Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрчийн мэдүүлэг авахаар дуудсаныг М.Энхболдын гомдлоор хэмээн гуйвуулжээ

176

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Худалдаа хөгжлийн банкны хувьчлалтай УИХ-ын дарга асан М.Энхболд холбоотой” гэх агуулга бүхий мэдээллийг өгсөн. Харин энэ асуудалд УИХ-ын дарга асан М.Энхболд ”Улсын Ерөнхийлөгч байсан хүн тийм ор үндэсгүй, баримтгүй, гүтгэлэгийн шинжтэй зүйл ярьсанд би үнэхээр харамсч байна. Унасан дээр нь түлхээд авъя гэдэг шиг байдал гаргаж байгаад харамсч байна. Энэ хүн УИХ-ын даргын албан тушаалыг өгчихсөн учраас муу муухай бүхнийг надад тохох гэсэн бололтой. Үнэн юм үнэнээрээ сайхан. ХХБ-ны хувьчлалыг намайг Ерөнхий сайд байх үедээ оруулж, Засгийн газар дэмжсэн мэтээр ярьсан. Үнэн хэрэг дээрээ ХХБ-ны хувьчлалыг Н.Энхбаяр дарга өөрөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувьчилсан.

Миний хувьд нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад нь хандах бодолтой байна” гэсэн юм.

Улмаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ хэмээн зар тараалаа. Ингэхдээ “М.Энхболдын гомдлын дагуу ЭЦА-нд дуудагдсан” талаараа тайлбар өгнө гэжээ.

Харин УИХ-ын дарга асан М.Энхболд “Н.Энхбаяртай холбоотой асуудлаар өнөөдрийн байдлаар би хуулийн байгууллагад хандаагүй байгаа” хэмээлээ.

ЭЦА-наас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрчийн мэдүүлэг өгнө үү хэмээн дуудсаныг тэрбээр ”М.Энхболдын гомдлоор дуудагдлаа” хэмээн гуйвуулжээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих