“Статистикийн мэдээллийг вэб технологид суурилсан цахим системээр хэрхэн мэдээлэх тухай” сургалт болов
Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газар хамтран Статистикийн анхдагч мэдээллийг гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан “Статистикийн мэдээллийг вэб технологид суурилсан цахим системээр хэрхэн мэдээлэх тухай” сургалтыг зохион байгуулав.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд вэб технологид суурилсан цахим системээр статистикийн мэдээ, тайланг хэрхэн гаргах, анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах нь сургалтын үндсэн зорилго юм.
Энэ удаагийн сургалтад Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг, нийгмийн 14 салбарын 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнуудыг хамрууллаа.
Сургалтыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нээж, албан ёсны статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь тогтмол мэдээлж хэвшсэн Улаанбаатар буян ХХК-ний нягтлан бодогч Б.Нэргүйг Үндэсний статистикийн салбарын дээд шагнал “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Монсуль ХХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Батцэцэгийг “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнаж урамшууллаа.
Сургалт 2 өдөр үргэлжилнэ. Маргаашийн сургалтад Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдах юм.
URL: