Найрах арга чинь буруудаад байна
Дэлхий дээр хайр сэтгэлийн түмэн хэлбэр, түүнийг илэрхийлэх хэдэн мянган арга байна. Монголчуудын ярьдагаар эцэг хүний “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн нууцлаг байдлаар сэтгэл нь илэрдэг бол улс төрийн намуудын хувьд “хайр нь гаднаа, хал нь дотроо” гэсэн теоремоор ил болно. Ялангуяа манайх шиг сонгуулийн чимээ дуулдаж, сэтгэл нь хөдөлсөн үед бол хайр сэтгэлээ илчлэгчид олон болж, арга нь нарийсдаг эв эртний уламжлалтай. Өнөөдөр энэ нь улс төрийн халуун хөнжил дотор “халамж” гэсэн хэт их температуртай болсон үгээр илэрч байна. Эрх баригч намууд иргэддээ хэн нь илүү хайртайгаа мөнгө тарааж, бас дахин мөнгө тарааж харуулах вэ гэдэг уралдаан өрнөөд эхэллээ. Шинээр баталсан сонгуулийн тухай хуулиар сонгогчийн саналыг татахын тулд мөнгө амлахыг хориглосон. АН ч үүний дагуу МАН-ын гишүүдийн санаачилсан олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгө олгохыг эрс эсэргүүцсэн. Зурагтаар ярьж, матрын нулимс унагасан гэж гоочилж, хурал хаяж ч үзлээ. Гэтэл эцсийн бүлэгтээ халамжийн бас нэг хэлбэр болох Хүүхдийн мөнгийг Л.Гүндалайн найруулснаар, Ч.Сайханбилэгийн дэмжсэнээр гаргаад ирлээ. Ч.Сайханбилэг гишүүн “МАН мөнгө тараах нь хэн илүү хайртай, хэн хайргүй гэдгийг харуулах цензур нь болох зам руу аваачиж байна. Хэрвээ үнэхээр халамжийн бодлого шаардлагатай гэж үзэж байвал хуучин хүүхдийн мөнгийг сэргээх хэрэгтэй” гэв. Өмнө нь “Монголын халамжийн бодлого сонгууль дуустал гал алдахгүй” гэж байсан эх орон ч үгээ хаана гээчихэв. МАН-аас аль нэг талаараа дутахгүй гэсэн хор шарынхаа хойно нуучихав уу? 2012 онд халамжийн бодлогод зөвхөн эхчүүдэд зориулж 50 гаруй тэрбумыг төсөвлөсөн. Дээр нь хүн бүрт сая төгрөг, түүнтэй тэнцэх хувьцаа өгнө гэж байгаа. Хэт их тэлсэн халамжийн бодлого эдийн засгийн хямрал дагуулна гэдгийг олон хүн хэлсээр, өөрсдөө ч ярьсаар байж ийм үйлдэл ба эс үйлдэл хийж байгааг хоноцын сэтгэлгээ гэхээс өөр юу гэхэв. Сонгуулиар л сайхан харагдаж хэдэн санал авч байвал дараа нь үнэ өснө үү, өр нэмэгдэнэ үү, ажилгүйдэл ихэснэ үү гэдэг ямар ч хамаагүй мэт аашилж байна. “Бид мөнгө авахгүй ээ” гээд жагсах нь ч хаашаа юм. Тэгэх ч үгүй биз. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг. Иргэддээ хоноцын сэтгэлгээгээр ингэж хандаад байвал дургүйцэх нь мэдээж. Мөнгө тараах нь сонгогчдын саналыг авах биш харин өөрсдийг нь ямар хувиа хичээгч вэ гэдгийг нь харуулаад байна. Дараа нь сөрөг үр дагавартай гэдгийг нь мэдсээр байж төсвийн мөнгийг сонгуулийн сурталчилгаа болгож байгаа “найрах арга” чинь буруудаад байна.
Б.Баяр
URL: