Л.Оюун-Эрдэнэ: Дундаж давхаргыг дэмжих банкны үйлчилгээг хөгжүүлнэ

222Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахимаар холбогдож, үүрэг өглөө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ сайд, ”Төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэх нь чухал. Түүнчлэн эдийн засгийн өсөлт нь цаасан дээр үлдэх биш иргэндээ хүрдэг байх хэрэгтэй. Энэ хүрээнд Засгийн газар дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээг хөгжүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг иргэндээ тэгш хүргэх тодорхой шийдвэрийг ойрын хугацаанд гаргана” гэлээ.

Орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахыг тэрээр мөн үүрэг болгосон. Учир нь нийгмийн давхарга бүрийн төлөөллийг оролцуулж цахим хурлыг цаашид хийх нь үр дүнтэй гэж тэрээр үзэж байгаагаа дурдаад, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн байгууллагуудад ажиллуулах зохицуулалттай хуулиуд байгаа ч хэрэгжихгүй байна. Иймд орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, тулгарч байгаа асуудлыг нь Засгийн газар шуурхай шийдэх хэрэгтэй. Улмаар бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх зэргээр нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг ээлж дараалан цахим хуралд оролцуулж, саналыг нь сонсох нь үр дүнтэй хурал болно” хэмээв.


URL:

Сэтгэгдэл бичих