УИХ-ын гишүүдийн сурталчилгаа эхэлж, хэсгийн ахлагч нарын ажил нэмэгдэв
УИХ-ын сонгууль болоход хэдхэн сар үлдлээ. Нууцгүй хэлэхэд ирэх сонгуульд нэр дэвших гэж байгаа нөхдүүд аль хэдийнэ далд сурталчилгаагаа эхлүүлээд, PR нь явагдаад байгаа гэхэд болно. Сонгуулийн хуулийн аль нэг цоорхойгоор нь л амжуулж яваа нь нууц биш. Гэвч ирэх сонгуульд нам гэхээсээ илүүтэй иргэд хувь хүнийг дэмжихийг нэн тэргүүндээ тавьж байгааг удаа дараагийн судалгаануудад харуулаад байгаа. Үүнийг нь ч анзаарсан зарим нь нам гэж орилох биш хувь хүн талаасаа энд тэнд нэрээ дуурсгаж явна. Ялангуяа улс төрийн том намууд гэж томьёологдоод байгаа Ардын нам, Ардчилсан намын гишүүд дотуур тамиртай байгаа нь ирэх сонгуулийн өнгийг харуулаад байгаа юм.
Тэд өнөөдөр намын хурал дээр ч, ярилцлага нийтлэлдээ ч манай нам гэж ярих нь илт багасаад байна. Харин би гэж хэн бэ, би юу хийсэн бэ, би цаашид юуг хийх вэ гэх зэргээр энд тэнд танилцуулаад эхэлчихсэн. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар сонгогдож УИХ-ын сэнтийд суусан гишүүд саяхнаас тойргоо эргэж тойроод эхэлсэн байгаа. Ном сэтгүүл сонин гаргаад хуучин тойргоороо хүртэл тарааж байгаа дүр зураг харагдсан. Тэдгээрийг нь гарчиглавал өнгөрсөн 3 жил хагасын хугацаанд УИХ-д байхдаа юу хийсэн бэ гэдгээ тайлагнажээ. Үүнд нь намын ажлаас илүү хувийнхаа хийсэн бүтээсэн зүйлээ давамгай бичсэн байсан нь бас нэгэн баримт.
Өнгөрсөн сонгуульд Ард түмний мөнгийг хэмнье гээд уриалаад байсан Лу.Гантөмөр тойрогтоо тараасан номондоо ‘’Эрхийн балайг эмчилье’ гэсэн уриаг дэвшүүлжээ. Ер нь бол урианы хувьд асуудалгүй сайн. Эрхийн балай гэдэг нь мэдээжийн хэрэг УИХ-ыг хэлж байгаа юм. Түүнийг эмчлэхийн төлөө мань эр ирэх сонгуульд ялалт байгуулах юм бол зүтгэнэ гэдгээ үүгээрээ илэрхийлээд байгаа бололтой. Энэ мэт гишүүд тус тусын тайлангуудаа ар араасаа гаргаад ард иргэддээ үнэгүй тарааж эхэлж байна. Тараах ажлыг өнөөх л хэдэн Хорооны хэсгийн хэдэн ахлагч нар нь хийнэ. Оны өмнөхөн үндсэн цалинтай болж цалингийн доод хэмжээгээр цалинжигдах болсон тэднийг ийм л ажилд даачилах гэж тогтмол цалин хөлстэй болгосон гэж хардах хүн цөөнгүй байсан нь байндаа онож байх шиг. Урьд нь хэсгийн ахлагч нар гэж хэдэн айл өрхөө бүртгээд хорооны үйл ажиллагааг хүргэдэг үүрэгтэй, мөн дээр нь улиралд ганц удаа цалин гэх зүйлийг авдаг байсан. Гэтэл гэнэт сар бүр тогтмол цалинтай болж, хийх ажил нь ч сонгуультай уялдаж эхэлсэн юм.
Өнөөдөр тэдгээр ном товхимол, сонин сэтгүүлийг хэн тараах вэ. Мэдээжийн хэрэг хэдэн хэсгийн ахлагч нар л энэ ажлыг хийх нь эхнээсээ л ойлгомжтой байсан. Нэг ёсондоо улстөрийн тархинд байгаа хоёр намын хамтын тохиролцоо нь энэ. Хохирогч нь хэсгийн ахлагч нар, хожигч нь нэр дэвшигч. Хаалга тогшино өөдөөс сонин өгнө, нохой хуцна нэр дэвшигчийн зурагтай хуанли өгнө, хонх дарна ном сэтгүүл үнэгүй өгнө. Аз болж гарын бэлэг, мөнгө тараахыг хуулиараа хориглосон гэж байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ үнэхээр үнэнч дэмжигч нартаа бол нууцаар ч болтугай өгөх л байх. Тэд нар нь үнэнч юм хойно яалаа гэж нууцийг задлах билээ. Чандлан хадгална гэдэгчлэн тас гүрийх биз.
Жилийн жилд сонгууль ийм л байдаг хойно доо хувь заяатайгаа эвлэрнэ гэдэгчлэн хэд гурван төгрөг өгвөл дуугүй аваад сууж л байхаас гэсэн бодолтой хүмүүс цаана чинь Монголоор дүүрэн байна. Уг нь бол сонголт нь өөрийнх нь гарт байгаа болохоор сонин сэтгүүл, бэлэг сэлт өгвөл авчихаад саналаа өгөхдөө дэмждэг хүндээ өгчихөж болно шүү дээ.
URL: