“Хууль буруу тайлбарлаж хойч үедээ буруу жишиг үлдээж болохгүй”

100

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-нд нээгээд байна. Энэ удаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хурапдаад найман асуудал хэлэлцэхээр дараалалд баталсан. Үүнд, Татварын багц хууль болон Тендерийн тухай, Ашигт малтмапын тухай хуулийг хэлэлцэхээр оруулж ирснээр эхний хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хууль хүчний зарим байгууллагын даргыг солих, зөвшилцөх саналыг оруулж ирсэн. Үүний дагуу түүний саналыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад байгаа юм. Ингэснээр ЗХЖШ-ын даргыг томилох болон Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, АТГ-ын дарга, дэд даргыг солих саналыг хэлэлцэх тов гараад байгаа билээ.. Ямартай ч Ерөнхийлөгчийн саналын дагуу АТГ-ын одоогийн удирдлагуудыг солих эсэх асуудлыг УИХ хоёр дахиа хэлэлцэх гэж буй нь энэ. Учир нь, төрийн тэргүүний зүгээс өнгөрсөн оны тавдугаар сард дээрх санапыг оруулж ирсний дагуу Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн байдаг.

Тухайн үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “АТГ-ын одоогийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас дараагийн хүний асуудлыг ярих шаардлагагүй” гэж үзсэн.
Хэдийгээр УИХ ийнхүү шийдвэрээ гаргасан ч Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай албаны удирдлагаар хүссэн хүнээ сонгуулахын тулд ийнхүү дахин оруулж ирээд байна. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан шийдвэрийн талаар тухайн үед УИХ-ын гишүүн Д.Мөнхбаатар “АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх тухай санал нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж харж байна. Хууль зүйн үндэслэлээр нь хоёр зүйл хэлье. Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дуусгавар болох хоёр хэлбэр байдаг. Нэг нь огцруулах, нөгөө нь чөлөөлөх. Огцруулах гэдэгт нь гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол бол хэрэгжих боломжтой. Чөлөөлөх гурван үндэслэл бий.
Нэгдүгээрт, өөрөө хүсэлт гаргасан, хоёрдугаарт биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй болсон, гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд хэрэгжинэ. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар одоогоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй, нөгөөтэйгүүр эрүүл мэндийн хувьд энэ албыг хаших боломжтой гэж ойлгож байгаа. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох болоогүй байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх чиглэлээр оруулж ирсэн саналыг хэлэлцвэл Байнгын хороо, УИХ хууль зөрчинө. Ямар нэг эргэлзээ байхгүйгээр АТГ-ын дарга, дэд даргыг УИХ томилсон. Тогтоолоос үзэхэд Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсгийг үндэслэн зургаан жилийн хугацаагаар томилсон байна. Ерөнхийлөгч болон бусад хүмүүсийн тайлбарлаж байгаачлан тус хуулийн 21.5 дахь хэсгийг үндэслэж нөхөн томилох тогтоол УИХ гаргаагүй. Иймд одоогоор УИХ-аас АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх хууль зүйн үндэслэл, боломжгүй. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцээд дэмжсэн, дэмжээгүй ямар нэг шийдвэр гаргавал Байнгын хороо, УИХ Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим зөрчсөн асуудал үүснэ” хэмээн маш тодорхой тайлбарлаж байв.
Харин уг асуудлыг Байнгын хороо авч хэлэлцэх шаардлагагүй гэх горимын саналыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гаргаж байсан бөгөөд тухайн үед тэрбээр “Энэ асуудлаар горимын санал гаргаж байна. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хууль зүйн хувьд авч хэлэлцэх үндэслэлгүй учир хэлэлцэхгүй байхаар горимын санал хурааж өгнө үү. Та бид мэдэж байгаа.
Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсэгт “АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно”.
Мөн уг хуулийн 21.5 дахь хэсэгт “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж маш тодорхой заачихсан заалтыг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн санал хүргүүлэх тухай албан бичигт зориуд өөрөөр мушгиж тайлбарласан байна. Тиймээс хууль зүйн хувьд авч хэлэлцэх боломжгүй гэж үзлээ. Иймээс энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэдэг горимын саналаар санал хураалгая” хэмээснийг хуралдаанд оролцсон гиүшүүдийн олонх дэмжиж байсан юм. Энэ үйл явдлаас хойш ямар нэгэн шинэ нөхцөл байдал үүсээгүй, гэсэн ч Ерөнхийлөгч өөрийн саналаа дахин зүтгүүлсэн нь хувийн ашиг сонирхол гэж харахаас аргагүй. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэг саналаа даХин оруулж ирсэн тухайд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авбал хууль зөрчинө
-Авлигын эсрэг хуулийн 21.1-д АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан. 21.5-д АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэсэн. Тэгэхээр АТГ-ын даргыг томилсноос хойш дахиад зургаан жилийн хугацаанд ажиллах заалттай юм. Үүнийг л буруу тайлбарлаад урд ажиллаж байсан хүний зургаан жил дотор ажиллах юм шиг буруу томилгоо хийх гээд байна. Яагаад энэ хүн зургаан жил ажиллах вэ гэвэл уг хугацаанд урд хойд хийж байсан олон ажил, өнөөдөр хийж буй ажлуудыг харж, хуулийн хүрээнд энэ нийгмийг эрүүлжүүлэх, авлигагүй болох бүх, зүйлийг цогцоор нь харах боломжийг олгохын тулд юм. Энэ логикийн дагуу АТГ-ын дарга хэзээ ч томилогдсон бай тэр хүн зургаан жилийн хугацаанд энэ үйл ажиллагаагаа явуулна. Хэрвээ өөрөө өргөдлөө өгөөгүи, хуулиин дагуу халагдах нөхцөл нь үүсээгүй бол зургаан жилийн хугацаанд урт хугацааны бодлогоо хэрэгжүүлэх боломжийг тэр хүнд хуулиар олгож байгаа юм. Тэгэхээр энэ хууль зөрчигдөнө. Бид хуулийг буруу тайлбарласнаар хойч үедээ буруу жишиг үлдээгээд байна шүү дээ. Хэн илүү олон нийтэд гарч, эмоцоороо дуугарсан хүмүүсийн зөв болжхувирдаг тогтолцоо руу орж байна. Гэтэл цаана нь бүхэл бүтэн хууль бий. Энэ хуулийн дээгүүр гишгэлээд явах боломжийг хойч үедээ бид үлдээж байна.
С.Бямбацогт: Бид хуульд захирагдаж ажиллах ёстой
-АТГ-ын одоогийн удирдла- гуудыг солих саналыг Ерөнхийлөгч энэ удаад ямар хууль үндэслэж оруулж ирснийг эхлээд харна. Ямар ч байсан бид хуульд захирагдаж ажиллах ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсний дагуу УИХ-ын Тамгын газраас хуулийн үндэслэл байгаа эсэхэд бидэнд лавлагаа гаргаж өгөх байх. Үүний дараагаар байр сууриа илэрхийлье. Одоогийн дарга, дэд дарга нарыг УИХ-аас 2016 онд томилсон.
О.Баасанхүү: Ерөнхийлөгч хуулийн зөрчилтэй санал гаргасан гэж үзээд Цэцэд гомдол очсон
-Ерөнхийлөгч хууль хүчний зарим байгууллагын даргын асуудлыг оруулж ирсэн. Үүнээс АТГ-ын даргын асуудлыг оруулж ирсэн нь хуулийн зөрчилтэй гэж үзээд нэгэн иргэний зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргачихаад байгаа юм билээ. Энэ асуудалд хэрэг үүсгэсэн байгаа бол УИХ-аар энэ асуудлыг давхцуулан хэлэлцэх боломжгүй. Тийм учраас үүнийг түр хойшлуулах болов уу гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд шийдлээ гэж бодоход Үндсэн хуулийн Цэц үүнээс өөр шийдвэр гаргаж болно. Тэгэхээр УИХ-аас гаргасан тогтоол хүчин төгөлдөр бус болж төрийн залгамж чанар алдагдах нөхцөл үүснэ.
Л.Элдэв-Очир: Хууль хүчний байгууллагаар тоглоно гэдэг байж боломгүй асуудал
-Хууль зүйн байнгын хороогоор өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд “Хэлэлцэх шаардлагагүй” гэдэг шийдвэр гаргасан шүү дээ. Өөрөөр хэлбэл, одоогийн дарга нарын бүрэн эрх дуусаагүй учраас дараагийн хүний асуудлыг ярих шаардлагагүй гэж үзсэн юм. Гэхдээ үүнийг эхлээд УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэж байж оруулж ирэх эсэхээ шийдэх байх. Шаардлагатай гэвэл оруулж ирээд хэлэлцээд явах болов уу.Ямартай ч хугацаатай томилдог албан тушаалтнуудыг ингэж оруулж ирээд байгаа нь зарчмын хувьд маш буруу. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад дараагийн хүнийг томилох санал оруулж ирээд байвал цаашдаа буруу жишиг тогтоно. Хэн дуртай нь л аль нэг албан тушаалтныг солих санал оруулж ирээд байдаг болох нь байна шүү дээ. Ялангуяа хууль хүчний байгууллагаар хэн дуртай нь тоглоно гэдэг байж боломжгүй асуудал. АТГ-ын одоогийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих