“Ц.Элбэгдоржийн өрөөнөөс биш Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын архиваас 8-9 зураг авсан”

242Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий галлерейд ЭЦА-наас нэгжлэг хийж, арав гаруй уран зураг хураан авсан. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж, “Их тэнгэр”-ээс алдагдсан зургууд мөн эсэхийг шалгаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү болох Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын Үндэсний нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий галлерейд нэгжлэг хийж уран зургуудыг нь хураан авчээ. Гэтэл үүнийг  зарим эх сурвалж таны эзэмшдэг байгууллагын компанид нэгжлэг хийсэн гээд байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

-Энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас надруу ярьсан. Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын зураг хадгалдаг архив “Ардын эрх” сонины байранд байдаг. Тэнд цагдаа нар ирээд надтай утсаар холбогдоод, таны архивийг онгойлгож үзэх гэсэн юм гэсэн. Ямар учиртай юм бэ гэхэд Их тэнгэр цогцолбор болон Маршал хотхоноос алга болсон зургууд танай дээр байж магадгүй байна гэсэн. Та нарт албан ёсны зөвшөөрөл байна уу. Прокурорын зөвшөөрөл байна уу гэж асуусан. Тэгээд цагийн дараа очсон. Намайг очсоноос цаг гарангийн дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн. Тав зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр манай дүрслэх урлагийн бүтээл сонирхогчдын маш олон бүтээлийг хадгалдаг архив руу орж үзсэн. Тухайн үед үзээд алга болсон гээд байгаа зургуудтай ойролцоо найм, есөн зургийг авч явсан.

Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс энэ зураг гарлаа гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол яах аргагүй манай бүтээл цуглуулагчдын архиваас үзлэг хийж авч явсан зураг гэдгийг би албан ёсоор хэлж байна.

-Та Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар холбоотой юу?

-Ц.Элбэгдорж төрсөн эгчтэй минь суусан.  1988 онд 35 жилийн өмнө ингэж холбогдож ах дүү хоёр болсон.

-”Чухаг-2″ хотхонд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уран зургийн галлерей байгуулж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

-Нийгэмд улс төрчдийн талаарх мэдээлэл их явдаг. 1988 онд энэ хүнтэй танилцсаны дараа тухайн үеийн таван тоннын контайнертай ирж байсан. Тэр контайнераас мотоцикл , цэргийн ном, сувинерийн зургууд гарч ирсэн. Би ч тухайн үед зураг их сонирхдог байлаа. Эхнэрийнх нь дүү гэдгээ хаашаа ч нуух арга байхгүй. 1990 оноос бизнес хийж эхэлсэн. Төрд нэг ч өдөр ажиллаагүй.  Сүүлийн 12 жилийн хугацаанд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан байдаг. Тэрний нэг нь энэ Чухаг-2 юм. Энэ барилга барьж байгаа газар хоёр байшин барих ёстой ч машины зогсоол, хөрөнгө мөнгөнөөс болоод урлаг спортын заал барьж байгаа. Мөн хойд талд нь зургийн үзэсгэлэн гаргах зориулалтын галлерей барьж байна.

-Таны уран зургийн архиваас цагдаагийн байгууллага 8-9 зураг аваад явсан юм байна тиймүү?

-Тэр бол Дүрслэх урлагийн нийгэмлэгийн архив юм. Зургийг хадгалахад чийгшилгүй байх гэдэг ч юм уу, зориулалтын газар байх хэрэгтэй. Манайд ахмад зураачид зургаа хадгалуулдаг. Зориулалтын бус газар хадгалснаар үрчийж хатдаг гал түймэрт өртдөг, хулгайд алдагдах эрсдэлтэй. Тиймээс зориулалтын складыг бий болгосон. Бас жаазны үйлдвэр байгуулсан. Тухайн газар зураг хадгалж байсан нь үнэн. Олон хүний зураг байгаа. Цагдаа нар  тэр алдагдсан гээд байгаа зургуудтай ойролцоо байж магадгүй 10-аад зургийг шинжлүүлье, мэргэжлийн хүнд үзүүлье гэхэд нь тэгээ  тэг, үнэн мөнийг нь ол гээд  өгөөд явуулсан. Би бол зураг хулгайлдаг хүн бишээ, харин зураг хайрлаж хамгаалдаг хүн гэдгээ хэлсэн.

-Энэ дотор Ц.Элбэгдоржийн цуглуулсан  зурагнуудаас байсан уу?

-Энэ хүн зураг цуглуулдаг. Зургийн мэдлэгтэй. Гадаад дотоодод явж байхдаа зургийн  архиваар орж, үзэсгэлэн үзэж байдаг тийм л хүн. Тэнд бол ахын зураг байгаагүй. Миний цуглуулдаг зургууд байсан. Би үзлэг хийсэн хүмүүст нээлттэй үзүүлсэн.

-Хадам дүү нь уран зураг цуглуулдаг байтал Ц. Элбэгдоржийнх болгож ярьж байна гэж ойлгож болох уу?

-Тиймээ.  Юм л бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Би хоёр хүнийг дагаж явж уран зураг сонирхдог болсон. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолоочоор ажилладаг байлаа. Чингисийн хөшөөг хийж байхад Зураач Эрдэнэбилэг ахтай найз болж, их ойрхон ажиллаж байсан. Мөн Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ойр ажиллаж СИТИ таксины захирал болж байлаа. Тухайн үед 1999 онд 200 такси орж ирээд л шуугиан тарьж байсан. Түүнийг 1000 болтол нь захирал хийж байлаа. Тэгэхээр бизнесийн гараагаа эхэлж одоо амжилттай яваа минь тэр хүнээс сурсан зүйл их байсных .Үүнийг би хаана ч хэлнэ.

Хувь заяаны тохиолоор МУ-ын хоёр Ерөнхийлөгчтэй ойр дотно байдаг. Энэ хоёрыгоо дуурайгаад уран зурагтай ойр болсон. Залуу зураач нарыг дэмжиж гадаадад сургаж, гадаадын зураачдыг авчирч байна.

-Энэ бүхнийг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоод байгааг  та иргэн хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?  

-Тэр хүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч чөлөөт иргэн болчихсон. Би эхнэрийнх нь дүү гэхээр хардах үндэслэл хэнд ч байх. Юм үнэнээр явах сайхан. Ардын эрх сонины байранд байрлах манай архивыг  шалгах Прокурорын зөвшөөрөл надад байна. Тиймээс тэр хүний өрөөнд нэгжлэг болоогүй гэдгийг би албан ёсоор хэлж байна.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих