“Google” компани торгуулав

5c931ca80506dЕвропын комисс /ЕК/ “Google” компанийг Европын Холбооны монополийн эсрэг журмыг зөрчсөнийх нь төлөө 1 тэрбум 49 сая еврогоор торгожээ.

ЕК-ын хэвлэлийн мэдээллээс үзвэл, “Google” компани зах зээл дэх давуу байдлаа буруугаар ашиглаж, цахим хуудсуудтай гэрээ байгуулахдаа хязгаарлалт тогтоосон нь эдгээр цахим хуудаст тус компанийн өрсөлдөгчид хайлтын зар тавих боломжгүй болсон гэдэг дүгнэлтийг комисс хийсэн байна.

“Ийм зүй бус үйлдэл 10 гаруй жил үргэлжилсэн бөгөөд бусад компанид чөлөөтэй өрсөлдөх, инновацийг нэвтрүүлэх боломж олгоогүй” гэж Өрсөлдөөний асуудал хариуцсан Европын комиссар Маргарет Вестагер мэдэгджээ.

Энэ нь ЕК-оос Америкийн компанид ногдуулсан гурав дахь торгууль юм. “Google” өнгөрсөн оны долдугаар сард 4 тэрбум 34 сая еврогоор торгуулжээ. Тухайн үед тус компанийг Android-төхөөрөмж үйлдвэрлэгчдэд болон гар утасны операторуудад “хууль бус хязгаарлалт” тогтоосон, мөн монополийн эсрэг журмыг зөрчсөн гэж буруутгасан байна. Үүнээс жилийн өмнө интернэтээр бүтээгдэхүүн хайх үед өөрийн “Google Shopping” үйлчилгээнд давуу тал олгосон хэмээн 2 тэрбум 42 сая еврогоор торгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих