Ц.Элбэгдоржийн сануулга ба хүчин төгөлдөр Үндсэн хууль

Үндсэн хуулийн 20 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзав. Ингэхдээ шинээр томилогдох сайдуудад УИХ-ын гишүүн бус хүмүүсийг томилох хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Тэр тусмаа ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойн өдөр эл асуудлыг хөндөж байгаа нь нэн учиртай гэдгийг ч эрхэм Ерөнхийлөгч учирласан байна.   “УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцдог механизм алдагдсан гэж шүүмжлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг хүн хоёр өөр газар ажилладаг, гүйцэтгэх эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг, хууль тогтоох эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг ийм байдал парламентын засаглалын үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм.

Нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж манай Үндсэн хуульд байхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна. Хэрвээ Ерөнхий сайд АН-ын сайдуудын орон гарсан зургаан суудалд УИХ-ын гишүүн бус хүнийг томилуулбал дараа дараагийн төр, засагт жишиг болох учиртайг ч хэлсэн байна. Гэвч Үндсэн хуулийн 20 жилийн ойгоор далайлгасан Ерөнхийлөгчийн байр суурийг “улстөр хийж буй нь энэ” хэмээн хүлээн авагсад цөөнгүй байна.

Тэр тусмаа одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиар танхимын сайдууд бүгдээрээ УИХ-ын гишүүн байж болох заалттай нөхцөлд Ерөнхийлөгчийн хэлсэн үг тийм ч амар биелэхгүй нь тодорхой билээ. Тэгээд ч хамтарч байхад нь хэлээгүй зарчмаа дангаар засаглахын босгон дээр “тулгасан” нь тэр бүр зүйд нийцсэнгүй бололтой. Ардын болон Ардчилсан намууд хамтарч байгуулсан хамтарсан Засгийн газрын 15 сайдын ердөө гурав нь буюу Т.Бадамжунай, Т.Ганди, Ё.Отгонбаяр нар УИХ-ын гишүүн бус юм. Бусад Ардын намын зургаа, АН-ын мөн зургаан сайд хууль тогтоох хийгээд гүйцэтгэх эрх мэдлийг давхар хэрэгжүүлж иржээ.

Ингэж нэгэн биед хоёр эрх мэдлийг давхар “тээлгэх” нь Үндсэн хуулийн алтан зарчим болсон засаглал хуваах, харилцан хяналт тавих асуудлыг шууд үгүйсгэсээр ирсэн нь үнэн бөгөөд энэ тухай зөвхөн Ерөнхийлөгч өнөөдөр ярьж байгаа ч юм биш. Анх 2000 онд Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулснаас хойш бараг л амтай болгон ярьсаар ирсэн. Тэр бүхэнд Үндсэн хуулиа өөрчлөх, тэр дунд Засгийн газрын гишүүдийн цөөнх буюу гуравны нэг орчим нь л УИХ-ын гишүүн байж болох тухай заалт оруулахыг ерөнхийдөө дэмжиж ирсэн байдаг. Гэвч өнөө хэр дээрх өөрчлөлтийг хийсэнгүй.

Уг нь Монгол Ардын Нам, Ардчилсан нам хамтарч байхдаа бодлого болгон хэрэгжүүлэх зарчмын томоохон асуудал энэ байв. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх хэд хэдэн төслийг УИХ-ын гишүүд боловсруулж, заримыг нь хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн бариад байв. Эдгээрт 2000 онд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан дордохын долоон өөрчлөлтийн нэг болох уг хуулийн хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг өөрчлөх зарчмын саналууд орсон байдаг. Өнгөрсөн оны сүүлээр буюу арванхоёрдугаар сард УИХ-аар асуудал яг ордгийн даваан дээр сонгуулийн хуультай зууралдсаар “мартаж” орхисон юм.

Тиймээс Үндсэн хуулийн хүчин төгөлдөр заалтыг баримталж л С.Батболд дан ганц Ардын намын гишүүдээс бүрдсэн танхимын сайдуудаа бүрдүүлэх нь тодорхой. Нөгөө талаар Үндсэн хуулийн уугуул зарчмыг сэргээж, “дордохын долоо”-н өөрчлөлтийг засч залруулахын тулд зайлшгүй намуудын зөвшилцөл хэрэгтэйг сануулах нь зүйтэй. Түүнээс бус нэг нам дангаар танхимаа бүрдүүлэхдээ Үндсэн хуулийнхаа уугуул зарчмыг дагана гэх бололцоогүй юм. Учир нь Үндсэн хуулийн энэ мэт асуудал нь анхнаасаа улстөрийн агуулгатай, мөн л намуудын зөвшилцлөөр шийдэгдсэн билээ.

1996-2000 онд АН засаг барьж ахуйд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдад АН-аас нэр дэвшигч Да.Ганболдын нэрийг долоон удаа буцаасны улмаас Үндсэн хуульд өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх ямар нэгэн дархлаа бий болгох хэрэгтэй гэдэгт тухайн үеийн голлох намуудын удирдлага санал нэгдсэн байдаг. Тиймээс тухайн үеийн Ерөнхий сайд, МҮАН-ын дарга Р.Амаржаргал, УИХ-ын дарга, МСДН-ын дарга Р.Гончигдорж, сөрөг хүчний удирдагч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг дээрх өөрчлөлтийн эх баригчид гэдэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анх АХ эвслийн үед буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-аар батлагдаж байв. Дараа нь Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон ч УИХ хүлээж аваагүй юм.

Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт наанадаж намуудын зөвшилцлөөр, цаанадаж ард түмний санал асуулгаар шийдвэрлэгдэх ёстой гэдэг нэгэнт тодорхой асуудал билээ. Чухам өнгөрсөн гурван жилд ажилласан хамтарсан Засгийн газрын үед л эл асуудлыг шийдвэрлэх улстөрийн боломжит үе байсан. Нэгэнт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлгүй хамтарсан Засгийн газар тарсан учраас дараагийн парламент хүртэл хүлээх л үлдлээ. Ер нь Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох зарчмыг аль ч намынхан нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ удаагийн Ардын намын Засгийн газар, УИХ-ын ээлжит сонгуулийн дараа байгуулагдах танхим ч Үндсэн хуулийн хүчин төгөлдөр заалтыг л дагах нь тодорхой юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж Үндсэн хуулийн уг зарчим биш. Гэхдээ 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг бид өнөөдөр даган мөрдөж байгааг дахин санах ёстой билээ.

Т.БУД


URL:

Сэтгэгдэл бичих