“ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна”
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
-Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа.
-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Д.Дорлигжавтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн мөрдөн шалгалтын үр дүнгээсээ хамаараад хэргийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хэд хэдэн ажилтантай холбоотой хэргийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монголбанк, СЗХ болон Төрийн банкны ажилтнууд хувьдаа ББСБ-тай гэсэн мэдээллийг дагуу тэдгээр хүмүүсийн ХОМ-т шалгалт хийж байгаа.
-С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудал танай дээр шалгагдах болсон мэдээлэл бий?
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт зарим нэг хүмүүсийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэсэн мэдээлэл ирсэн. Нотлох баримтууд олдсон, үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нууцад хамаарах асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дөрвөн хүн цагдан хорьсон асуудал яригдаж байгаа. Ажлын хэсэгт орсон хүмүүсийг 15 хоногийн хугацаатай саатуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
-Талийгаач шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан шалтгаан эцэслэн тогтоогдсон уу?
-Талийгаач Л.Бямбааг нэг биш өөр олон хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна.
-С.Баярцогт дансны хуулгаа өмнө нь өөрөө танайд гаргаж өгч байсан гэсэн. Швейцараас ирсэн баримт өөрийнх нь гаргаж өгснөөс өөр гэсэн үг үү?
-Швейцараас ирсэн материал бол дан ганц дансны хуулга биш. Өнгөрсөн Баасан гарагт манай байгууллагад албан ёсоор ирсэн. Мөрдөн байцаалтын явцад тухайн шалгагдаж байгаа хүн өөрөө шаардлагатай гэсэн нотлох баримтуудаа гаргаж өгч болдог. Гэхдээ бид үнэн зөв гэдгийг тогтоохоор цаад байгууллагаас албан ёсоор нотлох баримт хүсдэг.
Б.Аз
URL: