Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”
Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн.
Мөн төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг юм.
Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42046 газар хөдлөлт болсон байна. Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ.
Идэвхжилт их ажиглагдсан бүсүүдэд Монгол Алтай нурууны өмнөд төгсгөл хэсэг болох Дарви, Хан Тайшир, Хар Азарга болон Гичгэний нурууны бүс нутгууд, Чуй, Могод, Бүсийн гол, Тахийн шар, Үүрэг нуур болон Цагаан шувуут, Мөнххайрхан, Булнай, Могод, Дэрэнгийн голомтын бүсүүд багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: