөө хашаа байшинг банканд барьцаалаад өрхийн хэрэгцээний 0.07 га газар дээр пишин халаалттай амьны орон сууцыг барьж зах зээлд борлуулдаг аж. Мөн тэрбээр найман хүнийг цалинжуулдаг талаараа нэвтрүүлгийн үеэр ярьж байсан. Түүн шиг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид олон бий.

Гэтэл энэ мэт олон аж ахуй нэгж, иргэдэд хөрөнгө оруулалт хийж болох, магадгүй цалинжуулах мөнгөөр бид өөрсдийн төлөөллөө хүмүүжүүлэхээр болж байна. Уг хуулийн төсөл ирэх сарын 5-нд буюу хаврын чуулганаар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Бусдын кноп дардаг байдал халагдана. Гэхдээ энэ бол зөвхөн бусдын кнопыг дардаг бусад гишүүний өмнөөс шийдвэр гаргадаг байдлыг л халдаг болж байгаа юм.

Р.Хишигжаргал

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих