МАН-ын шинээр томилогдсон сайдуудын хэн нь хэн бэ?

-МАН -ынхан сайдаар сургах өндөр төлбөртэй зургаан сарын дамжаандаа элсэлтээ авч дууслаа-  2008 оны сонгуулийн үр дүн гарсны дараа тэр үеийн МАХН, АН-тай засгаа хамтран барихыг санал болгосноор хамтарсан Засгийн газар байгуулагдсан юм. Стандарт бус хэмээх тодотголтой Засгийн газар үйл ажиллагаагаа явуулсны хоёр жил гаруй хугацаа өнгөрсний дараа МАХН, МАН болж зүсээ хувиргаж, МАНАН-гийн Засгийн газар хэмээх сэтэр зүүсээр ирсэн. Харин МАНАН-гийн Засгийн газраас АН гарах тухай шийдвэр гаргаснаар сайдын суудалд горилогсдын марафон эхэлсэн юм. Үүгээр МАН, МАХН аль аль нь ард түмэнд амласан амлалт, үүрэг хариуцлагаас мултарчихсан гэсэн үг. Харин АН-ын засгаас гарах гэж буй гэсэн анхны мэдээлэлтэй зэрэгцэн сайд болохыг хүсэгчид хөлийнхөө тавхайг эргэтэл намын байраар эргэлдэж, удирдах зөвлөлөөсөө шүлсээ хаттал гуйсан сураг ч дуулдана билээ.

Гэсэн ч өнгөрсөн баасан гарагаас эхлэн өдөр, шөнийг ялгалгүй хуралдсан МАН-ын удирдах зөвлөл өчигдөр зургаан сайдынхаа нэрсийг тодрууллаа. Удирдах зөвлөлд оруулж ирсэн саналын дагуу гадна, дотроос 50:50-иар гэснээрээ хийлээ. Харин АН-аас хамтарсан засагт орж ажиллаж бай сан сайдуудтай эн зэрэгцэхүйц бодлого тодорхойлогч хүмүүсийг томилно гэсэн зарчмыг баримталж байсан ч зүүний хүчний холбоо буюу М.Энхболдын бүлэглэлийнхэн төлөвлөгдөөгүй тоглолт хийж удирдах зөвлөлийнхнийг цочирдуулжээ. Өөрөөр хэлбэл, М.Энхболд У.Хүрэлсүх нарын далд зохион байгуулалт маш сайн байсан аж. Хэн нэгнийгээ сайд болгохын тулд хэчнээн төгрөг хаясан нь ч учир битүүлэг байсаар сайдуудын нэр тодорсон нь энэ.

Хоёр удаа нууц санал хураасны эцэст ЗТБХБ-ын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа нар олонхийн саналыг авч Батлан хамгаалахын сайдад олон хүн нэр дэвшсэн ч, санал хураалтын шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нар санал авч зуузай холбосон хэдий ч Ж.Энхбаяр ялжээ. Харин гаднаас сонгогдож буй гуравт Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдаар Д.Цогтбаатар нар удирдах зөвлөлийнхөө олонхийн саналыг авлаа. Хэдийгээр эдгээр хүмүүс сайдын суудалд суухаар олонхийн саналыг авсан ч УИХ-ын гишүүнийхээ үүргийг ч олигтой биелүүлж чадахгүй зарим нөхөд МАН-ын Засгийн газарт орж байгаад харамсах хүн цөөнгүй байжээ.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох бие халаалтаа хийж эхэллээ
Тэргүүн шадар сайдын албыг хашихаар болсон МАН-ын ЕНБД У.Хүрэлсүхийн хувьд Н.Алтанхуягийн хэрээтэй ажил үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа ч үлдэж байгаа таван сард ашиг сонирхлын ташуурыг эргүүлэхгүй байх нь юу л бол. Өмнө нь Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Гэхдээ хүний дутуу хаяад явсан ажлыг тавхан cap хийнэ гэхээр намын удирдлага хүний хувьд зохисгүй шийдвэр байж болох ч намын дарга С.Батболдтойгоо өмнө нь ЕНБД-ын хувиар ажиллаж байсан бол Засгийн газрын төвшинд бодлого тодорхойлох боллоо. Гэхдээ тэрбээр ганцаар биш өөрийн гэсэн хүмүүсээ халааслаж, багаа бүрдүүлж Засгийн газарт орж байгаагаараа тэрбээр дараагийн Ерөнхий сайдын сэнтийд залрахаар шатаа ахиулж байгаа хэрэг.

Ц.Дашдорж сайд болохын тулд зүүний хүчнийхний далд дохиурыг сайн хөдөлгөжээ
Ц.Дашдоржийн хувьд зүүний хүчний холбоонд дөмөгхөн мөнгө хаяж ЗТБХБ-ын сайдаар томилогдсон гэнэ. Хүний эрхийн хорооны дарга Ж.Бямбадорж хүртэл удирдах зөвлөлийн хуралдаанд өглөөнөөс орой хүртэл сууж Ц.Дашдоржийг дэмжээрэй гэсэн сэм мессэж тарааж бүлэглэл үүссэн юм байх. Хөрөнгө мөнгө, фракцийн хүчээр энэхүү суудалд залрах гэж буй тэрбээр Х.Баттулга шиг зангарагтай байж, Төмөр зам, 100 мянган айлын орон сууц, шинэ бүтээн байгуулалт зэрэг томоохон бодлогыг хэрэгжүүлээд аваад явж чадах уу. Энэ асуултыг Монголын ард түмэн хамгийн түрүүнд асуух байх. Харин Монголдоо ганцхан байдаг тамхины монополь үйлдвэрийн эзэн хэн бэ гэвэл ард түмэн нэгэн зэрэг түүний нэрийг хэлэх нь дамжиггүй. Учир нь түүнийг хууль тогтоох байгууллагын хурлын танхимд харсан хүн тун цөөн. Тэрбээр хөдөлмөрийн хуулиар бол ажил таслалтаараа аль хэзээний хууль тогтоох байгууллагын хаалгыг гаднаас нь хаах хэмжээнд хүрсэн нөхөр. Үүнээс гадна тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэдгээ саяхан 100 хувь батлаад амжсан нэгэн. Архи, пиво, тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй байхыг хүсч гишүүдийн өрөөгөөр өгсөж уруудаж гүйсэн нэгэн. Ажил болохоор хойш сууж, албан тушаалын сургаар ил гарч архиар хөлжигчдийн үлгэр жишээ энэ эрхэмд ичих булчир-хай байдаггүй нь давуу тал нь бололтой.

С.Батболд С.Бямбацогтоос “Д.Хаянхярвааг дэмж” гэж гуйжээ
Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа С.Батболдын бодлогын хүн аж. Түүнийг Сангийн сайд болгохын тулд С.Батболд өчигдөр өглөө С.Бямбацогтыг өрөөндөө дуудаж “Д.Хаянхярвааг дэмж” гэж гуйсан гэнэ. Харин С.Бямбацогт дэмжиж чадахгүйгээр барахгүй өөрөө өрсөлдөнө гэдгээ ч хэлсэн юм байх. Гэсэн хэдий ч С.Батболдын далд дохиур сайн ажиллаж өөрийнхөө хүнийг ногоон гэрлээр гаргаж чадлаа. Д.Хаянхярваагийн хувьд нэгэн үйлсийн төлөө зүтгэж явахаар барахгүй өөрийнх нь удирдлаган доор ажиллаж байсан хэсэг нөхөд нь оны өмнөхөн “аавын хаалгыг” татаад байгаа билээ. Нөхдийгөө 2008 оноос хойш байцаагдаж байх үеэс нь эхлээд яаж шоронд орох хүртэл нь юу ч хийгээгүй зүгээр л явуулчихсан энэ хүн Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур яамыг хэрхэн толгойлж чадах бол. Дархан-Уул аймгийн Засаг дарга байхаасаа
Хонгор сумыг хоронд живснийг тас нуусаар парламентын халуун тогоонд буцалж яваа эрхэм.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр буюу “Чонын анчин Раш” Генерал Жадамбын хүү Ж.Энхбаяр Батлах хамгаалах яамыг толгойлох болсон нь мөн л С.Батболдод хамаарах хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг нэгэн. Ж.Энхбаярт ч С.Батболдыг цээжээрээ хамгаалж байсан түүх бий. УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр 40 гаруй тонн алтны луйврын тухай яригдахад С.Батболд буруугүй. Ашигт малтмалын хууль буруутай хэмээн өмгөөлж байсан юм. С.Батболд ачийг ачаар хариулдаг нэгэн гэдгээ үүгээр харууллаа. Ж.Энхбаярын тухайд нам дотроо задуу хөгшний ялгааг зааглаж эрх мэдлийг бидэнд өг хэмээн хошуучилж, хэл ам таталдгаараа алдартай. Тэр ч утгаараа өнөөдөр санасандаа хүрч зэвсэгт хүчний салбарыг толгойлохоор боллоо.

Амбиц, ашиг сонирхлоо хойш нь тавьж ажлын төлөө зүтгэвэл түүнд чадахгүй гэх зүйл байхгүй биз ээ. Сайд аавын шийрийг хэр хатаахыг харж л байя. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Говь-Алтай аймагт сайдад нэр дэвшигч Ц.Дашдорж гишүүний хамт очиж, 200 гаруй хээрийн боохойг хоморголон устгаж, аймгийн төв талбайд эгнүүлэн “жагсааж”, олны дургүйг хүргэж, “Чонын анчин Раш” хоч хүртээд буй.

Д.Цогтбаатарыг С.Батболдтой сайтар нутгархдаг найзуудын нэг

БОАЖ-ын сайдаар томилогдож байгаа Д.Цогтбаатар С.Батболдын сайн найзуудын нэг бөгөөд эдгээр эрхмүүд Дундговиор нутгархдаг юм. Учир нь С.Батболдын ээж Дундговийнх бөгөөд шинэхэн сайд ч энэ нутгийн унаган хүү юм. Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан нь санамсаргуй хэрэг биш бололтой. МАН ирэх сонгуулиар залуусаа дэмжиж буйгийн илрэл. Тэр ч утгаараа хийгүй, хээгүй энэ эрхмийг С.Батболд гараасаа хөтөлж, өөрийнхөө толгойлох Засгийн газартаа оруулж ирж байгаа нь “алтан” зөвлөхөө хажуудаа авч байгаа ч гэж хэлж болохоор байгаа юм. Түүний хувьд сайн дипломатчийн нэг хэмээн гадаад харилцааны салбарынхан үнэлдэг юм билээ.

Н.Хүрэлбаатар С.Ламбаагийн дуусгаагүй орхисон ажлыг гүйцээнэ
ЭМ-ийн сайд С.Ламбаагийн залгамж халааг Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нь үргэлжлүүлэхээр боллоо. Дэд сайд Ж.Цолмонгийн нэр дурьдагдаж байсан ч Н.Хүрэлбаатар томилогдсон нь фракци нь хүчтэй байгаагийн илрэл. Тэрбээр Эрүүл мэндийн салбарт 1984 оноос эхлэн хөл тавьсан нэгэн. Хамтарсан Засгийн газар үүрэг гүйцэтгэх ихэнх хугацааңд бодлого тодорхойлж байсан сайдтайгаа хамтарч ажиллаж байсан хүний хувьд цаашид юу хийхээ хэнээр ч заалгахгүй нь мэдээж. Ямартай ч салбараа мэддэгээр зогсохгүй хамтран ажиллахбагнь бэлэн байгаа тул түүнд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гарахгүй биз.


URL:

Сэтгэгдэл бичих