УИХ-ын гишүүн Х.Баттулга “дарлагдсан” ардаа хашгиран сэрээсээр
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд биш болсон гэж өөрийгөө онцолж яваа УИХ-ын гишүүн Х.Баттулга албан тушаалаа хүлээлгэж өгөх мөч ойртсоор байна. АН-ын дотроо шүүмжлэл дэгдээж, дарга, сайд хоёроо шулуухан зэмлэсэн тэрбээр сүүлийн үед өглөө бүр “Твиттер”-тээ хамгийн чангаараа хашгирах болж. Түүний энэ хашгираан ҮЗХ-ны хуралдаан болсон өнгөрөгч Лхагва гаригийн өглөөнөөс эхэлсэн юм. 2012 оны нэгдүгээр сарын 11: “Босцгоо, дарлагдсан ардууд аа… ля ля ля” хэмээн бичсэнийг хүмүүс сониучирхан хүлээн авч тодруулан асуухад “Өглөө гэнэт ийм дуу орж ирээд…” хэмээн хариулжээ. Түүний дараа дараагийн өдөр ч “Босцгоо, дарлагдсан ардууд аа. Өглөөний мэнд” хэмээх жиргээгээр дөрвөн ч өглөөг эхлүүлсэн байна. Долоо хоногийн синдром юм болов уу гэж бодтол үгүй ээ. Энэ долоо хоногийг ч ийнхүү угтлаа. “Дарлагдсан” ард түмнийг босгохыг хүсдэг О.Магнайгаас “халдвартаа” юу гэмээр үгсийг Х.Баттулга гишүүн “Өглөөний мэнд” гэдэг өөр утгаар халхлах аж. Гэвч ҮЗХ хуралдаж, өөрийнх нь нэр АН-ын даргын суудалд яригдаж эхэлсэн тэр л өглөө ийнхүү “тэсэрсэн” нь ерийн явдал биш болов уу.
“Эдийн засгийн алуурчид” хэмээх номыг индэрийн ард барьж зогсоод “Мянгыг хулгайлахад хулгайчийн гар хангалттай. Саяыг хулгайлахад үгссэн бүлэглэл хангалттай. Тэрбумыг хулгайлахад хууль гаргуулахад хангалттай. Харин хуу хамж авахад үзэл суртал хангалттай” гэдэг үгийг уншсан. Үүнийгээ ч жиргээндээ оруулахаа мартсангүй. Монголд хэрэглэгчдийнхээ хүрээг улам тэлж байгаа Твиттер орчинд ийнхүү хамгийн чангаар шулганасан нь нэгэн төрлийн үзэл суртлыг түгээх оролдлого байхыг ч үгүйсгэхгүй.
Б.Ганбилэг 24tsag
URL: