Г.Алтан “Номаранг”-ийг залилж, “Анод”-ын дампуурлын эхлэлийг тавьжээ

Олон арван түрээслэгчийн амьдралаар тоглочихоод хил даван зугтаасан “Алтжин”-гийн Г.Алтан улстөрд хүч

үзэхээр ирсэн талаар бид мэ­дээлсэн. Эртний тооцоотой “нэ­гэн” банкны хувь эзэм­шигч болсон тэрбээр хад­галамж эзэмшигчдийн мөн­гийг сонгуульд цацахаар зэ­хэж буй.

“Сапу”-гаа шатаачихаад юу ч үгүй хоосорч, түрээс­лэгч­дийнхээ хохирлыг бараг­дуулж дийлэлгүй хил давж байсан Г.Алтан яагаад гэнэт банкны хувь эзэмшиж, ямар мөнгөөрөө шинэ худалдааны төв босгож байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.

Банкны хувь эзэмших тухайд “Жаст” групптэй хийсэн эртний наймааны үлдэгдэл гэж ойлгож болох ч өөр нэгэн анхаарал татсан мэдээлэл бий.

Тодруулбал алдарт “Но­маранг” компанийн хэрэг.

75 сая ам.долларын өр төлбөр  яригддаг энэ хэргийг Элчин сайд Л.Галбадрахын хуучин эхнэр “Итгэлт орших” группийн эзэн Н.Мөнхцэцэг зуучилж, “Монгол шуудан” банктай аккредитивын гэ­рээ байгуулсны дараагаас УИХ-ын гишүүн “Женко” группийн ерөнхийлөгч Х.Бат­тулга хүч түрэн орж ирсэн гэдэг. Гэвч үнэндээ энэ хэ­рэгт хамгийн гол нөлөө үзүүлж, бараа материалыг мөнгө болгох санал гаргасан хүн нь “Алтжин”-гийн Г.Ал­тан гэнэ.

Учир нь “Алтжин”-гийн Г.Алтан, түүний амраг “Мон-Уран”-ы Б.На­ран­хүү, “Итгэлт орших групп”-ийн Н.Мөнхцэцэг, түүний нөхөр Манлай уяач Б.Билэг­дэм­бэрэл нар гэр бүлийн дотны найзууд. Иймдээ ч өөрсдөөсөө 20 насаар дүү залуусыг сонгосон Г.Ал­тан, Н.Мөнхцэцэг нар “Но­ма­ранг”-ийн хэргийг өдүүлж бай­жээ. “Номаранг”-ийн гэх хэрэг явсаар эцэстээ “Анод” банк­ны дампуурлын томоо­хон шалтгаан болсон гэлц­дэг.

“Номаранг”-ийг Н.Мөнх­цэцэг анх зуучилсан гэдэг нь маргашгүй үнэн. Тэрбээр зо­хиолч Ч.Лодойдамба гуайн хүү Элчин сайд Л.Гал­бад­рах­тай сууж байхдаа Солонгосын бизнесмэнүүдтэй танилцаж, “Номаранг”-ийнхантай хол­боо тогтоосон аж. Ингээд 2002-2003 онд Солонгосын “Номаранг” компани Монгол Улстай аккредитивын гэрээ бай­гуулж, “LG”, “Daewoo” компаниудаас бараа, м­а­те­риал нийлүүлэх гэрээ хийж байв. Гэвч бараа ма­териал нийлүүлэх гэрээ нь сүүлдээ бэлэн мөнгө болон хувирч, Монголын банкууд болон аж ахуйн нэгж, иргэдийн гар дээр зээл хэлбэрээр очсон юм. Улмаар “Номаранг”-ийн захирал Ок Сүн Ли акк­ре­д­и­тивын гэрээг зөрчиж, хууль бусаар бэлэн мөнгө угаасан хэргээр Солонгосын шүүхээс зургаан жилийн ял сонссон.

Харин түүнээс бэлэн мөн­гийг зээлж авсан Мон­го­лын арилжааны банкууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс 75 сая ам.долларын төлбөрт унасан билээ. Эхэндээ энэ хэрэг 120 сая ам.долларын нэ­хэмж­лэлтэй манай улсад ирж байсан ч шүүхийн ша­танд 75 сая ам.доллар болж буурсан.

Тухайн үед хэвлэлээр “Номаранг”-ийн мөнгийг угаах ажилд гол нөлөө үзүүл­сэн Монгол талын луй­варч­наар УИХ-ын ги­шүүн “Женко” группийн ерөн­хийлөгч Х.Баттулга, “Ит­гэлт орших групп”-ийн Н.Мөнх­цэцэг нарыг нэрлэж байв. Х.Бат­тулга ч өөрийнхөө бу­рууг зөвшөөрч, 75 сая ам.дол­ларын ихэнхийг нь Хя­та­дын хилийн ойролцоо бай­даг өөрийн эзэмшлийн уул уурхайн ордуудаас олсон ашгаараа төлнө гэдэг ам өчиг өгч байв.

Харин Н.Мөнхцэцэгийн зуучилж өгсөн “Номаранг”-аас их хэмжээний бэлэн мөн­гө авах санааг “Алтжин”-гийн Г.Алтан гаргаж, “LG”, “Daewoo” компаниудаас гар­сан бэлэн мөнгийг нохойн за­маар оруулах ажиллагаа эхэлсэн гэнэ.

Энэхүү 120 сая ам.дол­ларыг “Монгол шуудан”, “Тээвэр хөгжлийн банк”, “Го­ломт”, “Анод” гээд эргэл­дүүлээгүй арилжааны банк байхгүй. Харин эд­гээр банкаар дамжуулан “Хаан брой” ХХК-ийн эзэн Клаус, монгол захирал С.От­гон­баатар, “Irish Pub”-ын за­хирал Г.Ганхүү, “On & off” продакшин, “Монгол шуу­дан” банкны Удирдах зөвлө­лийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Зоригт, “Жем интернэшнл” группийн ерөн­хийлөгч Ц.Цэрэн­пун­цаг, Синба Батаагийн дүү Эрдэнэт үйлдвэрийн дэд захирал Ц.Бат-Энх, “Мон­гол газар”-ын Ц.Мян­ган­баяр, “Мобайл”, “Аранзал трейд”, “Тахь ко”, “Нэг Ази” ХХК, “Сити” такси, “Сити” shop, “Мон-роуд” ХХК, “Монфрэш”, “Монгол шилт­гээн”, “Пирамид” зэрэг 20 аж ахуйн нэгж, 16 хувь хүн авсан байдаг.

Мэдээж энэ мөнгөнөөс их хэмжээгээр салгасан хү­мүүсийн нэг нь Г.Алтан. Н.Мөнхцэцэг гэх гэр бүлийн найзууд. Г.Алтангаар дам­жуулан “Мон-Уран”-ы Б.На­ранхүү өсч өндийсөн бол, Н.Мөнхцэцэгээр дамжуу­лан “Итгэлт орших” группийн Б.Би­лэгдэмбэрэл хөлжсөн гэ­­дэг.

Үндсэндээ солон­гос­чуу­дын мөнгөөр Б.Наранхүү “Дүн­жин­гарав” захыг барих хө­рөнгөтэй болсон бол энэ хэргийн дараахан Б.Билэг­дэмбэрэл, Н.Мөнхцэцэг нар “Бөмбөгөр” худалдааны тө­вийн хажууд “МВ” гэх их дэлгүүрийг барьж байв.

Хамгийн гол нь Г.Алтан зуучлагч Н.Мөнхцэцэг, гар­дан гүйцэтгэгч Х.Бат­тулга нарыг холбож өгсөн байдаг. Эл­чин сайдын салсан эхнэр нэрнээс цаашгүй Н.Мөнх­цэцэг гэх эмэгтэйд УИХ-ын гишүүдтэй холбогдож, арил­жааны банкуудаар мөнгө угаах санаа яаж төрөх вэ. Тэ­гэхээр Г.Алтан улстөрийн хүрээнийхэн гэх мэт дээгүүр албыг нь амжуулдаг байж.

Улмаар Х.Баттулга са­наачилгыг гартаа авч, мөн­гийг Сингапурын бан­каар дам­жуулж, Тээвэр хөгж­лийн банканд оруулдаг бай­сан талаар “Номаранг”-ийн захирал Ок Сүн Ли мэ­дүүл­сэн байдаг. Тэрбээр “… Н.Мөнх­цэцэг, Х.Баттулгатай хамт­ран нийт мөнгөний маш бага хувьд бараа ачуулж, үлд­сэн мөнгөндөө бараа ачуулсан хуурамч баримт бүр­дүүл­сэн. Би бусад мөн­гийг тэдний шилжүүл гэсэн банканд нь шилжүүлж бай­сан. Тэд мөнгөө “Монгол шуу­дан” банк болон Х.Бат­тулгын түншүүд болох Син­гапурын хятад гаралтай иргэдийн хяналтад байдаг Сингапурын банкны дансуу­даар дамжуулж байсан. Мөн­гө тэндээсээ Монгол Ул­сын Тээвэр хөгжлийн банк, “Монгол шуудан” банканд шилжиж, хувь хүмүүс, ком­паниудын нэрээр тараагдсан” хэмээн ярьж байв.

Үүнтэй холбоотойгоор энэ ажиллагаанд оролцсон Син­гапурын “МСВ Holding” компанид Сингапурын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан удаатай.

Харин монголчууд хо­хир­лоо төлөхгүй гүрийсээр бай­сан тул Солонгосын тал тө­рийн өмчит “Daewoo” кор­по­рациа хамгаалж, “Но­маранг”-ийн өрийг Монго­лын гадаад дахь алтны нөө­­цөөс суутгуулан авч ба­раг­­дуу­лахаар Олон ул­сын валю­тын санд ханд­сан. Гэвч асуудал тэгсхийгээд намж­сан. Энэ нь Г.Алтан, Н.Мөнх­цэцэг нарын сэдэж, Х.Бат­тулгын оролцсон гэх 75 сая ам.долларын өрийг гадаад дахь алтны нөөцөөсөө бараг­дуулсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байв.

Хамгийн гол нь “Но­маранг”-ийн хэргээс мон­голчууд хожсон гэдэг боловч үнэндээ хэдхэн хүн хожиж, бусад нь алдсан. Үүний хам­гийн тод жишээ нь “Анод” банкны дампуурал.

Тухайн үед “Анод” банк харилцагчдын төлбөрийн чад­варыг сайжруулан банкны бэлэн мөнгөний урсгалыг нэ­мэг­­дүүлэх зорилгоор “Но­маранг”-ийн оруулж ирсэн хөрөнгөөс татсан аж. Гэвч “Номаранг”-ийн асуудал биш­дэж эхлэх үед “Анод” банк өөрт хамааралтай 24 сая ам.долларын төлбөрийг бараг­дуулжээ. Улмаар эргэл­тийн хөрөнгийнхөө нэлээд хэсгийг өрөнд өгсөн “Анод” банк өөрсдөө хүнд байдалд орж, удалгүй дампуурсан.

Ийнхүү “Анод” банкны олон мянган хадгаламж эзэм­шигч хохирсон билээ. Өө­рөөр хэлбэл Г.Алтан, Н.Мөнх­цэцэг зэрэг хариуцлагатай алба хашиж буй олон хүмүүс “Анод” банкны дам­пуу­рал­тай холбогдож байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих