Эрсдлийн сангийн татвараас болж зээлийн хүү өндөр байна

olloo_mn_1540098833_92Зээлийн хүүг бууруулъя гэвэл арилжааны банкуудын зардлыг бууруулах тал дээр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх боломжтой. Өнөөдөр арилжааны банкуудын  бүх төрлийн зээлд ямар нэгэн хэмжээгээр эрсдлийн сан байгуулах шаардлага тавьдаг. Өмнө нь хэвийн зээлд сан байгуулах шаардлага тавьдаггүй байжээ.  Харин өнгөрсөн жилээс эхлэн хэвийн зээл, бусад бүх зээлд сан байгуулах болсон аж. Ингэснээр хэвийн зээлийн сан татвар ногдох орлогоос чөлөөлөгдөж  зээлийн хүүний зардлын хэмжээнд дөхөм болох юм. Өөрөөр хэлбэл, системийн хэмжээгээр өнөөдөр 13 их наяд орчим төгрөгийн хэвийн зээл байгаа. Үүний нэг хувиар сан байгуулвал, бараг 130 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл  энэ мөнгө  ямар ч бизнесийн эргэлтэд  гарахгүй түгжигдэж байна.

Учир нь жижиг аж ахуйн нэгж иргэдэд зээл болж очих ёстой мөнгийг эрсдлийн санд  авч үлдээд дээрээс нь тэр сангаас татвар авчихдаг. Татвар авдаг болохоор  тухайн арилжааны банкуудын зардал нэмэгдэж байна гэсэн үг. Арилжааны банкуудын зардал нэмэгдэх л юм бол  үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр  зээлийн хүү өндөр байхад нөлөөлнө. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн чадавхыг сайжруулах шаардлагыг валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд тавьж буй. Энэ зорилгоор банкны активийн чанарт үнэлгээ хийж өөрийн хөрөнгө дутсан дөрвөн банкинд өөрийн хөрөнгийн нэмэх шаардлагыг тавина гэсэн. Тэгэхээр үүнийгээ дагаад  зардал өснө. Зардал өсөх тусам тухайн банкны ашиг орлогод нөлөөлнө. Түүнчлэн банкны эздийн өөрийн хөрөнгийн хэмжээ өсөхгүй багасахад нөлөөлөх ажээ. Эдгээр болон бусад шалтгаанаас болж зээлийн хүү буурах боломжийг алдаж байна гэж  өнгөрсөн долоо хоногт баталсан Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүд  ярьж байв.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих