Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн галерейгээс хураасан зургуудыг “Их тэнгэр”-ээс алдагдсан зургууд мөн эсэхийг шалгаж байна

175

Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 19-ний орой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Харин энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Миний өрөөнд нэгжлэг болоогүй” хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд бус түүний эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид хийсэн мэдээлээд байгаа юм. Гэвч энэ асуудалд прокурорын байгууллага албан ёсоор мэдээлэл өгөх ёстой хэмээн ЭЦА-аас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаад байна.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал галерейд нэгжлэг явуулжээ. ЭЦА-ынхныг нэгжлэг хийхээр очиход тус газарт 700 гаруй уран зураг байсан бөгөөд ”Их тэнгэр”-ээс алдагдсан, ижил төстэй байж болзошгүй арав гаруй зургийг ЭЦА-наас хураан авсан байна.

Ингэхдээ уг зургуудыг шууд ”Их тэнгэр”-ээс алдагдсан хэмээн хэлж болохгүй. Тус ижил төстэй, алдагдсан байж болзошгүй 10 гаруй зургийг Уран зургийн галерей, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагуудад өгч, шинжээчдээр яг жинхэнэ эх хувилбар нь мөн үү эсвэл хуурамч дуураймал зураг уу гэдгийг судлуулах аж. Хэрэв жинхэнэ эх хувилбар нь мөн байвал энэ зураг ямар замаар хэрхэн яаж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарт очсон зэрэг нарийн асуудлыг судлах юм байна.

Гэхдээ шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж, уран зургуудыг судлах ажиллагаа явагдаж байгаа тул наана нь хуулийн байгууллагаас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй байгаа аж.

 Сануулахад, Уран зургийн галерейн захирал асан А.Янжив гэх эмэгтэй “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага даа “Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” гэж ярьжээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих