Гадуураа хувьцасгүй дан цамцтай охин алхаж явсан
Энэ сарын 4-ний шөнө Богд уулын ойролцоохь “Болор туул” амралтын газраас 16 настай охин сураггүй алга болоод өнөөдөр 13 дахь хоногтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд охиныг хайхаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид ажлын хэсэг гарган Богд ууланд самналт хийсэн ч охин олдоогүй юм.
Үүнээс гадна дотоодын цэргийн 100 гаруй албан хаагч болон цагдаагийн академийн сонсогчид, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах салбарын алба хаагч, дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн гээд 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг одоо ч охиныг эрж хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Сураггүй болоод байгаа охиныг Б.Нинжинсанаа гэдэг. Тэрбээр ээж аавын хамт амьдардаг бөгөөд алга болдог өдөр өөрийн үерхдэг хүүтэйгээ уулзахаар тус амралтын газарт 23.00 цагийн үед очсон гэдгийг амралтын газрынхан хэлж буй. Охин тухайн үед нимгэн цагаан куртка, хүрэн бор өнгийн бойтгон гутал, хоёр давхар өмдтэй явж байсан гэнэ.
Охинтой хамт байсан хүүхдүүдээс цагдаа нар байцаалт авсан байна. Тэд арван жилийн нэг ангийнхан ажээ. Хүүхдүүдийн мэдүүлж буйгаар “Нинжинсанаа орж ирээд бидэнтэй юм яриад сууж байгаад бие засах гээд гарсан. Тэгээд 10 гаруй минут болоод орж ирэхгүй болохоор нь гараад хайсан чинь алга болчихсон байсан. Ирээд удаагүй болохоор ирсэн таксигаараа буцчихсан байх гэж бодоод орцгоосон. Найз банди болох Г гэрийнхнээс нь асуухад ирээгүй гэснээр алга болсныг нь мэдсэн” хэмээн мэдүүлжээ.
Тухайн үед охинд хашааны хаалга нээж өгөн, найзуудад нь хүлээлгэж өгсөн амралтын газрын манаач Г.Цэцгээ ийнхүү ярьж байв. “Энэ сарын 4-нд манай амралтын газарт оюутнууд гээд арав гаруй эрэгтэй хүүхэд ирсэн. Ярианаас нь сонсоход нэгнийх нь төрсөн өдөр болж байгаа юм шиг байсан. Удаа ч үгүй 21.00 цагийн үед нэг хүү нь над дээр ирээд “Хаалгаа онгойлгоорой, найз охин маань ирж байна” гэсэн.
Би ч хаалгаа онгойлгоод охиныг оруулсан. Гэтэл төд удалгүй л өнөө хүүхдүүд охин алга болчихлоо гээд үймж эхэлсэн. Хүүхдүүдтэй нийлээд өвгөн бид хоёр өглөө болтол хайсан ч охин олдоогүй. Хайран сайхан охин хааччихдаг байна гэж бодохоор шөнө ч нойр хүрэхгүй юм” хэмээн халаглаж байв. Харин Б.Нинжинсанаа охиныг алга болохоос өмнө харсан хүн байна.
Тэрбээр охиныг алга болдог өглөө сүүгээ зарахаар Зайсан толгой орчмоор алхаж явахдаа гадуураа хувцасгүй, дан цамцтай охин зам даган алхаж явахыг харжээ. Түүний хэлснээр охин замын машинд гар өргөхгүй байсан бөгөөд зогссон машинд ч суухгүй байсан гэнэ. Харин уг хэрийг шалгаж буй Баянзүрх дүүргийн мөрдөн байцаах албаны дарга Энхтайванаас эрлийн явцын талаар тодруулахад, “Охиныг хайх ажил үргэлжклж байна. Одоогоор тодорхой таамаг алга” гэв.
Охины алга болсон “Болор туул” амралтын газар Зайсан толгойгоос урагшаа таван км зайд байрладаг аж. Охиныг алга болсон өдрөөс хойш тус амралтын газрын үйл ажиллагааг зогсоожээ. Ингээд амралтын газрын зохион байгуулагчаас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай амралтаас алга болсон охин анх хэдүүлээ байсан юм бэ?
-Нэлээд олуулаа байсан. Эхлээд хэдэн эрэгтэй хүүхдүүд ирсэн. Удалгүй нэг охин тэдний хойноос ирсэн. Лав 10 гаруй хүүхэд байсан шүү. Тэр залуучуудын нэг нь л найз охиноо дуудаж авч ирсэн юм шиг байсан.
-Одоогоор шалгалт үргэлжилж байгаа биз дээ?
-Тиймээ. Өдөр бүр шалгалт хийгдэж байгаа. Өчигдөрхөн цагдаагийнхан энэ хавиар самналт хийгээд явсан. Хэрэг гарсан өдрөөс хойш цагдаа болон охины ар гэрийнхэн бараг өдөр бүр үүгээр эрэл хайгуул явуулсаар л байна.
-Алга болсон охин хэдэн цагт амралтаас гарч явсан юм бол?
-Мэдэхгүй. Цагдаагийнхан хэлэхдээ “Хэргийг шалгаж, эрлийн ажил үргэлжилж байгаа болохоор мэдээлэл өгч болохгүй” гэсэн. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна. Ямар ч байсан охиныг алга болсноос хойш манайх ажиллаагүй гэв.
М.Өлзий
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: