Хонхорынхноор тогтохгүй, хотынхонд заналхийлсан аккумляторын шингэний аюул

7868776244958257269_800_x_423

-“Хос даль” хар тугалганы үйлдвэрийнхэн хулгайгаар ажиллаж, хууль сахиулагчдыг үл ойшоож байна-

Автомашины зай хураагуур буюу иргэдийн нэрлэж заншсанаар аккумляторыг нь манайхан хэн нэгний машинаас хулгайлж, хоёрдогч түүхий эдийн ченжүүдэд 10 000 төгрөгөөр зардаг. Ингэхдээ хаа хамаагүй газар, хага цохин шингэнийг нь асгаад, хар тугалгыг нь авдаг тухай бид сурвалжилж байсан билээ. Хар тугалгыг нь аваад түүнээс гарч байгаа химийн хортой, нэн аюултай хүхрийн хүчил буюу шингэнийг хэрхэн устгаж буйг сурвалжилж, хөрсөнд асгадгийг нь ч мэдээлсэн. Харамсалтай нь, өнөөдөр экологид төдийгүй хүн амд аюул нүүрлэхэд ойрхон байна.

Тэр дундаа Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхорынхонд химийн хорт бодистой усаар ундаалж, хүн, малгүй хордох аюул нүүрлээд байхад хэн ч, юу ч дуугарахгүй байгаа нь хачирхалтай. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь сонгогчдоо үл ойшоож, эрх мэдэл албан тушаалын төлөө попорч байгааг иргэд орой бүр зурагтаар харж л байгаа шүү дээ.

Хаягдал аккумляторын үйлдвэрүүд Налайхын баруун, Хонхорын урд, Холбоо гурван нуурын урд дэнж дээр үйл ажиллагаа явуулж, тэр орчмын усны ай сав дотор байгаа нь цаашдаа Улаанбаатарт том эрсдэл дагуулах магадлалтай гэж Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар өгүүлж байсан. Газар зүй, геоэкологийн чиглэлийн нарийн мэргэжлийн хүмүүстэй уулзахад “Улаанбаатар хотын ундны цэвэр ус, Туул гол химийн хорт бодисоор бохирдоход тун ойрхон байгаа. Туул голын тэжээлийн нэг судал болох Хөлийн гол, Холбоо гурван нуурын орчимд хаягдал аккумлятор боловсруулах хэд хэдэн үйлдвэр байдаг. Тэднээс гарч буй хүхрийн хүчлийг хөрсөнд асгаж байгаа нь тодорхой болсон. Богд уулын мөнх цэвдгийн торгон үзүүр нь Холбоо гурван нуур. Цэвдэг хөлдөх, хайлах үйл явцын улмаас газрын доорх усанд шингэх аюултай” гэсэн юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Өнөөдөр” сонин “Зай хураагуурын устгал буюу экологид заналхийлсэн аюул” цуврал нийтлэл бичиж, түүний мөрөөр НМХГ-аас Хонхорт үйл ажиллагаа явуулж буй хаягдал аккумлятор боловсруулж, хар тугалгыг нь авдаг үйлдвэрүүдэд шалгалт хийсэн билээ. Шалгалтаар тэнд үйл ажиллагаа явуулж байсан “Хос даль” гэх компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй нь тогтоогдсон. НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Энхбат тухайн үед “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус аж ахуйн нэгжид торгууль ногдуулж, зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоолоо. Тус компани нь улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр ажиллана гэж бүртгүүлсэн. Уг нь төсөл хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой. Тухайн компанийнхан гэрээт аж ахуйн нэгж рүү хаягдал шингэнээ нийлүүлдэг гэсэн” хэмээсэн юм.

НҮХ УХАЖ ХҮХРИЙН ХҮЧЛЭЭ АСГАЖ БАЙСАН НЬ ТОГТООГДОВ

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорт хаягдал аккумлятор боловсруулах “Хос даль”, “Заламт гол”, “Болор аграмба” гэх үйлдвэр ажиллаж байсан бөгөөд нийтдээ 100-гаас дээш тн хаягдал зай хураагуур боловсруулж, хар тугалгыг нь ялган авдаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Дээрх компаниуд хэр их хэмжээний хүхрийн хүчил гаргаж байна вэ гэдгийг дундажлан бодож үзэхэд 400 гаруй тн болдог. Энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” гэх зэрэг хүхрийн хүчил хэрэглэгчийн жилийн эрэлтээс давсан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс өнгөрсөн жил сурвалжилга хийж байхад хэлсэн. Харин Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Бидэнд ирсэн мэдээллээр жилд гарч буй 400 гаруй тн хүхрийн хүчлийг газрын гүн рүү цооног ухаж, хийж байгаа сурагтай. “Шприцдэнэ” л гэж нэрлэдэг юм л даа. Тийм байх магадлал өндөр. Намайг үйлдвэр рүү орж үзэхэд хэд хэдэн цооног байсан. Түүгээрээ л “шприцддэг” болов уу” гэж байсан юм.

Үнэхээр ийм байдлаар хөрсөнд шингээж байсныг хууль сахиулах байгууллагынхан тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн хашаанд нүх ухаж, дотрыг нь цементэлсэн бөгөөд түүндээ хаягдал хүхрийн хүчлээ хийж байсан аж. Гэвч тухайн нүх нь стандартын шаардлага хангахгүй, химийн хортой бодис хөрсөнд нэвчиж байсан юм байна. Өдгөө тэндээс нь дээж авч, хөрсөнд ямар хэмжээний бохирдол хэчнээн ам метр талбайг хамарч, газрын гүнд шингэснийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилж буй гэнэ.

Үүнтэй нь холбогдуулан өдгөө “Хос даль” компанийн удирдах албан тушаалтныг МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм билээ. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Хос даль” гэх компанийн эрх бүхий албан тушаалтнуудад Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст хэрэг нээн шалгаж байгаад харьяаллын дагуу манайд шилжүүлсэн. Мөрдөн байцаалт явуулж буй учраас одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн шалгаж байна” гэсэн юм.

Харин НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат- Өлзий “Бид эхний удаа очиж шалгаад, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн. Үүнээс хойш ажилласан хэвээр байна гэсэн мэдээллийн дагуу шалгаад дахин битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоосон. Өдгөө энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн юм.

Хонхорын суурьшлын бүсэд дур мэдэн зай хураагуур хагалж, шингэнийг нь хөрсөнд асган, хар тугалгыг нь хайлуулсан гэх “Хос даль” компанийнхны талаар сурвалжлахаар бид газар дээр нь очлоо. Бас л хэл ам дагуулж байдаг “Заламт гол”-ын үйлдвэрээс нэг км ч хүрэхгүй зайд байрладаг тэдний байранд хэн ч байсангүй. Хаалгыг нь удаан цохисны эцэст харуул нь гэх 70 шахаж буй хүн гарч ирэв. Тэрбээр “Би ямар компани гэдгийг нь мэдэхгүй. Сахиулаар энэ сарын 1-нээс ажиллаж байна. Хагас сарынхаа цалинг авъя гэж хэлж үзсэн ч “Үйлдвэрлэл явуулахгүй байгаа учраас одоохондоо мөнгө төгрөг муутай, бас тоног төхөөрөмжөө хот руу ачуулж байгаа болохоор зардал их гарч байна. Энд үйлдвэрлэл явуулахаа больсон” гэж хэлээд түр хойшлуулсан. Ойрд энэ үйлдвэр ажиллаагүй болохоор ямар зарчмаар үйл ажиллагаа явуулдгийг нь мэдэхгүй” гэсэн юм. Харин ойр хавийн оршин суугчид “Хууль сахиулах байгууллагынхны лацыг тасдаад удаа дараа үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн зун үйл ажиллагаагаа зогсоохыг сануулж, манай хорооны удирдлага шаардлага хүргүүлж ч байв.

Энд хүүхдүүдийг өдрийн 35 000 төгрөгийн хөлсөөр ажиллуулж, зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийн уусмалыг хөрс рүү асгаж байсныг бид холбогдох байгууллагаас ирсэн шалгалтынхантай хамт үзсэн. Түүнийг нь цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан гэрэл зургаар баримтжуулаад явсан. Өдгөө МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа л гэх юм. хэрхэн шийдвэрлэж, холбогдох байгууллагын дүгнэлт нь яаж гарсныг бид мэдээгүй л сууна. “Заламт гол”-ынхныг шалгаад байгаль орчинд хохирол учруулаагүй гэж дүгнэлт гаргасан байна лээ. Тэр дүгнэлт худлаа л даа. Түүнд нь үндэслээд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэсэн. Энэ удаа бас ингэж удаан шалгаад хэрэгсэхгүй болгоход гайхах зүйлгүй. Уг нь иргэд бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлмээр байх юм. Бидний амьдарч буй орчин эрүүл үү, хордсон уу гэдгийг холбогдох байгууллагын дүгнэлтээр тодорхой болох ёстой биз дээ” хэмээсэн юм.

“ХОС ДАЛЬ”-ИЙН УДИРДЛАГА ХУУЛЬ ЗӨРЧИН АЖИЛЛАЖ БУЙГ МЭДЭЭГҮЙ ГЭЖЭЭ

Хаягдал аккумлятор задалж, хар тугалгыг нь аван боловсруулж, өмнөд хөрш рүү гардаг “Хос даль” компанийнхан хууль сахиулах байгууллагынхны тавьсан лацыг тасдан үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй. Эх сурвалжуудын мэдээлснээр тэд лац тасдан үйл ажиллагаа явуулж аккумлятор боловсруулан 30 тн хар тугалга гаргаж, өмнөд хөрш рүү ачуулж багагүй мөнгөтэй болсон нь тогтоогдсон аж.

Харин компанийн захирал нь цагдаагийн мөрдөгчид тайлбар өгөхдөө “Манай ажилчид тасалж ороод ажиллуулсан байна лээ. Би мэдээгүй” хэмээсэн гэнэ. Зохих байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж, химийн хорт бодис хөрсөнд шингээж байсан талаараа “Энэ их шингэнийг хаана хадгалах вэ дээ. Нүх ухаад доторлоод л хадгалсан. Ердөө туршилтын журмаар л нэг хоёр удаа тогоогоо ажиллуулсан шүү дээ. Өөрөөр ямар ч үйлдвэрлэл явуулаагүй” гэсэн байна.

Бидэнд олдсон мэдээллээр тус үйлдвэрийн орчмоос дээж авч шинжилж буй мэргэжлийн байгууллагын шинжээчдийн дүгнэлт эхнээсээ гарч байгаа аж. Тэдний дүгнэснээр нэлээд таагүй дүн үзүүлж буй сурагтай. Хөрсөнд хүхрийн хүчил шингэж, их хэмжээний талбай хамарсан бөгөөд цаашид энэ янзаараа байвал Хөлийн голоор дамжин байгаль орчин, хүн, малд хохирол учруулж болзошгүй гэж зарим шинжээч дүгнэсэн гэх мэдээлэл байгаа юм.

Юутай ч холбогдох байгууллагын шинжилгээний дүгнэлт хэрхэн гарсныг бид эргэн мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Хонхорынхноор тогтохгүй, хотынхонд заналхийлсан аккумляторын шингэний аюул undefined


URL:

Сэтгэгдэл бичих