Ерөнхийлөгч өө, шүүгчийн сонгон шалгаруулалтад “НО” ороод байгаа юм биш үү
Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгалтад хамгийн өндөр оноо авсан шүүгчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийилөгчид өргөн барих эрхтэй байгууллага. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын дагуу “сонгон шалгаруулах ажлыг нээлттэй, ил тод байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл энэ журам бодим амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байна.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 182, 183 дугаар тушаал, 2019 оны 15 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтууд явагдаж байна.
Энэ сарын 18-наас 21-ний хооронд үргэлжлэх Анхан шатны шүүхийн шүүгчийн тусгай шалгалтын хариуг www.shuugch-songon.mn цахим хаягт байршуулах ёстой атал энэ хаяг ажиллагаанаас гараад хэд хонож байгаа нь хуульчдын эгдүүцлийг хүргэх боллоо.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай” журмын 2.9 дэх хэсэгт “Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээг нэн даруй гаргаж www.shuugch-songon.mn цахим хуудсанд байрлуулна” гэж заасан байдаг.
Энэ үүднээс энэ сарын 18-наас 21-ний хооронд Анхан шатны шүүхийн шүүгчийн тусгай шалгалтын хариуг цахим хуудаст байршуулах ёстой атал энэ мэдээллээ ил болгохгүй байгаа нь ямар учиртай вэ.
Эндээс үзвэл, Шүүхийн ерөнхий зөвлөл нь Ерөнхийлөгчөөс давсан эрх мэдэлтэй юү эс бөгөөс ямар нэг учир шалтгааны улмаас шүүгчийн сонгон шалгаруулалтын дүнг ил болгохоос цааргалж байна уу гэж хардахаас өөр аргагүйд хүрээд байна.
Г.Эрдэнэ
24tsag.mn
URL: