Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ
Монгол улсын гавьяат жүжигчин, Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Олон улсад Family drama буюу ГЭР БҮЛИЙН гэх төрөл нэн түгээмэл байдаг бол манай улсад төдийлөн бүтээгдээд байдаггүйг тодотгон ярьлаа.
Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц хүний нийгэмд тэр тусмаа гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх “Би нар” кино ирэх дөрөвдүгээр сарын 05-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү уран бүтээл нь бүх насныхан үзэхэд тохиромжтой гэр бүлийн уран сайхны кино болсноороо онцлогтой ажээ. Найруулагч уг киногоороо 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон гэдгээ онцолж байна.
URL: